-Иргэн Б.Ламжав Түр хороо байгуулахыг гишүүдэд зөвлөжээ-
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 тоот тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэв. Уг асуудал нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.
Тухайлбал, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” буюу “Засгийн газрын тэргүүн нь дөрвөн УИХ-ын гишүүнээр сайд хийлгэж болно” гэсэн заалт хууль зөрчиж байна хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц дээрх асуудалд цэг тавьсан шийдвэрийг Их суудлын хуралдаанаас гаргасан юм. Тухайлбал, ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон юм.
Ер нь бол дээрх заалтаас үүдэн нийгэмд дан, давхар дээл гэх ойлголт, хэлц үг хүртэл бий болж, Засгийн газар огцорч байсан удаатай. Одоо ч хүчтэй шүүмжлэл өрнөж байгаа юм.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд давхар дээл дархлаа байсныг нийгэм ойлгож эхэлсэн. Дан дээлтэй байх ёстой гээд салбараа мэдэхгүй нэгэн сайдаар томилогддог. Дөрвөн жил танилцах дадлага хийдэг. Засгийн газар чадамж муутай, богино настай явж ирсэн гашуун түүхтэй.
Тэгвэл, Монгол Улс чадамжтай, хүчтэй, зангарагтай Засгийн газартай байх дархлаа нь “Давхар дээл” байж гэдгийг хожуу ухаарсан гэх үү дээ. Энэ цаг мөчтэй иргэдийн хүсэлт, нэр бүхий хоёр гишүүний өргөдөл болон Цэцийн дээрх шийдвэр давхцаж байгаагаараа онцлог.
Гэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдийн олонх дэмжсэн ч зарим нь шүүмжилж, мөн өөр байр суурь илэрхийлж, санал хэлж байлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Цэц гэмт хэрэг хийсэн” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Энэ хуульд "давхар дээл" болно гэж заасан. 2000 онд Ардын нам ялахад болохгүй гэж заасан. Би УИХ Үндсэн хуулийн Цэцийн тогтоолын дагуу хуралдах ёсгүй гэж бодож байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгосон нь асуудал дагуулж байна. ҮХЦ цаашид ийм шийдвэр гаргаад байх юм уу, тэр бололцоог нь хаах хууль эрх зүйн зохицуулалт хийх үү. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоог дөрөв гээд баталсан. Түүнээсээ хоёр жил хүрэхгүй хугацааны дараа ухрах гээд, дахиад бүгд давхар албан тушаал хаших гээд чичирцгээж байна. Үүний цаана улс орны нөхцөл байдал ямар байна вэ. Дайн, цар тахал, бүс нутгийн нөхцөл байдлын нөлөө гээд асуудлууд манай орныг тойрохгүй шүү. Бүгд давхар албан тушаал хашаад, үүний ард гарна гэсэн ямар баталгаа байна вэ” хэмээсэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд үүнд хариулахдаа “Цэцийн шийдвэр яаж гарсныг хүн бүр мэдэж байгаа. Хуйвалдаад гаргалаа гэдэг нь хувь хүний л бодол байх. Цэц өнөөдөр хуулиар хориглоогүй, эрх үүрэг хариуцлагаараа эцсийн шийдвэр гаргажээ. Үүнийг нь бид цааш аваад явна гэхээр одоогийн хүчин төгөлдөр хуулиудтай зөрчилдөж байна. Үүнийг яаж маргаангүй болгох вэ гэдгийг шийдэхээр хэлэлцэж байна” гэв.
Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Цэцэд хандсан хоёр гишүүний нэг нь дэмжиж, нөгөө нь дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, Ш.Адьшаа гишүүн “Цэцийн 02 тоот тогтоолтой холбогдуулан хуулийн төсөл өргөн барьснаар УИХ хэлэлцэж байна. УИХ-д хууль дээдлэх зарчим гэж байна уу. Цэцийн гишүүдийг авчирч шүүж, заримыг нь огцруулья гэж байна. Дан, давхар дээлийн асуудалд нийгмийн сэтгэлзүй ханарч байна. Мөн үүгээр барьцаалж ирсэн улс төрийн жүжигт Цэц цэг тавьсан шүү. Энэ бол Н.Багабандийн үеэс маргаан дагуулж байсан. Н.Алтанхуягийн үед Засгийн газрыг огцруулж байсан. Сүүлд УИХ-ын дөрвөн гишүүн нь Засгийн газрын сайд байж болно гэж баталгаажуулсан. УИХ өнөөдөр Ерөнхий сайдыг томилдог, сайд нарыг томилдоггүй зөвхөн танилцдаг. Өнөөдөр Үндсэн хуулийн онол ярьж байна. Үүгээр халхавчлан 76 гишүүний тоог өсгөх тухай яриад байна. Ингэж шийдээгүйн төлөө та нар Цэц рүү дайрч байна. Хууль дээдлэх зарчим байна уу. Жишээлбэл, Дээд шүүх байлаа гэхэд 25 шүүгчийг та нар авчирч шүүх үү. Дан, давхар дээл бол улс төрийн хөзөр тоглолт, гацалт байсан. Энэ бол парламентын төлөвшлийн асуудал, хүчтэй Ерөнхий сайдтай байх зарчим, танхимаа өөрөө сонгох асуудлыг зөв байлгах, хууль дээдлэх зарчим дээр Цэц шийдвэрээ гаргасан. УИХ хэлэлцэх номгүй. Хууль тогтоодог, хуулиа дээдэлдэг байгууллага биз дээ. Ингэж маргаж талцаж, хэвлэл мэдээллийг төөрөгдүүлж байгаагийн ард өөр агуулга байгаа гэж би харж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Үндсэн хуулийг өөрчилж, самарч болохгүй, би Ж.Батсуурь гишүүнтэй санал нэг байна. Иргэн Б.Ламжав гуай над руу ярьсан. УИХ-д гарц хэлж өгсөн шүү. Наад асуудлаараа Түр хороо байгуулаад хэлэлцээч гэж. Бид Түр хороо байгуулдаг, асуудал шийддэг жишиг бий болсон. Ер нь та нар завсарлага авбал яасан юм” хэмээгээд хурлыг орхин гарч байгаагаа илэрхийлсэн. “Давхар дээл”-ний асуудлаас үүдэн цагтаа Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан. Огцруулах үндэслэл, шаардлагыг тавьж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүн нь одоогийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат учраас тэдний хооронд маргаан өрнөсөн. Энэ үеэр Ж.Мөнхбат гишүүн “Н.Алтанхуяг гуай та Ерөнхий сайд байхдаа хууль гэж юу юм. Тэрийг баримталж яах юм гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байсан шүү. “Давхар дээл” гэж байж болохгүй гэж жагсаал хийж байсан хүн нь би. Үүний дүнд танай Засгийн газар огцорч байсан нь үнэн. Мөн түүний үр дүнд дөрвөн гишүүн л “Давхар дээлтэй” байж болохоор хуульчилсан байдаг. Одоо та хууль ойлгодог болж, ухаарсан байна, баяр хүргэе” хэмээсэн.
Энэ үеэр парламент дахь цөөнхийн төлөөлөл Т.Доржханд гишүүн УИХ-ын чадамжийн асуудлыг тавьж, нэлээд тайлбарласан. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоо цөөхөн байгаа учраас парламент Засгийн газарт хяналт тавьж чадахгүй байна. Сайд нар “Давхар дээл”-тэй байх тохиолдолд гишүүдийн тоо олон байж хяналт тавина гэдэг өнцгөөс тайлбарлаж байв. Мөн “Цэц нэгэнт шийдвэрээ гаргачихлаа. 100 хувь дан дээлтэй байж болно, эсвэл 100 хувь давхар дээлтэй байж болно гээд. Цаашид бид яах вэ. 2024 оны Засгийн газар яах вэ. Улс орны аюулгүй байдал, гадаад дотоод нөхцөл байдал гээд ярих ёстой асуудал бий” гэдгийг анхааруулж байсан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой. Уг шийдвэрт хууль, тогтоомж бүрнээ нийцсэн байх ёстой юм. Тиймээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь асуудлыг шийдвэрлэх цор ганц гаргалгаа” гэдгийг онцолж байв. Эцэст нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 77.8 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )