П.Очирбат: Алимны мод тарихад гол нь сэтгэл л хэрэгтэй

2022 оны 08 сарын 31

Хөдмөлмөрч хүнийг бурхан шагнадаг гэдэг дээ. Уйгагүй хөдөлмөрийн үр дүнд говийн эрс тэс уур амьсгалтай орчинд алимны мод тарьж арааны шүлс асгаруулсан амтат алим хураагаад байгаа залуу хостой ярилцлаа. Тэднийг  П.Очирбат, Г.Жавзмаа гэдэг. Дундговь аймагт амьдардаг, хоёулаа төрийн албанд ажилладаг аж.


-Та хоёрт анх алимны мод тарих бодол хэзээ төрсөн бэ. Ургац арвин байв уу, энэ жилийн тухайд сайхан зун боллоо шүү дээ?

-Ургац арвин байна. Манай гэр бүл гурван хүүхэдтэй, хоёр хүү, нэг охинтой. Манайх аймагтаа орон сууцанд амьдардаг болохоор хүүхдүүдээ агаар салхинд байж, хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэхийг зорьж анх алим тарьж эхэлсэн. Би МУИС-ийг геологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд ЗДТГ-т мэргэжлийн дагуу ахлах мэргэжилтэн, орон нутгийн өмчийн албаны дарга зэрэг албыг хашиж байгаад энэ оноос төрийн албанаас түр чөлөөлөгдөөд хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Манай гэр бүлийн хүн ЗДТГ төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажилладаг. Аав ээжийнхээ хашаанд лагер маягаар очиж хамтдаа байдаг юм. Манай аав ээж их хөдөлмөрч хүмүүс. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Нарийн хүнсний ногоо их тариалдаг. Тахиа галуу үржүүлдэг. Одоо хашаанд чацаргана, үхрийн нүд тариалдаг. Эхнэр бид хоёрын хувьд 2019 онд аав ээжийнхээ хашаанд алимны мод тарьж ургуулаад үндсэндээ дөрөв дэх жилдээ арчлаад ургуулаад явж байна.

- Говийн нутагт жимс, мод, ургамал ургах хэцүү гэж ярьдаг. Танай алимны үр сорт хаанахынх вэ?

-Говьд хайлаас, улиас, шар хуайс, буйлс, голт бор, цэцэгт бор зэрэг модлог ургамал сайн ургадаг. Дундговь аймагт үхрийн нүд, чацаргана зэрэг жимс тариалдаг айлууд зөндөө байдаг. Манайх шиг алимны мод тарьсан хэдэн айл байдаг ч алим нь хараахан жимслээгүй, ургалт муутай байгаа юм билээ. Анх ХХААГ-аас Алтайское Румяное сортын алимны үр авч хашаандаа тарьж байлаа. Манай алим том жимстэй бэсрэг алины сорт юм. Тэр ондоо 10 ширхэг алимны мод тарьснаас ес нь ургаж 90 хувийн амжилттай байсандаа урамшиж цаашид алим тарих болсон доо. Энэ жил дөрөв дэх жилдээ бүр ч их алим ургасан учраас манай гэр бүл маш их баяртай байгаа.

Бид амралтын өдрөөрөө модоо усалж, арчлах, зэрлэгээ түүх гэх мэтчилэн тун завгүй өнгөрдөг ч хожим нь үр, жимсээ өгдөг учраас хүүхдүүд маань маш их дуртай байдаг.

-Алим тарих үйл явц, арчлах тордох, ургац авах хүртэл хэр ажиллагаа шаарддаг вэ?

-Нэг их арчилгаа шаардахгүй. Санасныг бодоход харьцангуй бага гэж ойлгож болно. Хамгийн гол нь тууштай байх л чухал. Өвлийн улиралд бол огт арчилгаа шаардахгүй. Хавар, намар, зундаа услаад зэрлэгийг түүгээд байхад л ургачихдаг юм. Зөөлөн хөрстэй, нөмөр нөөлөг газар сонгож 60-70 см-ийн диаметртэй нүх ухаж, малын өтөг бууц, элс хольж хөрсөө бэлтгэсэн. Ухсан нүхэндээ ус сайтар шингээнэ. Тогоогоо метр гаран хэмжээтэй томхон бэлддэг. Алимны мод тарьж ургуулахад усалгаа сайн байх хэрэгтэй. Эхний хоёр, гурван жилд долоо хоногтоо нэг усалдаг байсан бол энэ жилээс өнжөөд нэг усалдаг болсон. Цагаан-Овоогийн нүүрсний уурхайнаас гардаг гумины шимт бордоогоор бордсон. Усаа зөөврөөр авчирч усалдаг. Аймгийн ундны усыг 30 км-т байрлах Олгойн говийн худгаас зөөвөрлөдөг шүү дээ. Энэ жил хур бороо элбэгтэй зуншлага сайхан байсан нь алимны модны ургалтад сайнаар нөлөөлсөн.

-Танайх энэ жил хэдий хэр ургац авахаар байна вэ. Аймгийнхаа алимны хэрэгцээг хангах зорилго тээж явдаг уу. Тариаланч ногоочдод учирч буй хүндрэл бэрхшээл юу байдаг вэ?

-Говьд алим ургах боломжтой гэдгийг мэдэрсэн учраас талбайнхаа хэмжээг томсгоод аймгийнхаа хэрэгцээг хангая гэсэн зорилго бий. Төсөл бичиж аймаг орон нутагтаа холбогдох газарт нь хандаж, тусламж дэмжлэг авах бодол бий. Алим маань 90 гр хүртэл жинтэй боловсордог. Нэг модноос 10-15 кг орчим алим өгдөг. Энэ жил 100-аад кг алим хураах боломжтой гэж харж байна. Зарж борлуулах хэмжээнд гарахгүй байх, өрхийн хэмжээнд хэрэглэж, ах дүү хамаатан садан найз нөхдөдөө өгөөд таарах болов уу. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулахад ахиу ургаж байна. Есдүгээр сарын эхээр алимаа хурааж авна гээд хүүхдүүд маань тэсэн ядан хүлээгээд л байж байна даа. Говийн хөрс хамгийн үржил шимтэй сайн хөрс байдаг учраас худалдаанд байгаа алимтай зүйрлэхийн аргагүй гоё амттай арааны шүлс гоожим шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай аймагт интоор, чавга таривал ургах боломжтой юм байна гэж ногоочид хэлж байна лээ. Ер нь бидэнд усны асуудал бэрхшээлтэй байдаг, гүний ус зөөвөрлөдөг учир энэ тал дээр жаахан хүндрэлтэй байдаг даа.

-Нутгийнхаа залуу гэр бүлд болон үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Алимны мод тарихад ийм тийм байдаг гээд хэлэх нууц жор байхгүй. Хамгийн гол нь сэтгэл л хэрэгтэй. Энэ модыг ургуулах чин сэтгэл, үнэн сэтгэлээсээ хайрлах л юм бол амжилттай ургана. 

Залуу гэр бүл гэлтгүй нийт монгол айл өрх бүр хашаандаа жимс ногоо тариалж экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл хэв маягтай амьдрахыг уриалж байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй юм шүү. 

Цахимаар олон хүн холбогдож “Алимны модоо яаж ургуулсан бэ, туршлагаасаа хуваалцаач" гээд л асуугаад байгаа. Даанч би мэргэжлийн агрономич хүн биш учраас хангалттай тусалж чадахгүй л байна.

Тууштай байгаад тасралтгүй арчилж чадвал говийн айл ч хашаандаа алим, жимс тарих боломжтой шүү гэж хэлмээр байна.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.107.80) 2022 оны 12 сарын 17

Ийм мундаг залуусыг дэмжээд томхон аж ахуй эрхлэх боломж олговол ч ядаж хор цацаагүй алим идээд байх боломжтой юм байна даа.

0  |  0
Top