Энэ оны эхний улиралд 3.8 хувиар буураад байсан Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хагас жилийн дүнгээр 1.9 хувийн өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан билээ.
Тодотгоход, Төв банкны зүгээс 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгалснаа өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэж байсан. Үндэслэлээ тайлбарлахдаа, нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол, нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзэж байсан юм.
Тэгвэл ҮСХ-ны мэдээллээр, оны эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувиар өссөний 1.8 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 2.2 нэгж хувийг үйлчилгээний салбар, -3.7 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -0.1 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн үзүүлэлттэй байгаа юм.
Түүнчлэн Төв банкны зүгээс эдийн засаг энэ оны эцэст 2 хувийг давсан өсөлттэй гарна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдэж байна.
Эдийн засгийн өсөлтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвтэй холбоотойгоор Төв банкнаас өгч буй мэдээлэлд, эцсийн хэрэглээ цар тахлын өмнөх үеэс 3.7 хувиар даваад буй нь эрэлт сэргэж буйг илтгэж байна. Хөрөнгийн нийт хуримтлал дотоод эрэлт сэргэхэд голлон нөлөөлсөн хэвээр байгааг дурдаж буй юм.
Уул уурхайн бус салбаруудыг нийт дүнгээр нь тооцвол 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна. Тодруулбал, уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбарууд 2019 оны мөн үеийн түвшинд хүрчээ. Харин уул уурхайн салбар уналттай хэвээр байгаа нь ихээхэн сөрөг үр дагавартай байгааг онцоллоо.
Сануулахад, хил боомтын саатал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг олон улсын зарим байгууллагууд бууруулсан.
ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм.
Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байгаа бол Дэлхийн банкны эдийн засагчид 2.5 хувиар өснө гэсэн төсөөллийг танилцуулсан.
“Фитч” агентлаг өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлахдаа, Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2% гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын "динамик тэг Ковид" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна.” гэж мэдэгдсэн.
Харин S&P агентлаг “Түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өснө. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ” гэсэн таамаглалыг өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )