Засгийн газар ₮25.4 их наядын гадаад өрийн 44%-иар төсвийн алдагдлыг НӨХЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Монгол Улсын нийт гадаад өр сүүлийн байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. 

Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.

Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг.

Засгийн газрын нийт өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ.

Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ.

Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийжээ. Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан бол 16.5 хувь нь зам тээвэр, 7.2 хувь нь эрчим хүч, 5.3 хувь нь усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувь нь эрүүл мэнд, 2.5 хувь нь боловсролын салбарт зарцуулагджээ.

Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагын зээлээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдээгүй.

Төлөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлан хэрэгжүүлсэн нь нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бууруулсан, бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдахгүй байна гэсэн байр суурийг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат өглөө.

Үндэсний статистикийн хорооноос энэ сард өгсөн мэдээллээр:

Засгийн газрын нийт өр энэ оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  209.7 тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 тэрбум төгрөг буюу  1.6%-иар өссөн байгаа юм. 

Засгийн газрын дотоод өр оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 479.4  тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 148.5 тэрбум төгрөгөөр,  барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 тэрбум төгрөгөөр  тус тус буурч, гадаад өр 1 их наяд төгрөгөөр   өсжээ.

2022 оны эхний улирлын байдлаар Засгийн газрын  нийт өрийн:

 

  • 25.4 их наяд төгрөг буюу 92.4 хувийг гадаад өр

 

  • 657.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувийг дотоод өр

 

  • 815.7 тэрбум төгрөг буюу 3 хувийг Засгийн газрын өрийн баталгаа

 

  • 633.0 тэрбум төгрөг буюу 2.3 хувийг барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.

 

Засгийн газрын нийт өрөөс энэ  оны эхний улиралд үндсэн төлбөрт 143.9 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 161.6 тэрбум төгрөг төлөгджээ. 

Үндсэн төлбөрийн төлөлт 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 171.4 тэрбум төгрөг буюу 54.4%-иар  буурчээ.

Харин хүүгийн төлбөр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 29.2  тэрбум төгрөг буюу 22.1%-иар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top