И.Мөнхжаргал: АН түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатнаасаа асууна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

АН олон удаагийн сонгуулийн ялагдлын дараа намаа шинэчлэх томоохон ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд улс орон даяар 330 сум, есөн дүүрэг, 204 хороодынхоо салбаруудад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мөн 2024 оны УИХ-ын нэр дэвшигчдийг анхан шатны гишүүдээс асуух санал асуулгыг эхлүүлжээ. Энэ нь Монголын улс төрийн намд гарч байгаа шинэлэг үзэгдэл аж. Санал асуулгын хуудас тарааснаас хойш намын төв аппаратад намын гишүүдээс гадна дэмжигчид хандах нь нэмэгдэж байгаа гэв. АН-ын генсек гэх энэ албан тушаалд томилогдоод хоёр сар болж байгаа ч тэрээр энэ жилийн дөрөвдүгээр сарын 30-нд 21 аймаг 330 сумын намын дарга нараа Улаанбаатарт цуглуулан түүхэн уулзалт хийсэн нь анхан шат руугаа хандсан ажилд АН анхаарлаа хандуулж буйг илтгэнэ. Нэг нам олонх болсон өнөө цагт хүчтэй сөрөг хүчин байх ёстой АН унах сэхэхийн ирмэгт байгаа гэж олон нийт хардаг. Гэтэл намын тогоонд ирж ярилцлага өрнүүлж суухад АН ажил ихтэй, анхан дунд шатандаа нэгдмэл байгаа нь мэдрэгдэв. Ингээд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай ярилцсанаа хүргэе.


-АН өнөөдөр юу хийж байна?

-УИХ-аас  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал эрчимтэй яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээллээр хангах, тэдний санаа бодлыг сонсох ажлуудыг дэс дараатайгаар хийж байна. Мөн 200 мянга гаруй гишүүнтэй АН-ын Үндэсний бодлогын хороо бодлого боловсруулаад хэрэгжүүлэх ажлууд давхар хийгдэж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт бүрт бид нухацтай хандана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төрийн сүлдийг өөрчлөх асуудалд хүн бүхний анхаарлыг хандуулж байгаад араар нь ямар өөрчлөлт хийх бол гэдэгт манай нам болгоомжтой хандаж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүдээсээ санал асууна гэлээ. Ямар ажлууд хийгдэж байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байгааг мэдэх зорилгоор 21 аймаг 330 сумын нийт гишүүддээ санал асуулгын хуудас явуулсан. Долоо хоногийн хугацаанд хариуг авна. Энэ хооронд намын эрх бүхий байгууллага, Үндэсний бодлогын хорооны гишүүд, системийн судлаачид зэрэг эрдэмтдийн саналыг сонсох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

-Жишээлбэл...

-Саяхан “Иргэн” Д.Ламжавтай уулзалт зохион байгуулсан. Энэ мэтчилэн долоо хоног бүр хэлэлцүүлэг хийнэ. Үндсэн хууль нь Монголын гурван сая гаруй иргэний амьдралын үндсэн бичиг баримт. Энэ хуулиар л бид яаж амьдрах зарчмаа тогтооно. Тийм учраас нийгмийн нэг хэсэг болсон АН энэ асуудлыг хэлэлцэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэх нь бидний эрх бөгөөд үүрэг.

-Хэлэлцүүлэг хэр хугацаа, ямар хүрээнд явагдах вэ?

-Улс орон даяар намынхаа гишүүдийг бүрэн хамруулах чадавх нөөц бололцоо бидэнд байна. Сөрөг хүчний хувьд бидэнд хэлэлцүүлгийг хэрхэн ямар хугацаанд өрнүүлэх гэх мэт шийдвэр гаргах эрх байхгүй ч Ардчилсан намын гишүүдээсээ сис­темтэйгээр саналыг сонсож, тэдний шийд­вэрийг нэгтгэнэ хүргүүлнэ.

-Энэ хугацаанд 200 мянган гишүүддээ хүрч амжих уу, холын сумдууд олон бий?

-Та хуучнаар сэтгээд байна. Орчин цагт та биднийг ярьж байх энэ мөчид алс аймгуудын сумын гишүүд хуудсаа авчихсан хэдхэн минутын дотор бөглөөд буцаагаад явуулчихна. Хүрэхгүй, амжихгүй гэдэг ойлголт байхгүй. Харин тухайн гишүүн санал асуулгад оролцох эсэх нь хувь гишүүний асуудал.

-Гишүүдийн хэдэн хувь нь хамрагдах магадлалтай вэ?

-Сая намын даргын сунгаа явуулахад 117 мянган гишүүн оролцсон. Бидний үзэж байгаагаар ямар ч тохиолдолд гишүүдийн оролцоо 25 хувьтай байна. Энэ нь 50-иас дээш мянган гишүүн оролцоно гэсэн үг.

-АН-ын даргын сунгаанд 117 мянган гишүүн оролцсон гэв үү?

-Бүртгэлээр 200-гаад мянган гишүүн бий. Сая намын даргыг сонгох сунгаанд оролцсон 117 мянган гишүүн гэдэг бол намтайгаа байнгын холбоотой байгаа гишүүдийн бодит тоо юм.

-Санал асуулгаар юу асуух вэ?

-Эхнийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх нь зөв эсвэл буруу эсэх талаар саналыг сонсож байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчийг анхан болон дунд шатны гишүүдийг тодруулах эрхийг нь намын гишүүддээ олгож санал асуулга явуулж байна. Гишүүд нам бус иргэнийг санал болгож болно

-Ямар хүрээнд нэр дэвшүүлэх санал өгөх вэ?

-Аймаг, нийслэл өөрийн харъяалагдаж байгаа УИХ-ын тойргийнхоо хүрээнд нэр дэвшүүлэх санал өгнө. Намын анхан шатны нэгж дээр гишүүд тухайн тойрогт АН-аас хэн нэр дэвшвэл ялах боломжтой гэж үзэж байгаагаа санал асуулгаар илэрхийлнэ. Нэг гишүүн арав хүртэлх хүний нэрийг санал болгож болно. Манай нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууж байгаа юм.

-Яагаад ингэж тодруулах болсон юм. Сонгуульд нэр дэвшигчдийг анхан дунд шатнаасаа тодруулж байсан жишиг сонсоогүй юм байна.

-Ардчилсан нам бол гишүүн төвтэй нам. Анхан дунд шатны гишүүд хамгийн үнэнч, бас хамгийн тууштай намынхаа төлөө зүтгэдэг хүмүүс байдаг. Тэдний саналыг сонсох нь намын гол зорилго. Зөвхөн дээгүүрээ шийд гаргаад гишүүдээ сонсдоггүй нам байж болохгүй. Цаашид улс төрийн аливаа шийдвэр, алхам бүрдээ Ардчилсан намын анхан дунд шат, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн санал шийдвэрүүдийг сонсож ажиллах болно. 

-УИХ-ын гишүүний нэр дэвшилт болон намын дотоод үйл ажиллагаанд шинэлэг үзэгдэл болж хэрэгжиж чадах болов уу?

-Энэ бол үнэхээр шинэ үзэгдэл. Одоо намуудын төв удирдлага энэ эрхийг эдэлж байгаа. Гишүүд төвөөс ирсэн нэрийг дэмжих үүрэгтэй улс төрд оролцож байна. Үнэн хэрэгтээ гишүүд намын удирдлагын зарц, боол мэтээр намынхаа үйл ажиллагаанд оролцож байна шүү дээ. Манай нам үүнийг эрс өөрчилж байгаа юм. Улс төрийн намын хамгийн том эрх нь УИХ-д суудал авах. Энэ эрхийг намын хамт олон эдэлдэг мэт харагддаг ч, үнэн хэрэгтээ намын удирдлагууд л эдэлсээр өнөөг хүрсэн. Энэ тохиолдолд нэр дэвшигч улс эх орон, намын бодлогын хэрэгжилтийн төлөө биш, намын удирдлагадаа таалагдах юм бодно биз дээ. Нэр дэвшихийн тулд ч ийм ажиллагаа явуулна. Нэр дэвшсэний дараа ч удирдлагадаа л зүтгэх үзэгдэл хэвшсэн байна.

-Анхан шатнаас дэвшсэн танай намын нэр дэвшигчид юугаараа ялгарах вэ?

-Энэ эрхийг эдэлснээр улс төрийн намын хамгийн том эрхийг жирийн гишүүд эдэлж байгаа юм. Үнэн хэрэгтээ манай улс төрийн намуудын жирийн гишүүд улс орны бодлогын хэмжээнд эрх эдэлж чадахгүй өнөөг хүрсэн. Тэд намын их хуралд төлөөллөө явуулж, удирдлагаа сонгох төдий л эрхтэй байгаа. Ихдээ л сум, аймаг, нийслэл, дүүргийн сонгуульд гүйнэ. Гэтэл намын хамгийн чухал, улс орныг удирдах УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг хэзээ ч эдэлж байгаагүй. Энэ эрхийг манай нам гишүүддээ анх удаа олгож байгаа юм.

-Олгох гэдэг нь?

-Намын гишүүдийн эдлэх ёстой эрхийг бусад намуудаас түрүүлж жирийн гишүүддээ нээж өгч байгаа юм. Нөгөө талдаа гишүүд намын удирдлагын өмнө хариуцлага хүлээх биш, намын мөрийн хөтөлбөр, намын хамт олны өмнө хариуцлага хүлээдэг болно.

-Анхан шатны гишүүдээс олонхийн санал авсан нэр дэвшигч нар л тодорно гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Мэдээж улс төрийн нам учраас рейтингийн бусад төрлийн судалгаа хийгдэнэ.

-Орон нутгийн санал авсан гишүүдэд төв намаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Мэдээж шаардагдах бүх төрлийн туслалцааг үзүүлнэ. Сурталчилгаа, PR, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр дээр нэгдмэл ойлголттой байх гээд олон ажлыг хамтран зохион байгуулна. Гэхдээ анхан шатнаас эрхээ авсан гээд нэр дэвшигчид дураар дургихгүй. Нам дэмжлэгээ ч үзүүлнэ. Намын дүрэм бусад баримтын хүрээнд шаардлагаа ч тавина.

-Гишүүд зөвхөн өөрийн намын гишүүнийг нэр дэвшүүлэх үү?

-Мэдээж Ардын намын гишүүний нэрийг дэвшүүлэхгүй байлгүй. Гэхдээ бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нам бус иргэний нэр дэвшүүлэхийг хориглохгүй. Тухайн иргэн намын гишүүнээр цаашдаа элсээд явах боломжтой.

-Шинэ зарчим ямар үр дүн авчрах бол?

-Гишүүд өөрсдөө саналаараа гаргаж ирсэн гишүүнтэйгээ сайн баг болно. Нэр дэвшигч ч намын байгууллагаасаа тасрахгүй. Төв дангаараа шийдэж илгээсэн нэр дэвшигч нийгмийн бүү хэл намынхаа хамт олны дэмжлэгийг авч чадахгүй тохиолдол олон гардаг. Сонгуульд зүгээр оролцсон төдий ажиллагаа болчихоод байгаа юм.

 

БИ МЕРИТ ЗАРЧМААР ЭНЭ АЛБАН ТУШААЛД ХҮРСЭН

 

-Намд залуучууд ирснээр шинэлэг санаанууд гарч ирж байна. Та яаж энэ албан тушаалд хүрэв?

