Үндэсний их баяр наадмаар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан билээ. Тэрбээр уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон тууж, өгүүллэг, уран сайхны кино зохиол туурвиж, 10 гаруй цуврал түүхэн хөрөг нэвтрүүлэг, 2000 гаруй нийтлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилга бэлтгэн ард түмнийхээ оюуны хүртээл болгосон юм. Түүний монгол ахуй, уран зохиолыг олон улсад сурталчлан таниулахад гаргасан хичээл зүтгэл, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төр үнэлсэн юм. Д.Энхболдын зохиол бүтээлээс онцолбол, "Соёо" болон "Паанан" тууж нь утга зохиолын тууж бичлэгийн салбарт шинэчлэл хийж чадсан бөгөөд. "Паанан" тууж нь Герман хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн бол "Соёо" нь Орос хэл дээр хэвлэгджээ. Түүнчлэн "Соёо" туужаар хийсэн кино нь Азийн болон Дэлхийн кино наадмуудаас хэд хэдэн шагнал авсан байна. Тухайлбал, Сан-Хуаны кино наадмын шагнал, Японы Фукуокагийн Азийн кино фестивальд шилдэг киногоор шалгарч байжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Энхболдтой уран бүтээлийн яри өрнүүллээ.
-Юуны өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Энэ цолоо мялааж ямар бүтээл дээр сууж байна вэ?
За баярлалаа. Үгүй одоо мялаах гэх үү юү гэхээ сайн мэдэхгүй л байна. Нэг романтай бараг хориод жил зууралдаж байгаа түүнтэйгээ л үзэж сууна даа.
-Эх орондоо ирээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Ирээд ямар ямар бүтээл амжуулав?
-Өгүүллэг туужийн хоёр боть гаргалаа. Шинэ хуучин холиод л. Алсын бодол маань юутай ч таван боть хэвлүүлээтхэе гэсэн санаатай. Түүний маань л босго юм даа.
-Та “Хоймор өнжих нар” киноноосоо хойш дэлгэцийн бүтээл дээр суув уу. Сүүлийн үед өдөрт л нэг шинэ кино нээлтээ хийж байна шүү дээ, энэ талаар таны бодол?
-“Шар хөвийн зэргэлээ” өгүүллэгээ /illusion of yellow mountain/ гэсэн мундаг нэртэй кино зохиол болгож бичлээ. Ж. Жамъянсүрэн найруулагч л түүгээр кино хийе. Алийн бүр ор хөнжилдөө жийлцэх вэ жаахан алс харагдах толгой дээр гаръя гэхээр нь л бичсэн. Санхүүгүй л сууж байх шив дээ. “Таны үндсэн мэргэжил хайгуулч болохоор уул уурхайн тухай киноны үнэн зохиол та л бичнэ” гэж хөөргөхөөр нь “Айлын дөрвөн бэр” нэртэй телевизийн онлон ангит зохиол ид бичиж байтал санал тавьсан сайд Д. Сумъяабазар маань өөр тийшээ яваад төсөл эзэнгүй болчихсон. Нэг үгээр мөнгө байна гэсэн хүн рүү горьдож хараад л гэлдэрч явна гэх үү дээ. Яг надархуу ингээд явж байгаа нөхдийг Англиар eye up буюу сээтэгнүүрүүд гэдэг юм байна лээ.
Харин тэр дэлгэцэнд олон кино гараад байгаа тухайд бол тэгэх ёстой, бүр хэрэгтэй гэж хэлнэ. Кино өөрөө бизнес, урлаг хоёрын уулзах цэг. Тодорхой хэлбэл мөнгө баймаажин нь кино байна гэсэн үг. Мөнгө өөрөөсөө төрдөг өвөрмөц төрөлтөн шуудхан хэлэхэд эргэлдэж арвиждаг эд л дээ. Бид яг тэр шатны эхний гишгүүр дээр байна. Мөнгөө эргэлдүүлж байна. Хуримтлал хэзээ нэгэн цагт хүссэн хэмжээнд хүрнэ. Тэр цагт урлаг руугаа орно. Намайг залуу байхад богино банзалтай бохь зажилсан хүүхэн нийтийн унаанд ороод ирэхээр бүгд л жигшиж жишүү харцгаадаг байлаа шүү дээ.
