Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Монгол Улс тусгаар тогтоосны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл 7 дугаар сарын 6-нд Лондонгийн Реформ клубт хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад Британийн ГХХНЯ-ныТөрийн сайд Лорд Хаулл, Британи, Монголын Парламентын бүлгийг хамтран даргалагч Лорд Уэйверли, Дээд шүүхийн ерөнхийлөгч Лорд Филлипс зэрэг 200 гаруй Британийн төр, засгийн албаны болон ажил хэрэгч хүмүүс хүрэлцэн ирэв. Элчин сайд Б.Алтангэрэл хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улсын хувьд тэмдэглэлт ойгоор дүүрэн жил болж байгааг тэмдэглээд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Британи Улс Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосонд монголчууд үргэлж талархаж байдгийг илэрхийлж, Монголыг сонирхох сонирхол Британид сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж, хоёр талын харилцаанд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөлөө өсч байгааг онцлов.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )