Автобус хүлээн зогсох хүн бүр утас болон бугуйн цагаа үе үе ширтэж, амандаа ямар нэгэн юм бувтнана. Учир нь, хэдийн 21.00 цаг болжээ. Автобус хүлээх хүмүүсийн эгц урдаас цас салхины эрчинд манаран орно. Зам дээр түгжирсэн машинуудын дуут дохио энд тэндгүй дуугарсаар л. Хүлээсээр тэсвэр алдсан зарим нь буудлаас холдон яаравчлан алхан одно.
Хүлээлт дууслаа. Битүү хүн чихсэн автобус хурдтайгаар ирж, зогсоод “Алив хойшоо шахаад өг, яваад өг” гэх жолоочийн дуу чихэнд хангинана. Хөл гишгэх газаргүй болтлоо дүүрсэн автобусанд бүгд байр байраа олоод зогсчихлоо. Хажуудаа зогсох хөгшин эрд суудлаа тавьж өгөх залуухан хүүгийн нүүрэнд ядарсан, дурамжхан төрх тодорно. Их хотын түгжрэлд алгуурхан урагшлах машинуудын чимээ, чимээгүйхэн зогсох хүмүүс дунд нэгэн залуухан ээж хүүгээ хөхүүлэн сууна. Цадталаа сүүгээ хөхсөн жаахан хүүгийн нүүрэнд гэнэн томоогүй инээд тодорно. Хүү ээжийнхээ өвөр дээр урагшаа харж суугаад эргэн тойрноо удаанаар ширтэж эхэллээ. Хүүд юм бүхэн сонирхолтой байгаа бололтой.
Хажуугаар зөрөх машины гэрэлд урдаа байгаа зүйлээ харах гэж үе үе өндөлзөнө. Ээж нь “Томоотой бай, үймүүлээд байвал ээж нь уурлана шүү” гэж хүүгийнхээ чихэнд зөөлнөөр инээмсэглэн шивнэнэ. Гэвч хүү түүнийг тоосон шинжгүй хажуудаа суусан хөгшин эрийн хувцсыг оролдоно. Өөрийг нь тоож хараагүйд гомдсон гэлтэй малгайг нь тэмтэрч эхэллээ. Хөгшин эр хажуу тийш догшин царай гаргаж, муухай хартал хүү өөдөөс нь нуурын долгио мэт тунгалаг хар нүдээрээ зальтай нь аргагүй инээлээ. Өвгөн хүүгийн арганд орж, зангидсан хөмсөгөө буулгаж, үрчлээ суусан магнайгаа тэнийлгэн жаргалтай инээнэ.
Харанхуйд нойрмоглож явсан хэсэг хүмүүс жаахан хүүгийн цангинасан тод инээдэнд сэрж, автобус хүлээсэн, ядарсан, яарсан, даарснаа түр мартаж хүүг өхөөрдөн харсаар л. Хүмүүсийн инээхийг ажсан бяцхан хүү ихэд ичин, нүдээ дарж ээжийнхээ энгэрт нуугдах гэж оролдоно. Хүүгийн цангинасан инээд хүн бүрийн нүүрэнд мишээл тодруулж, бүүдгэр гэрэлтэй автобусанд тодоос тод гэрэл асаах мэт.
Н.ЭРХБАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )