БЗД: 29-р хороо энэ онд 800 ширхэг мод тарьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх 21,29-р хороонд ажиллалаа Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 21,29-р хороонд ажиллалаа.

21-р хороо нь 8898 хүн амтай, 100 хувь гэр хороолол. Энэ онд нэг байршилд авто замын ажил хийгдэх бол хорооны зүгээс зөвшөөрөлгүй барилгын хог хаяж буй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллажээ. Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганцын задгай орчимд оройн цагаар хууль бусаар барилгын суурийн шороо, хог хаях тохиолдол их гардаг. Мөн тус хэсэгт амьдарч байгаа иргэд газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтийг хороо болон дүүрэгт хаяглан хүргүүлдэг. Олон жил яригдсан асуудлыг шийдвэрлэх, энэ оны 9-р сарын нэгний өмнөөс газрын гэрчилгээг олгохыг газрын алба болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Хорооны өрхийн эмнэлэг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж ажилласнаар сүрьеэ болон бусад халдварт өвчний тохиолдол буурсан. Гэхдээ эмнэлгийн ачаалал өндөр учраас байрны асуудал тулгамдаж байна. Мөн 127-р сургууль өвөлдөө хүйтэн байдаг учраас халаалтыг сайжруулах, сурагчид ая тухтай орчинд боловсрол эзэмших боломжоор хангах, цэцэрлэгүүдийн хувьд усны асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Эдгээр асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж ажиллахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосон юм.

Харин Баянзүрх дүүргийн 29-р хороо нь 7396 хүн ам 2253 өрхтэй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байсан явган хүний замын ажил 8-р сарын 30-нд хийгдэж дуусна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, иргэд амарч зугаалах орчин бий болгох саналаа хүргүүлж ажиллажээ. Хаврын их цэвэрлэгээнд 1125 иргэд нэгдэж ажилласнаас гадна 800 ширхэг модыг энэ онд тариад байна.

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах үүднээс хороо тус бүр дээр ажиллаж байна. Албан өрөөнөөс ажил явуулах бус асуудлыг бодитоор тодорхойлох үүднээс холбогдох хэлтэс, албадын дарга нартай хамт ажиллаж байгааг онцлоод тулгамдаж буй, хороо, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудаас өгсөн хүсэлтийг үе шаттай шийдвэрлэж ажиллана гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top