Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Монгол Улс тусгаар тогтоосны 100, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Хурдан хязаалан насны морины уралдаанаар энэ жилийн дөрвөн их ой давхацсан наадам эхэлж байгаа энэ үед аймгууд эхнээсээ наадмаа хийж байна. Өчигдөр Орхон, Булган, Говь-Алтай аймгуудын баяр наадам эхэллээ. Говь-Алтайн баяр наадамд улсын начин С.Буянт, Г.Ганхуяг, Н.Баярмагнай, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Отгонбаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож, зургаан насны хурдан морь уралдаж байна. Тэгвэл Булганы 73 жилийн ойн наадамд улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож байгаа юм. Харин Орхон аймгийн 35 жилийн ойн их баяр наадамд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг, С.Намсрайжав, улсын начин Ц.Сумъяабэйс, Б.Бадамдорж, Ж.Оргил, Э.Энхбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглож байна. Өчигдөр дээрх гурван аймгийн наадмын хоёрын даваа өндөрлөсөн. Өнөөдөр гурвын даваагаар наадам үргэлжилнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )