Г.Батжаргал: Улсын зардал орлогоосоо давсан тул үргүй зардлыг танах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн орлого буурч буй энэ цаг үед орлого олох боломж, хуримтлал үүсгэх, хөрөнгийн зах зээл дээр ямар шинэ боломжууд байгаа талаар санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн  үед хүмүүс санхүүгээ төлөвлөх нь ихэсжээ. Санхүүгийн төлөвлөгөөг хуримтлал, хадгаламж зэргээр ойлгох нь зөв үү?

-Хүмүүс санхүүгээ төлөвлөж байвал сайн хэрэг. Хуримтлал гэдэг нь хамгийн энгийн хөрөнгө оруулалтын нэг. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хэрэгслийн хүү буусан байгаа тул өгөөж нь арай бага байна. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүү өндөр байх тусмаа л эрсдэл нь өндөр болох магадлалтай. Хэрэглэгчдийн сонголт, мэдлэгээс шалтгаалж ашиг хүртэх үү, эрсдэлд орох уу гэдэг нь хамаарна. Хувьцаа авахаар бол тэр компанийн татварын өмнөх орлого санхүү зэргийг бүрэн судлах шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагчид нь ямар хүмүүс байдаг, санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, цахим орчинд ямар мэдээлэлтэй байдаг, хувь хүний хандлагыг нь хүртэл судлах хэрэгтэй. Нээлттэй томоохон хэмжээний компаниуд компанийн засаглал гээд өөр түвшинд ордог.

-Томоохон хэмжээний компаниудын  юуг нь судалж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай вэ?

-Компанийн засаглал нь хэр вэ, хараат бус ТУЗ-ийн гишүүд байна уу, хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмол хийж ногдол ашиг тарааж байна уу гэдэгт судалгаа хийх шаардлагатай. Түрүү жилийн өдийд койн гээд хүмүүс ихээр шуурсан. Алдагдал их ч хүлээсэн байдаг. Койноор жишээ авахад цаанаа бодит гарт баригдаж, нүдэнд үзэгдэх төсөл мөн үү гэдгийг сайтар судлахгүйгээр хүний ам дамжсан цуурхлаар мөнгөө хийж алдагдал хүлээж байна.

Нэг сая төгрөг хийхэд гурав, дөрвөн хоногийн дотор 10 дахин өсгөх бололцоо байна гэж итгээд мөнгөө хийдэг хүмүүс ч олон байдаг. Койныхон 30 секундэд 30 тэрбум хүртэл мөнгө цуглуулж чадсан байдаг. Тэгэхээр иргэдийн сонголтын асуудал маш чухал. Манайд хувьцаа, бүх банкны хадгаламж, төрөл бүрийн бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдаг. Одоо хөрөнгийн бирж дээр олон бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна. Хувьцаа гэхэд гарын таван хуруунд багтахаар л байна.   Биржийн бус зах зээл буюу OTC маркет дээр олон төрлийн бонд байна. Бонд нь хадгаламжаас нэг давуу тал нь гэвэл хүүний түвшин өндөр байдаг. Өмнө жил 14, 15 орчим хувийн хүүтэй байсан бол одоогоор 18,19 хувийн хүүтэй болж өссөн байна. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө багасахаар санхүүгийн байгууллагууд аль болох эх үүсвэр татаж дараагийнхаа эргэлтийг гаргахын тулд хүүгээ өсгөдөг.

-Эндээс ашиг олох боломжтой юу?

-Ашиг олох боломжтой. Гэхдээ мөн тухайн байгууллага татсан мөнгөөрөө юунд хөрөнгө оруулж байна гэдгийг нь сайн судлах хэрэгтэй. Жишээлбэл, барилгын компаниудын барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл их байгаа учраас барилгын төсөл нь амжилттай явах эсэхийг сайтар тооцох хэрэгтэй. Эдийн засгийн эрсдэлийн удирдлага хэмээх сэдэв байдаг. Эрсдэлийн удирдлага гэдэг нь нэг хөрөнгө оруулалтад бүх мөнгөө хийж болохгүй гэдгийг хэлдэг. Иймд 5-10 хувийг нь хувьцаанд, мөн тодорхой хувийг банканд, бондонд хийж эрсдэлийг тараан байршуулах бололцоотой.

Зарим үнэт  цаасны компаниуд Олон Улсын зах зээл болох “Tesla”, “Apple” зэрэг нэр хүнд бүхий компаниудын хувьцаа мөн томоохон Засгийн газрын бондыг хүртэл авах бололцоонууд байна. Гэвч одоогоор долларын олдцоос хамаарч өндөр дүнгээр авах нь хязгаарлагдмал байна. Яагаад гэвэл долларын арилжаан дээр хязгаарлалт хийгдчихлээ. Тэгэхээр гадагшаа хөрөнгө оруулалт хийх нь ч бас хязгаарлагдмал болчихсон.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Гэтэл цалин, орлого нэмэгдээгүй учраас хуримтлал үүсгэх бололцоо багассан. Ийм нөхцөлд хуримтлалаа зогсоох нь зөв үү?

-Үнэн л дээ. Бүх барааны үнэ өссөн байхад цалин нэмэгдэхгүй байна. Инфляц, үнийн өсөлтийг орлогын өсөлтөөр л нөхөх боломжтой. Гэтэл орлого нь яагаад нэмэгдэхгүй байгаа талаар нэн түрүүнд ярих хэрэгтэй байх. Манай эдийн засаг сүүлийн 3-4 жил доллароор илэрхийлэгдсэн дүнгээр бодитой өсөлт хийж чадахгүй байгаа. Ойролцоогоор 12-13 тэрбум доллар дээр гацчихсан. Эдийн засаг массаараа томорч байж байгууллагууд томорно. Байгууллага томорно гэдэг чинь илүү их бараа бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй  зардаг байх шаардлагатай. Гэтэл тийм бололцоо байхгүй байна. Төрөөс эдийн засагт оролцож байгаа оролцоо нэмэгдээд байгаа учраас хувийн хэвшлийн оролцоо улам л буураад байна гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн илүү том зах зээлийг эзэлж байж компанийнхаа ажилчдын цалинг нэмэгдүүлэх, урамшуулал бонус олгох бололцоо нэмэгдэж байдаг. Гэтэл төрөөс эдийн засагт орох оролцоо нэмэгдээд байхаар боломжууд хумигдаад байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа төсвийн зардал өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн байсан.

-Цалингаас гадуур хэрхэн нэмэлт орлоготой болж болох вэ?

-Цалингаас гадна нэмэлт орлого олох ямар ямар боломжууд байгааг судлах хэрэгтэй. Жишээлбэл, илүү цагаар биеийн хүчний ажил хийж болно. Эсвэл боловсролдоо хөрөнгө оруулалт хийгээд илүү өндөр цалинтай ажил хийх ч боломж байна. Энэ нь хувь хүний сонголтын асуудал юм. Хуримтлал заавал өндөр дүнтэй байх албагүй. Хуримтлал гэхээр л бид нар хэдэн сая саяар нь хадгална гэж бодоод байдаг. Арилжаа, санхүүгийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээнд бутархай мөнгөний хадгаламж гэж бий. Өдөрт данснаасаа 1000, 5000 төгрөг хуримтлуулах тохиргоог хийж, аль болох өөрт дарамт үүсгэлгүй хуримтлал үүсгэх боломж ч байна. Ингэж хуримтлуулж чадвал хэдэн жилийн дараа томоохон хадгаламжтай болно.

-Орлогынхоо хэдэн хувийг хуримтлуулбал зүгээр вэ?

-Дэлхийн улс орнууд олон судалгаа хийсэн байдаг. Япон Улс орлогынхоо 10-15 хувийг тогтмол хийнэ гэсэн дүрэмтэй. Тухайн хүний хэрэглээ, өрхийн ам бүл эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажил хийдэг эсэхээс шалтгаалж орлого өөрчлөгдөнө. Өрхийн орлого, зарлагаа бүртгээд, илүү гарсан мөнгөнөөсөө хэдэн төгрөг ч байсан хуримтлах л хэрэгтэй.

-Иргэд мөнгөө банканд хадгалуулахаар хүү нь маш багаар тооцогддог хэмээн аль болох өндөр өгөөжтэй хувьцаа, бонд зэргийг сонгодог болжээ. Энэ нь хэр оновчтой сонголт вэ?

-Цар тахлын үед хүмүүсийн зээлийн дарамтыг бууруулах үүднээс төрөөс хүүг бодлогоор бууруулсан. Тэр нь бодитой хүү байж чадаагүй юм. Бодлогын хүүг зургаан хувь болгоход хадгаламжийн мөн хүү буурсан. Одоо бодлогын хүү өсөөд есөн хувь болсон. Мөн хадгаламжийн хүү түрүүчээсээ 11,12 хувь болж байна. Гэхдээ нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хүү дагаад л өснө гэсэн үг. Бонд уу, хувьцаа юу гэдэг нь маш их сонголтын асуудал. Компанийн бондууд хаалттай зах зээл дээр жилийн 18-19 хувийн хүүтэй байна. Хадгаламжийг бодвол арай өндөр хүүтэй. Гэхдээ компанийн бондыг маш сайн судлах л шаардлагатай. Жишээлбэл барилгын компани байлаа гэхэд барилгын төсөл нь амжилттай байх уу, цемент арматурын үнэ нэмэгдсэн, тээвэр логистикийн асуудалтай байгаа энэ үед хугацаандаа ашиглалтад орж чадах уу, дампуурах уу, хугацаа нь хойшлогдох уу гэдэг асуудал үүснэ. Тэгэхээр хөрөнгө оруулж буй хүн эрсдэлийг хүлээж авах чадамжтай эсэхээ тооцох хэрэгтэй. Мөнгөө алдсан ч хамаагүй миний амьдралд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа хүн бол өндөр хүүтэй бондод мөнгөө хийж болно. Харин эрсдэлд орох чадамжгүй хүн хадгаламжид мөнгөө хийх хэрэгтэй.

-Хүн бүр санхүүч, эдийн засагч байдаггүй ч хүн бүр өдөр тутамдаа санхүүгийн харилцаанд орж байдаг шүү дээ. Санхүүгийн боловсрол хүн бүрд хэрэгтэй болсон цаг үе. Хэрхэн санхүүгийн боловсролоо дээшлүүлэх вэ?

-Санхүүгийн боловсролыг интернэт, сурах бичгээс бүрэн авах боломжтой болсон байна. Санхүүгийн боловсрол гэхээс илүү санхүүгийн мэдээллийг цаг алдалгүй, мэргэжлийн байгууллагуудын эх сурвалжаас авдаг байх нь чухал. Заавал онолын ойлголт гэхээс илүүтэй инфляц, долларын ханш, мөнгөний нийлүүлэлт зэргийн өсөж, буурах мэдээллийг байнга авахаар хүний оюун ухаанд аажимдаа суучихдаг. Хүн болгон Сангийн Яам, Монгол банк, Үндэсний статистикийн хороо руу ороод мэдээлэл авна гэдэг төвөгтэй. Энэ бүхнийг нийлүүлсэн товхимол, контентыг долоо хоног бүр гаргадаг байгууллагууд байдаг болсон. Жишээлбэл “Lemon Press”, “Bloomberg” зэрэг мэдээллийн хэрэгслүүд шууд дамжуулж байна. Тэгэхээр хэрэгтэй хэрэггүй солонгос кино үзэж суухын оронд “Bloomberg” сувгийг тааруулаад хэсэг хугацаанд үзэхэд санхүүгийн мэдлэг авах боломжтой. Мэргэжлийн хүмүүсийн ярьсан ярилцлага, нийтлэлүүдээс ерөнхий чиг хандлагатай болж болно. Зарим байгууллагуудын санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд ч байдаг. Үнэхээр өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол мэргэжлийн дилер, брокер, санхүүчдийн гаргаж буй мэдээллийг авахаас гадна хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж болох юм.

-Хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголтын тухай тодруулбал?

-Шинэ төрлийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаад эхэлсэн. Энэ нь нээлттэй хувьцаат компани гэсэн үг. Хүмүүс хөрөнгөө санд цуглуулаад, сангийн нэгж эрхийг худалдаж авна. Санд төвлөрсөн мөнгөөр хөрөнгө оруулалтын менежментийн компанийн мэргэжлийн хөрөнгө оруулалт хийдэг баг тэр хүний өмнөөс нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдаж авч, тогтмол өгөөжөө өгдөг. Сангийн менежерүүд юу хийдэг вэ гэвэл Олон Улсын хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа, бонд авдаг. Энэ үйл ажиллагаа нь хууль эрх зүйн орчны хувьд гадны орнуудтай төстэй юм.

-Эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтыг хэрхэн мэдэх вэ?

-Эрсдэл, ашиг хоёрын хамаарал адилхан. Өндөр өгөөжтэй л бол өндөр эрсдэлтэй л гэсэн үг. Хувьцаа бол тийм ч бага эрсдэлтэй бүтээгдэхүүн биш. Ханш нь байнга л өсөж, буурч байдаг. Тэгэхээр маш сайн л судлах шаардлагатай. Болохгүй бол мэргэжлийн хүнээр хөрөнгөө удирдуулах боломжтой.

-Сүүлийн үед жижиг дунд болон гарааны бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс ихэссэн. Эдгээр хүмүүс алдаж байгаа нь ч бий. Онож байгаа нь ч бий байх. Энэ хүмүүс ихэвчлэн санхүүгийн ямар алдаа гаргадаг вэ?

-Нийтлэг нэг алдаа нь бол төлөвлөлт. Бизнесийн санаа 50 хувь, гүйцэтгэл нь 50 хувь байдаг. Манайхны нэг алдаа бол ам дамжсан ярианаас нэгнийгээ дуурайж хөрөнгө оруулалт хийдэг. PC тоглоомын газар ашигтай байна гэвэл бүгд шуураад нээдэг. Мэдээж олон PC тоглоомын газар нээгдвэл үнэ нь унана. Үнэ унахаар нэгнийгээ чирээд л буучихдаг. Дараа нь ямар алдаа гаргадаг вэ гэхээр бага зэргийн ашиг олоод ирэхээрээ зээлээр үнэтэй машин, үнэтэй гар утас хэрэглэдэг. Ингэхээр бизнесээ цааш нь үргэлжлүүлэх бололцоогоо хаачихдаг. Яагаад гэвэл дараагийн хөрөнгө оруулалтдаа эргэлтийн хөрөнгийн зээл авъя гэхэд машины зээлтэй байна гээд банкнаас зээл авах боломжгүй гэдэг. Үүнээс болж дампуурсан олон кейсүүд байдаг. Хоёр найз бизнес хийгээд нэг нь машин авч унахад нөгөө найз нь мөн авдаг. Нэг нэгнийхээ дор орохгүй гэж л тэр шүү дээ.

-Цар тахлын хуулиар байгууллагын харилцах данс, иргэдийн хугацаагүй хадгаламжид хүү төлөхийг түр зогсоосон байгаа. Энэ үед байгууллагууд мөнгөн хөрөнгийн менежмент хийж ашиглах боломжтой юу?

-Маш чухал асуулт. Энэ үед тэр мөнгийг богино хугацаанд ч гэсэн эргэлдүүлэх шаардлага тулгарч байна. Ямар боломж байна вэ гэхээр OTC гэдэг биржийн бус зах зээл дээр богино хугацааны бондууд гарч ирж байгаа. 28, 84 хоногтой бонд худалдаж авах юм бол тэр хоногоо дуусгаад л мөнгө нь буцаад хүүтэйгээ ороод ирнэ. Шаардлагатай бол сунгаж болно. Жишээлбэл, “Money market fund” нь богино хугацаанд ч гэсэн мөнгийг эргэлдүүлэх бололцоог хангадаг шинэ бүтээгдэхүүн гараад явж байгаа. Энэ нь аль аль талдаа ашигтай. Байгууллагын мөнгийг ч гэсэн санхүүгийн менежерүүд тодорхой хэмжээнд удирдаж хүүний орлого олох л ёстой.

-Манай улсын төсвийн орлого, зарлага хэр хэмжээнд байна вэ?

-Баяр наадам гээд хүмүүс сайхан амрах шиг боллоо. Гэтэл нүүрсний ханш, зэсийн ханш унасан байна. 10 мянга хүрч байсан нүүрс 7000 төгрөг боллоо. Яагаад буураад байна гэхээр Хятад Улсын эдийн засаг хагас жилийн хугацаанд 0.6 хувь буюу маш бага хувиар өссөн. Манай гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийг хэрэглэдэг зах зээлийн эдийн засаг удаашраад эхэлж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын төсвийн орлого буурна, орж ирж байгаа долларын урсгал буурах эрсдэлүүд харагдаж байна. Орлого буурах нь тодорхой болж байгаа тул улсын төсөв дээр яаралтай тодотгол хийх хэрэгтэй.

Орлого тал буураад байгаа бол зардал талыг яаралтай бууруулах шаардлагатай. Хэрэгцээгүй зардлыг хойшлуулах юм уу, цуцлах нь зөв. Тэгэхгүй хөшөө, дурсгал гээд баахан хэрэгтэй, хэрэггүй олон бүтээн байгуулалтад маш их мөнгө зарлагадаад байна. Эдгээр нь эргээгээд ус, тог, хамгаалалт гээд маш их урсгал зардал шаардаж байдаг. Энэ зүйлүүдийг хийж болох ч хоолныхоо мөнгийг яая даа гэсэн эдийн засагтай байж хэрэгцээгүй зүйлд мөнгө зарлагадаад байгаагаа зогсоох хэрэгтэй. Хэрвээ зогсоохгүй бол орлого, зарлагыг нөхөхийн тулд Засгийн газар гадны улсаас тусламж, дэмжлэг хайгаад явж байгаа сурагтай байна лээ. Мөн энэ намраас дотоодын бонд гаргана гэж байсан. Энэ нь банкнууд дээр байгаа эх үүсвэрийг л Засгийн газар татна гэсэн үг. Тэр мөнгийг банк өөрөө бодит зээлд гаргах ёстой байтал Засгийн газар бондоороо дамжуулж өөр дээрээ авна. Орж ирсэн мөнгөөр нь хөшөө, дурсгалаа л санхүүжүүлэх гээд байх шиг байна. Энэ байдал нь дэмий үрэлгэн зардал юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.21.209) 2022 оны 07 сарын 28

deedsuud tansaglalaa bagasga, heregui buteen baiguulalt hiihee boli tegeed balansaa barinaa daa

0  |  0
Зангараа(192.82.69.227) 2022 оны 07 сарын 27

Зардал нь орлогоосоо давахыг ашигтай гэж үздэг Хүрэлбаатарын хийсэн ажил.

0  |  0
Top