Одоо нийтийн унаанд тэр дундаа энэ халуун зунаар нэвсийсэн хар хослолтой болоо ч үгүй зангиа зүүж хөлс нь бурзайсан нөхөр ороод ирвэл бүгд жишүү харна. Гэтэл урлаг маань тэр хар хослолт л доо. Өнөөдрийн манай кино бол бохь зажилж нүдээ алаг эрээнээр будсан хүүхэн. Энэ хүүхнээс үзэгчид уйдах цагт бид мөнгөтэй болсон байх ёстой. Социалист байдлаар хэлбэл уран сайханчдын төвшнөөсөө төө юм уу алд ахиж мэргэжил рүүгээ буюу урлаг руугаа орноо л гэсэн үг. Тэр урлагийнх нь хувцас хэрэглэл цөөвтөр ч гэлээ бэлэн болсон. Тэрний нэг нь “Шар уулын илбэ” /illusion of yellow Mountain/ нэрээр бичигдсэн мөнөөхөн кино зохиол юм.
-Анх “Паанан”, “Соёо” туужуудаа ямар сэдлээр бичиж байсан бэ. Роман, туужийн бүтээл туурвиж байна уу?
-Бид хоёр туйлт ертөнцийн амьтан. Зэрэгцээ байгаа нөгөө ертөнцөө хэн ч хардаггүй. Гэхдээ дэндүү цөөхөн маань мэдэрдэг. Достоевский, Пришвин, Бунин, Кафка, Акутагава, Дазай Осамү, Мишима, Хэмингуйэ, Булгаков, Фолкнер, Тургенев, Габриель Маркес, Пүрэвжавын Баярсайхан, Сэнгийн Эрдэнэ, Пэрэнлэйн Лувсанцэрэн , Сормууниршийн Дашдооров нарын мэдэрч байсан тэр ертөнц бидний бужигнаад байгаа энэ ертөнцтэй саахалт бодитой оршиж байгаа юм.
Жишээ нь, би Набоковыг зохиолч гэхээсээ тоочин бичигч гэж л хардаг. Ингээд ялгаа гараад ирж байгаа биз. Энэ ялгаа юунаас үүсдэг гээч нөгөө мэдрэхүйгээс үүсч байгаа юм. Саахалт ертөнцөөс хоёр зуугийн поошиг долгион ирлээ. Ихэнхи нь мэдэрнэ хүлээж аваад гар хуруугаа чилтэл бичнэ. Долгион дөчийн битон хэртэй боллоо. Хоёр зуугийн поошигний тавны нэг нь биз. Нөгөө бичигчдийн чинь тавны дөрөв нь дөчийн битоноор ирсэн долгионыг хүлээж авч чадахгүй. Ингээд л багасаад байна. Эцсийн хамгийн бичил долгионыг хүлээж авагсдыг би нэрлэлээ. Бүдүүн тоймоор шүү учир нь би судлаач биш.
Маш товчхон маш энгийн тайлбарлахад иймэрхүү л юм болдог юм. Авьяас чухал уу чухал. Гэтэл авьяас энэ ертөнцөд байна харин долгион саахалтаас ирж байгаа. Дүрэлзсэн авьяас саахалтын бичил долгион хоёр учирсан цагт сонгодог бий болж байгаа юм минийхээр. Миний хоёр туужийн хувьд бичил долгион гэчихээр энэ ертөнцийнхөн маань хөөрлөө сагсуурлаа гэсэн долгион болгоод барьчихна. Гэхдээ “Паанан” хэвлэгдсэнээс хойш 25 жил болоход давах тууж монгол хэлээр гарахгүй л байхыг бодоход саахалт ертөнцийн боломжийн долгион монгол хэлээр баригдсан хэрэг л гэж бодож явдаг даа. Энэ хоёр тууж манай нийгэмд болох гээд байгаа тэсрэлт, гажуудлыг л урьдчилж харж хэлсэн дохио.
-Та бүтээлээ эхлүүлэхдээ хэр дуншдаг вэ, нэг эхлүүлсэн бол урсаад л ирэх үү. Ямар орчинд суух дуртай вэ?
-Ер нь дуншина шүү. Залуудаа тэгж тэгж шаналж шаналж нэг хоёр суултаар тууж биччихдэг байсан. Одоо бол хашир нь давамгайлсан гэх үү дээ. Бодох зүйл их гарна. Гар маань хөшүүн хойрго болсон нь насных байх л даа. Орчин шаардах нь хаа очиж гайгүй. Чимээ аниргүй л бол бичээд л байна. Дүр ихтэй зохиолчид том том ширээнд суудаг л юм билээ. Би ч гал тогооныхоо өрөөнд хоолныхоо ширээн дээр л бичдэг дээ. Гал тогоотой нэг өрөө байртай болохоор өөр орчин надад байдаггүй. Нөгөө талаар энэ цаг үе нь их сайхан. Компьютер л байвал болчихно хялбар хорвоо л доо.
-Хүүхэд байхдаа утга зохиолд шунан дурлаж байсан он цагаа дурсаач?
-Аав маань их сайхан номын сантай байсан юм. Монголоор орчуулагдсан дэлхийн сонгодгууд манай өөрийн зохиолчдын зохиол бүтээлээс бүтсэн тийм сайхан ертөнц ухаан ороход минь хүлээж авсан даа биднийг. Би өөрөө хөдөө өвөө эмээ дээрээ өсөхдөө сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан байсан юм. Тэгээд л хотод аав ээж дээрээ ирүүт номын сангийнхаа даамал болсон доо. Уншиж гарсан. Тэр л миний гараа болсон байх. Нөгөөтэйгүүр миний өвөө Сономпил төвөд номтой авдартаа арвин судартай тэднийгээ уншимтгай, есөн зоос сайн зайлдаг ер алддаггүй гэж нутгийнхан хэлцдэг тийм хүн байсан л даа, тэр нөлөөлсөн байх. Эмээ улаан домогчин. Өвөлжөөний хоёр өндөр загтай холбоод л домог зохиогоод ярьчихдаг хүн байсан юм.
Одоо бодож суухад олон домог зохиосон санагддаг. Зун бороо орохоор тойром нууралчихна. Тийшээ очиж усанд орох гэхээр л усны лусын тухай өдий төдий домог зохиогоод минийхээ хүслийг тушчихна шүү дээ. Тэр ч нөлөөлсөн л байх. Гуравдугаар ангийн хүүхэд байхдаа анхны мэдээгээ Говийн мэдээ сонинд хэвлүүлж гурван төгрөг далан зургаан мөнгөний шагнал авч байснаа ер мартдаггүй юм.
-Нутагтаа ойрын үед очив уу, наадмыг хаагуур өнгөрөөв дөө. Нутгийнхаа юуг илүү санан үгүйлдэг вэ?
-Ээжийгээ өнгөрсний дараа дүү нараа дагуулж нутгаа нар зөв тойрч хэлсэн хүслийг нь уул хайрхандаа шившиж шивнэсэн, түүнээс хойш очсонгүй дээ. Өнөө жил явах санаатай л байгаа. Намраас. Говийн намар ямар гээч хүслийн уул л тийм байдаг болов уу гэмээр байдаг юм шүү дээ. Нутгийн хүмүүс сэтгэлээс хэзээ ч үл холбирно. Тэднийгээ их санаж үгүйлж явдаг. Уулзахаар Нарантуулынхан шиг л юм болно. Нарантуулынхан эд бараа өгөлцөж авалцдаг бол бид сонин сайхныг шуудай шуудайгаар л өгөлцөж авалцана шүү дээ.
-Наадмын нээлтийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Монголчуудын урлаг соёл хийгээд нийгмийн амьдрал урагшлаад байна уу, ухраад байна уу?
-Сайн, муу нийлж сав дүүрдэг нь жам. Наадмын нээлт ч тийм л санагдсан. Гэхдээ зарим нь ч бас арай л хэтийдсэн байдаг шүү. Хоо марал Бөртэ чино хоёр юм болов уу л гэж санагдсан эрэгтэй, эмэгтэй хоёр арай хэтийдсэн. Нэг тийм Нанхиад дэвсгэр дээр Монголчууд дуулж бүжиглээд байх шиг санагдсан шүү. Дээр доргүй “Би чадна” л гээд үзэлцээд байх юм. Хэлэх хийх хоёр анги л даа. Хожмоо бүү ингэж алдаасай л гэж залбиръя даа.
-Нэг сайхан зохиолын санаа олчихоод зүүд зэргэлээ шиг алдаж байсан тохиолдол байдаг уу, ер нь та бичье гэсэн бүхнээ бичиж амжиж байна уу?
-Байх байх. Нөгөө саахалтынхан чинь наргианч. Яг зөөврийн унаанд явж байхад л хачин сайхан санаа нааш нь гүйлгэнэ. Гэртээ гүйж ороод тэмдэглэж авах хооронд нөгөө санаагаа буцаагаад загасчин уснаас тороо татаад авчих шиг, айл бууриа орхиод нүүгээд явчихсан байх шиг алга болчихсон байх аль олон тохиолдлыг хэлж барах вэ. Сүүлдээ тэмдэглэлийн дэвтэр бал хоёроос салахаа больсны хүчинд боломжийн хэдэн санаа бугуйлдаж үлдээсэн санагддаг. Одоо бол амар шүү дээ утсаа гаргаад л яриад хадгалчихна. Өгүүллэг бол хүчтэй онгодын бүтээл. Яг ирж байхад нь барьж авч чадахгүй бол алдчихна. Одоо нас хэлбийгээд тэгж барьж авч чадахгүй болсон. Тиймээс тууж роман л түлхүү анхаарах юм даа. Ялангуяа насны бүтээл бол роман учраас тэр нөхөр рүү цоо ширтээд яваа гэх үү дээ.
-Монгол хэлний арвин баялаг сан өдрөөс өдөрт алдарч хэл эрлийзжээд байна уу даа гэсэн бодол төрдөг. Та энэ тал дээр хэр эмзэглэлтэй ханддаг вэ?
Ямарч зүйлд тоо хэмжээ бий. Хэл амьд гэж ярьцгаадаг. Үнэхээр амьтай юм бол арвижиж, өсч төлжиж байх нь жам. Харин тэнцвэр алдвал аюултай. Монгол хэл өнөөгийн бидэнд хүрч иртлээ мянга мянган жилийг туулсан. Манай хэл бол эмзэг хэлүүдийн нэг. Учир нь цөөхөн хэрэглэгчтэй. Өмнө талд тэрбум хол илүү хэрэглэгчтэй нангиад хэл, умар талд зуу хол илүү сая хэрэглэгчтэй орос хэл байна. Нэг үгээр бид хоёр далайн дунд хөвж явлаа. Гэтэл мөн л тэрбум тэрбум хэрэглэгчтэй англи хэл орж ирлээ.
Одоо бид гурван том далайн дунд хөвж явна. Бодолтой болгоомжтой байх нь зүй. Гэхдээ бодож байна, болгоож байна гээд л хорьж гяндлаад хэлээ аварна гэдэг бас л байж болшгүй зүйл. Хэл бол нутаг мөн ч хэл бол хязгаар юм. Ирж байгаа дүрвэгчдээс хэрэгтэйг нь хэл өөрөө нутагшуулаад л өлгийдөөд авчихна. Хэрэггүйг нь давлагаагаар гаргаад л хязгаартаа цөлчихнө. Тэнд цөллөгт байсан өдий төдий үг хэлц он жилүүдийн явцад эргэж дуудагдаад эх хэлд маань ороод ирчихсэн нь ч байдаг гэж шинжээчид ярьцгаадаг. Энэ чанар нь л хэл амьд бодгаль шүү гэдгийг сануулж байдаг л даа. Залуус хэт чамирхаж л байна ялангуяа нүүр ном, твиттэрт. Тэднээс нутагших нь нутагшаад л чадахгүй нь хөөгдөж эх хэлний хилийн чинадад төөрч одно. Хэсэг нь цөллөгт байж байснаа хэрэгцээ шаардлага нь үүсвэл эргэж ирээд л нутагшина. Үйл явц явж л байна. Эх хэл бидний өмч гэхээсээ үе үеийнхний өмч шүү гэдгийг л мартаж болохгүй.
-Танд энийг л бичих юмсан гэж чинэрч басхүү шархирч явдаг ямар эмзэглэл байдаг вэ?
-Тийм эмзэглэл бий. Тэр эмзэглэл маань далайц. Юу ч бичиж болох ч далайцтай л бичих ёстой. Мөрөн зорьж гарчихаад горхин дээгүүр харайгаад байхаас л эмээж эмзэглэж явдаг даа.
-Та бол сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй олон арван хөрөг, хэдэн зуун тэмдэглэл сурвалжилга бичиж үлдээсэн. Сүүлийн үед хөрөг тэмдэглэл бичиж байна уу?
-Энэ бол сэтгүүлчийн ажил юм аа. Монголын радио, телевизэд ажиллаж байхдаа хийсэн ажлын маань ерөнхий тойм л доо. Одоо бол чөлөөт уран бүтээлч болсон болохоор уран бүтээлдээ гол анхаарлаа чиглүүлж түүнийгээ л хийж суугаа.
-Утга зохиолын ертөнцөд шүүмжилмээр, магтмаар зүйлс юу байна вэ?
-Утга зохиолын орчуулга их сулбагар болсон. Зарим нь ч ер нь Гүүгл орчуулагаар ажлаа хийлгэчихээд нэрээ тавьчихаад яваад байгаа юм уу даа гэж хардмаар ч шиг. Гол учир нь эх хэлээ мэдэхгүй байна. Амьдрал мэдэхгүй хүүхдүүд орчуулга их хийдэг болж. Бид чинь одоо Улаанбаатар, Даланзадгад, Чойбалсанд амьдраад байгаа хэр нь л Амстердамын ч юм уу Нью-Йоркийн зохиолууд уншаад байх юм байна шүү дээ. Тэгэхээр яаж хүрээ нь тэлэх билээ. Тийш нь хийж байгаа бол ингэж болно. Тэндэхийн хүмүүст эл дол болчихсон элэгдчихсэн пянзаар өөрийн уншигчийн тархи оюуныг эргүүлнэ гэдэг ч дээ мэдэхгүй. Амжилт олохгүй биз дээ. Нэг хоёр зарагдах байх тэгээд л гүйлгээ нь хумигдана даа.
-Залуу зохиолчдоос дөнгүүрхэн гарч ирж буй хүн хэн байна вэ?
-Мө.Батбаяр дүүг л давын өмнө нэрлэнэ. Манай Т.Бум-Эрдэнэ, Б.Наминчимэд нар ч одоо дунд насныханд л багтах болчихлоо доо. Үргэлжилсэн үгийн талаар л ярьж байгаа юм шүү дээ.
-Түүхэн зохиол хэр оролдож байна вэ. “Тамгагүй төр” жүжиг үзэгчийн тоогоороо рекорд тогтоолоо шүү дээ. Театрын жүжгийн зохиол дээр ажиллаж байна уу?
-Жүжгийн зохиол залуудаа оролдож л явсан одоо бол үгүй ээ. Гол шалтгаан драмын хурдыг ойлгохгүй байгаа юм. Драмын хурд гэхээр найруулагчдын нас шүдтэй шууд холбож ойлгоод байдаг. Тийм биш. Драм бол зөрчил тэр чинь сэвшээ салхи шиг, явган шуурга шиг, эрчилсэн хуй шиг хурдтай хүчтэй байдаг. Нийгэм өөрөө ийм ямар учиртай яагаад байгаа нь ойлгогдохоо больчихоор драмын хурдын утга алдагддаг. Ийм үед жүжгийн зохиол төрөх нь юу л бол. Нэг үгээр алиа салбадай нар ноёрхсон нийгэмд салбадай биш л бол зохиолчдод драм бичих дохио сэдэл ирэхээ байчихдаг юм. Товчхондоо энэ.
-Та АНУ-д олон жил амьдарсных. Тэдний хөгжлийн нууцыг юунд байна гэж боддог вэ. Монгол орон өр ширний доороос өөд гарахаа байлаа л гэх юм, яавал тэдэн шиг хөгжих вэ?
-Манай улс хэзээ ч АНУ шиг болохгүй. Учир нь бид нэгдмэл нэг үндэстэн юм. Тэд бол нутагшсан зөөгдмөл хорвоо л доо. Тэндэхийн хөгжлийн тулгуур нууцуудын нэг нь нэгэнт хорвоогийн өнцөг булан бүрээс бүрэлдсэн үндэстнүүдийн цогц учраас бие биеийн соёл, онцлогийг хүндэтгэх гүн хүндэтгэл нь юм байна гэж бодож явдаг.
Энэ нь хэдэн зуун жилийн хөгжлийн явцад ерөөс хүн хүнээ хайрлах хайр болж хувирсан. Мэдээж гурван зуу хол илүү сая хүнд янз бүрийн л ааш араншин байж байдаг. Буудна, буудалцана. Учир нь насанд хүрсэн иргэн бүр буу эзэмших эрхтэй. Үүнийгээ эх орноо хамгаалах нэг хүчин зүйл гэж үздэг. Гурван зуун сая буутай, түүнийгээ муугүй эзэмшдэг иргэдтэй улс оронтой дайтна гэдэг бас л амаргүй зүйл шүү. Бид бие биеэ хайрлахыг тэднээс сурах хэрэгтэй манайд хамгийн их үгүйлэгддэг зүйл энэ л дээ. Ямар өрийг хэнд хамааруулж ойлгох вэ гэдгээс өрийн дарамт гэдэг зүйл үүснэ л гэж мунхаглаж явдаг. Яг энэ утгаар нь авч үзвэл бид өргүй үндэстэн. Өөрөө өөрийн хөрөнгөөр дэнчин тавиад зээл авчихсан үндэсний хөрөнгөтнүүд манайд бий. Тэд өрөө төлнө. Манай гадаад өрийн дийлэнх нь тэдэнд оногдох өр шүү дээ. Түүнийг өөр дээрээ авчирч ачаалаад л нэг хүнд төдөн төгрөгийн өр оногдож байна гээд л уйлаад байх шаардлага байхгүй л гэж боддог.
-Залуу халуун насандаа нийлж нэгнийгээ хурцалж өнгөлж явсан зохиолч сэтгүүлч нөхдөө дурсана уу, хамгийн сүүлд тэдэнтэйгээ хэзээ уулзсан бэ?
-Намайг хамгийн их хурцалсан уран бүтээлийн нөхөд маань Пүрэвжавын Баярсайхан, Соргодгийн Жаргалсайхан хоёр. Мэдээж ахмадуудаа уншина. Тэдний нөлөө тусна. Эрдэнэ баавай, Пэрэнлэйн Лувсанцэрэн, Сормууниршийн Дашдооров, Дүгэржавын Маам, Санжийн Пүрэв, Балжирийн Догмид гээд байна аа байна.
-Залуус хүүхдэд хандаж номонд дур сонирхолтой болгох ямар зохиолууд зөвлөх вэ. Бас ном уншихын гайхамшиг, ач тусын талаар зөвлөөч?
-Хүүхэд залуус их хүнд ном эхэлж уншаад дэмий биз дээ л гэж боддог. Бага охин маань АНУ-д очоод Америкийн эмэгтэй зохиолчдын гэр бүлийн романууд их уншсан. Яваандаа залхдаг бололтой юм байна лээ. Ямар ном унших вэ эднээс арай өөр гэж асуухаар нь сонгодог унш л гэсэн. Тэгээд өрнөдийн сонгодгуудыг уншаад эхэндээ ойлгохгүй хэцүү л байх шиг байсан. Яваандаа өрөөндөө тачигнатал инээгээд л хэнгэнэтэл шүүрслээд уншаад байдаг болчихсон. Тэгж тэгж нэг өдөр “Аав энэ Достоевский, Чехов, Бальзак гурав чинь бусдаасаа нэг анги дээгүүр зохиолчид байна” гэж байсан даа. Уран зохиолын ном уншихын ашиг тус нь оюуны хүрээг тэлдэгт л байдаг. Америкт ажигласнаа хэлэхэд сонгодгуудыг том том бизнесменүүд, их дээд сургуулийн багш нар, хуульчид уншиж байгаа харагддаг. Бас байлдааны хэт хурдан онгоцны нисгэгчид их уншдаг юм байна лээ.
-Танд амьдралаас таашаал авдаг энгийн алхмууд юу байдаг вэ?
Дэлгүүрт очих дуртай шүү. Мэдээж барааны биш хүнсний. Тэгээд л төрөл бүрийн ногоо аваад л амтлагч хийх гээд л үзэж тардаг даа. Олон төгрөгөө тэр дэмий шахуу сонирхолдоо төлсөн дөө. Тав, зургадугаар ангийн хүүхэд байхдаа цаг сонирхож гэрийнхнийхээ хамаг цагийг эвдэлсэн нэг золигийн сонирхол одоо дүрээ сэлгэж ийм болчихоод насан туршид минь салахгүйгээр нөхцсөн шиг санагддаг. Уг нь дэмий л юм байгаа юм даа.
-Өдрийг хэдэн цагт босож эхлүүлж байна вэ, өдрийнхөө цагийн хуваар, ажлын хэмнэлийг сонирхуулаач?
-Өглөө таваас тав гучийн хооронд босч кофегоо тавьчихаад шүршүүрт хөнгөн ордог. Шүршүүрт орохоор тархи оюун сэргэж сайхан болдог л доо. Тэгээд кофегоо аягалж аваад ширээндээ суудаг. Арван нэг, арван хоёр хүртэл суучих санаа их л байдаг даанч амьдрал юу гэж тэгж эрхлүүлэх билээ. Хөгшин гаръя гэнэ. Тэгээд нэг хоёр цаг, заримдаа өдөржин хөгшний морин жолооч хийнэ. Аав минь хэвтэрт удаж байна одоо нас нь 90 гарчихлаа. Дүү нартайгаа ээлжилж аавдаа хоол цайг нь хийж өгнө.
Би ч бантан л голдуу эргэлдүүлнэ л дээ. Тэгсгээд л өдөр шувтрана. Харин марталгүй хийдэг нэг зүйл маань алхах. Өдөрт наймаас арван километр алхчихдаг юм. Тэрийгээ ер нь л алгасахгүй санаатай шүү. Гэхдээ золбингуудын оршуулга хийсний дараа гурав дөрвөн өдөр яалт ч үгүй алхалт маань тасалдчихдаг. Золбингууд гэдэг маань дэмий хоосон бодлууд. Хов живээс өгсүүлээд хорвоогийн элдэв золбин хүн л юм болохоор намайг бас ноолох гэж оролдоно. Тэр бүрд нь хатуу тэмцэл явуулдаг юм. Нэг ёсондоо өөрийгөө цэвэрлэж, өөртөө хийж байгаа хувьсал, хувьсгал ухаантай юм.
Урд ч яахав 500 граммын цагаан архиар цэвэрлэгээ хийгээд өглөө нь ажилдаа гүйчихдэг байсан. Одоо нохойтож байгаа юм уу эсвэл нас ахихаар золбингуудын жин бас нэмдэг юм уу барагтайд хөөгдөхгүй. Тэгээд нойл далан тавын ч юм уу нэг литрийн вискигээр цэвэрлэгээгээ хийдэг. Цэвэрлэгээ хүнд маргааш нь нөгөөдөр нь тархи толгойноос салахгүй шүү дээ. Тэгээд л элдэв ногоогоо хольж солиод хутгаж шарж чанаад л өнждөг юм. Виски үнэтэй болохоор золбингийн цэвэрлэгээ олон хийх эдийн засгийн боломж тэр бүр таарахгүй л дээ. Улиралд ганц гэх мэтээр л явах юм даа. Харин цэвэрлэгээний дараа гол бүтээл тун урагштай явна шүү дээ. Иймэрхүү л амьдарч явдаг даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Ийм хүмүүс ховордоод байна .
Denduu goe denduu bileg tanxai yariltslaga boljee Zoxioluudiig ni amtarxan unshdag
gunduugui yridag , tegeed tanii zochioliig ich unschich durtai. T and eruul enchiig chusii.
Хайртай зохиолч минь урт насалж ихийг бүтээгээрэй. Монголын утга зохиолд их юм хийнэ шүү та. Биеэ сайн бодоорой.