-Өнөөдөр хаа сайгүй аливаа албан тушаалд доороос шатлан дэвшүүлэх замаар удирдлагыг бүрдүүлэх тухай ярьж байна. Гэхдээ хэрэгжилт нь амьдрал дээр янз бүр байх шиг. Миний хувьд мерит зарчмаар явсан. Анх Өвөрхангай аймгийн ШУТИС-ийн салбарын намын үүрийн дарга, сумын намын хорооны гишүүн, аймгийн намын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны дарга, аймгийн АН-ын дарга, аймгийн ИТХ-ын гишүүн, ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга, дотоод сонгуулийн хорооны дарга гээд өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал дээр ажиллаж байна. Би 18 наснаасаа эхлэн  намын бүх шатны байгууллагад өрсөлдөөнөөр гарч ирж байсан. Анх удаа л энэ томилогддог албан тушаалд ажиллаж байна.

-Мерит зарчмын давуу тал нь юу вэ?

-Анхан, дунд шатанд ажиллаад амьдралын туршлага суухаас гадна хамт олон, нийгмийн юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа, хэзээ, хэнд юу хэрэгтэй байгааг мэдрэх чадвартай болдог болов уу.

-Энэ нь УИХ-д тийм чухал уу?

-Маш чухал. Өнөөдөр нэг хууль баталчихаад л, маргааш нь засвар оруулах тухай яриад байна шүү дээ. Энэ чинь амьдралаас тасархай хууль гаргачихаад, хэрэгжихгүй болохоор, маргааш нь засах гээд сууж байгааг харуулж байна.Гурав хүрэхгүй жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа амьдрал мэдэрч, суурь судалгааг сайн хийсэн бол өнөөдөр бөөн асуудал оволзуулаад суухгүй л байсан байлгүй дээ. Тийм учраас мерит зарчим чухал болчихоод байгаа. Гадаадад олон сургууль төгссөн сайхан залуу дарга хийж болно. Үүнийг хорих хэрэггүй. Гэхдээ намын анхан шатны амьдралаар мэдлэг боловсролоо баталгаажуулсан бол илүү их үр дүнтэй гэдэг нь амьдрал дээр батлагдаж байна.

-Одоогийн шинэчлэлийн үр дүнд нам хэр төлөвших бол?

-Би ирээдүйд ийм, тийм болно гээд шууд хэлж чадахгүй л дээ. Нам гишүүддээ эрх өгч байна. Мерит зарчмыг баримтална. Эдгээр шинэчлэл зөвхөн намыг төлөвшүүлээд зогсохгүй нийгэмд эерэг хандлага үүсгэх байх гэж харж байна. Мерит зарчмыг зөвхөн өнөөдөр ч яриад байгаа юм биш. Аль ч нийгэмд хэрэгжиж л байсан зүйл. Өнөөдөр хувийн хэвшилд илүү сайн хэрэгждэг. Та анзаарсан бол амжилттай яваа олон компанийг үүрч яваа менежерүүд байдаг. Тэдний ихэнх нь “Би энэ компанидаа анхан шатнаас ажиллаж амжилтад хүрсэн” гэж ярьдаг.

-Шинэ санаанууд гарснаар намын гишүүдийн идэвхи сэргэж байна уу?

-Энэ санал асуулгад зөвхөн намын гишүүд биш, дэмжигчдэд оролцох боломж байгаа. Дээр нь түүврийн аргаар өргөн хүрээний социологийн судалгаа явуулна.

-Яагаад?

-Намын анхан шатны байгуул­лага, гишүүддээ ойр байдаг нь давуу эрхээр гарах магадлал байдаг. Тиймээс батал­гаажуулалт гэсэн үг л дээ. Эрхийг олгож бай­гаа боловч хяналт бас байх хэрэгтэй л дээ.

-АН эрх барихаараа мөрийн хөтөл­бөрөө хэрэгжүүлэхийн оронд ширээ сандлын зодоон хийдэг гэсэн яриа байдаг. Шинэчлэлийн үр дүнд энэ байдал арилах болов уу?

-Би баталгаа өгөх хэмжээний хүн биш л дээ. Гэхдээ өмнөх туршлагаас харахад нам аливаа асуудал шийдэхдээ фракцын төлөөлөл харгалздаг байсан. Ийм тохиолдолд нэр дэвшигч дэвшүүлсэн субьектдээ л захирагддаг. Энэ шинэчлэлээр нэр дэвшүүлэгч нь анхан шатан дээр байгаа гишүүд боллоо шүү дээ. Жирийн гишүүд нийгмийн амьжиргааг л дээшлүүлэхийг хүсдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, гишүүд  нийгмийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ. Гэхдээ зөвхөн АН-ын гишүүдийн амьжиргааг дээшлүүлэх тухай яриад байгаа юм биш. Тэр жирийн гишүүдтэй адил хэмжээнд амьдарч байгаа нийт иргэдийн л асуудлыг шийднэ гэсэн үг. Ямар ч тохиолдолд өмнөхөөс сайжирна гэж бодож байгаа.

-УИХ-ын сонгуулийн хугацаа ойртсон, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа энэ үед нэг нам хэт олонх байгаа нь асуудал биш үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг явагдах байх. Гэхдээ хэлэл­цүүлэх, батлах хоёрын хооронд ялгаа бий. Нэг нам хэт олонхоороо баталдаг ч зүйл биш. Өөрчлөлт орууллаа гэхэд бэлтгэх хугацаа байгаа. Харин сонгуультай холбоотой санаа зовоосон асуудал байна.

-Тэр нь юу вэ?

-Одоо сонгуульд ашиглаж байгаа хар машины ашиглалт, засвар үйлчилгээ, программ хангамжийн хугацаа дуусч байна. Гэтэл энэ чигээрээ ашиглаад, дараагийн сонгуулийг явуулах мэдээлэл бий. Сэтгүүлчдийг үүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Цаашдаа лиценз нь дууссан хэрэгслээр яаж сонгууль явуулах вэ гэдэг асуулт гарна. Ямар үр дүн гарах вэ, нийгэм түүнийг нь хүлээн зөвшөөрөх үү гээд маргаан дагуулж болзошгүй.

-Хар машин аль, аль намыг л ялуул­сан. Яагаад өнөөдөр энэ асуудал гарч ирэв?

-Хар машин буруу, зөв ажилласан, программ хангамж асуудалтай эсэх тухай яриагүй байна. Машины ашиглах хугацаа дууссан тухай яригдаж байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийн олон автобусыг эдэлгээний хугацаа дууссан учраас их хэмжээний хөрөнгө гаргаж парк шинэчлэл хийж байна. Гэтэл бидний төрөө байгуулдаг чухал хэрэгсэл болох санал тоолох хар машины хугацаа дууссан тухай огт ярихгүй байна. Машин хэвийн ажиллаж байгаа бол аль нам ярих нь хамаа алга гэж болно. Харин хэвийн бус ажиллавал нам биш, нийгмээрээ хохирно биз дээ.

-Тэгвэл хар машиныг яах ёстой вэ?

-Хар машинтай ноцолдох гээд байгаа юм биш. Тэнэг л биш бол эдэлгээ, засварын хугацаа дууссан машинаар уулын уруу буухгүй биз дээ. Тийм учраас энэ машины хэвийн ажиллагааг нийлүүлсэн байгууллага нь баталгаажуулж, нийгэмд мэдээллэх ёстой. Өнөөдөр техник технологи ямар хурдтай хөгжиж байгаа билээ. Арван хэдэн жилийн өмнө үйлдвэрлэсэн гар утас барьж байгаа хүн байна уу. Үүнтэй адил энэ машины программ хангамж ч гэсэн хуучирсан байлгүй дээ. Өмнө нь бид зөвхөн программ хангамжийн тухай ярьж байсан бол одоо программ хангамж, тоног төхөөрөмжийн тухай ярьж байна шүү дээ.

-АН энэ асуудалд дуугарах уу?

-Гаргалгүй яахав. Гэхдээ энэ шинэ мэдээлэл. Би тантай л хуваалцаж байна. Улстөр­жөөд байх шаардлагагүй асуудал л даа. Намууд санаа тавих ёстой.

-АН сүүлийн сонгуулиудад амжилтгүй оролцож гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалсан. Шинэчилсэн бодлого тэдэнд ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа болов уу?

-Олон намын гишүүд ажилгүй болж байна. Манай нам ч бас ийм үйлдэл хийж байсан байх. Гэхдээ өнөөгийн эмгэнэл нь өөр. Ялсан нам нь ялагдсан намынхаа гишүүдийг хэлмэгдүүлдэг. Бизнесийг булаадаг. Ах дүү нараар нь оролддог. Ийм үзэгдэл гарч байна. Намууд энэ хийрхлээсээ салах хэрэгтэй.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Эрх баригчид солигдох тусам өширхөл, хонзогнол, улайрал нэмэгдээд байх шиг. Өнөөдөр бид гудамжны зовлонг илүү мэдэрч байна. Маргааш эрх баригч болбол өширхөл улам нэмэгдэх магадлалтай болно. Энэ маш аюултай үзэгдэл.

-АН 2024 онд эрх баривал энэ үзэгдэл­тэй дотоод сэтгэлээсээ тэмцэж чадах уу?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Манай нам сонгуульд ялчихаад хүн халахгүй” гэвэл түүн шиг худал юм байхгүй. Харин өс хонзон, ах дүү, бизнесийн сэдлээр дайсагнасан үйл ажиллагаа явуулахгүй амлалтыг өгч чадна.

-АН өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн харж байна?

-Дотоодод эрх баригчдын мэдээлж байгаагаар боломжийн тоонууд харагдаад байна. Харин гадныхан хэт их өрийн улмаас дефолт үүсэх вий гэж болгоомжлуулж байна.

-Намын шинэчлэлтэй холбоотойгоор орон нутгаас гишүүд хандах нь нэмэгдэж байна уу?

-Гишүүдээс гадна дэмжигчид, судлаачид хандах нь их болсон.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжоо(124.158.69.96) 2022 оны 06 сарын 21

саяханы орон нутгийн сонгуульд аль АН нь хүнээ дэвшүүлээд ялагдчихваа. Өнөрбаяр энэ Мөнхжаргалыг зөвшөөрч байгаа юу.Хоёулаа Ерөнхий гээд нудрага зөрүүлэх ажил гарцаагүй болноодоо.Мөнхжаргал харваас зөв хүн байна.Тэгээд энэ АН-н дарга Баттулга мөн биздээ Эрдэнээ,Өнөрбаяр хоёрыг очиж ухамсрын шанааг аштайхан өгөхгүй бол та хэдийг хэтэрхий дорд үзэж доромжлоод байгаа юм.Элбэгээг дийлэхгүй гээд хулчийгаад байнауу

0  |  0
койн(192.82.91.240) 2022 оны 06 сарын 21

бөттөгс чи ямар хүнээс ярилцлага аваад байнаа? тэнэг пиз... минь наад хүн чинь нам байхгүй гудамжны намтай хүншүүдээ!!!! танай зиндаа дээрээсээ доошоо ортол долир юм

0  |  0
ИРГЭН(66.181.185.20) 2022 оны 06 сарын 21

ЯМАР ХАХУУЛЬ ӨГЧ ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ БАЙГАА БИШ МӨНГӨ ХАНДИВЛАЖ СОНГУУЛЬД ОРДОГЫГ НАМУУД ХУУЛЬЧЛАЖ ТАСЛАН ЗОГСООХ ЦАГ БОЛСОН ОДОО ЗҮГЭЭР ИРГЭН БҮРТ СОНГОГДОХ ЭРХ БОЛОМЖИЙГ НЬ ХАНГА...

0  |  0
Top