Цагийн байдлаас үүдэж, тарианы болц тийм ч сайнгүй байгаа тухай тариаланчид ярьж байна. Хэрвээ дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүйд хүрвэл бид хойд хөршөөс импортын будаа авдаг жамтай. Харин энэ жилийн хувьд хойд хөрш маань будаа экспортод гаргах нь бүү хэл импортоор авахдаа тулчихсан гэх мэдээлэл бий. Арга ч үгүй. Дайн дажинтай, хориг тавиулчихсан хөршид найдах нь хөнгөдөх асуудал. Ийм таагүй мэдээ дундуур Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж асан З.Мэндсайхан тамгаа өгөхдөө Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнийг дахин шинээр тогтоон, нэмээд явжээ.
Ингэхдээ нэгдүгээр ангиллын улаанбуудайн нэг тонн тутмын үнийг 1.000.000, хоёрдугаар ангиллын улаанбуудайг 970.000, гуравдугаар ангиллын улаанбуудайг 940.000, дөрөвдүгээр ангиллын улаанбуудайг 880.000 төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргасан аж. Ёстой л “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг болжээ. Сайд асны шийдвэрийн цаана ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил нуугдаж байна.
Улаан буудайн үнэ нэмэхээр гурил үйлдвэрлэгчид үнээ нэмж таарна. Үүнээс үүдэж, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр ямар ч аргагүй байдалд очино. Иргэдийн гар дээр очиж буй талх, нарийн боовны үнэ нэмэгдэнэ гэсэн үг.
Цар тахал, хил гаалийн хорио гээд эдийн засаг уруудаж, иргэдийн гар дээр мөнгөний хомсдол бий болсон цагт тун таагүй шийдвэр гаргажээ. Уг нь үйлдвэрлэгчид төрөөс баримталж байгаа бодлогын дагуу үнийг тогтвортой барих чиглэлд ажиллаж байна.
Монголын хүнс, тэр тусмаа гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийг тодорхойлж буй үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хүргэхээс гадна улсад чамгүй хэмжээний татвар төвлөрүүлдэг. Үүнээс гадна тэд гаднаас импортын ямар нэг бүтээгдэхүүн оруулж ирдэггүй. Эх орны хөрсөнд ургасан улаан буудай зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, олон зуун ажлын байр бий болгон ажиллаж байгаагаараа онцлог.
Гэтэл одоо хүнсний салбарын сайд асан нь учир битүүлгээр улаанбуудайн үнийг нэмнэ гэж амлаад явчихсан нь үйлдвэрлэгчдэд том цохилт болж үлдэх бололтой. Уг нь улаан буудайн үнэ нэмэх шаардлага байгаагүй.
Газар тариаланд олон зүйл шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ гол тулгуур хүчин зүйл нь шатахуун түлшний үнэ байдаг. Гэтэл манайд шатахуун, түлшний үнийг тогтвортой барьсаар байна. Тэр ч бүү хэл Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, энэ үеэр талууд АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохироод ирсэн.
Үүнээс өмнө дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон он гартал шатахуун, түлшний үнийг тогтвортой барих гэрээг “Роснефть” компанитай тохиролцсон дагуу явж байгааг ч мэдэж байгаа. Гэтэл ямар нэг тодорхой шалтгаангүйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан тамга өгөх мөчид улаанбуудайн үнийг нэмсний цаана ямар шалтгаан байна гэдгийг тодруулах хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Тэр сан нийт будааны 10 хувийг л авдаг гэсэн. Заавал хөдөө аж ахуйг дэмжих санд үнэтэй шахах ямар сонирхол бнаа зарим хүмүүст. Зүгээр гурлын үйлдвэртээ зах зээлийн үнээр нь өг л дөө
Нийт будааны 10 хувийг хөдөө аж ахуйг дэмжих сан авдаг гэсэн. Үлдсэн нь зах зээлийн зарчмаар явна ш дээ. Заавал тэр санд өндөр үнэтэй шахах ямар сонирхол зарим хүмүүст бнаа. өндөр үнэтэй шахаад сурчихсан юм биш үү