МАХН-ынхан нэр авсанаасаа хойш баяраа тэмдэглээд удаагүй байгаа атал халаа сэлгээ ихтэй нарийн бичгийн дарга нь дуу дуугаа авалцан ажлаа хүлээлгэж өгөхөөр болоод байгаа билээ. Өчигдөр МАХН Бага хурлаа хийлээ. Тус намын дарга Н.Энхбаяр өнөөгийн Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаар илтгэсэн бол Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нам байгуулагдсанаасаа хойших ажлаа тайлагналаа. Бага чуулганд 132 гишүүн оролцсоноос 20 гишүүн нэмж элсүүлсэн байна. Тус намын дэд дарга Ц.Шинэбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр мэдэгдчихээд байгаа билээ. Дүрмийнхээ дагуу чуулганы төлөөлөгчид Ц.Шинэбаяр гишүүнийг намынх нь дэд даргаар үлдээх саналтай байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл гишүүд түүнд 100 хувийн саналаар “Өөрөө юу гэж шийдэх нь хамаагүй. Түүнээс өөр МАХН-ын дэд дарга хийх хүн байхгүй. Тиймээс түүний саналыг хүлээж авахгүй” хэмээн дэд даргын суудалд хэвээр үлдээхээр шийдсэн аж. Ц.Шинэбаяр гишүүний хувьд эмнэлэгт хэвтэж байгаа юм. Энэ үеэр гишүүд нарийн бичгийн даргын ажлаас татгалзаж байгаа Ю.Атар, Ч.Өрнөхбаяр нарын талаар бас хэлэлцжээ. Тэднийг бол харин “Ачаа дааж чадахгүй, учраа олохгүй байгаа бол явцгаасан нь дээр. Бид хорьж цагдаад яах вэ” хэмээн чуулганы төлөөлөгчдийн ихэнх нь үзсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг чуулганы дараа намын Гүйцэтгэх зөвлөлөөр тэдний ажлаа өгөх талаар эцэслэн шийдэх юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )