Монголын хөдөөд эдийн засаг хямраагүй

2022 оны 09 сарын 15

Энэ жилийн амралтаар Хөвсгөл нутгийнхаа зүг хөлгийн жолоо заллаа. Дарханы замын адармаагаас зайлсхийж Архангайн засмал замаар 220 км торох юмгүй давхиад Булганы Дашинчилэн сум “Хар бухын балгас” хүрээд хойш эргэж 110 км газрыг шороон замаар довтолгосоор Булганы төв хүрч Хөвсгөлийн засмал замд нийлэн цааш явсаар Тосонцэнгэл сумандаа аяны дөрөө мултлав. Хөдөөгийн зам дагуу байрлуулсан “Яараад яахав, аяндаа хүрнэ дээ” самбарт захирагдан наян километр цагийн хурдтай явсаар очиход шатахуун  чамгүй гамнасан байх нь олзуурхууштай. Хөвсгөл аймгийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор 2019 онд Тосонцэнгэл сумын Соёлын төвийг БНМАУ-ын Гавьяат жүжигчин Хилийн ба Дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Гомбын Өлзийсайхан агсны нэрэмжит болгосон тул миний бие авга эгчийнхээ хөргийг хүрлээр товойлгон бүтээж цагаан гантиг самбарт шигтгэж гадна хананд залав. Г.Өлзийсайхан агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд цуглан ёслолын арга хэмжээг зохиож сумын Засаг дарга ирж талархалын үг хэлж нутаг орны сонин, хөгжлийн талаар товч ярив. Манай сумын мал сүрэг жилээс жилд өсч үржиж,  айл өрхийн тоо эрс нэмэгджээ. Сайрхууштай нь Засаг дарга Ц.Мөнхөө санаачлан уугуул иргэддээ өрхийн хэрэгцээний 0.7 га газрыг чөлөөтэй олгох болсноор хол газар оршин суух уугуул иргэд нутаг усандаа тэмүүлэх,  нутгаа гэсэн сэтгэл зүтгэл, идэвхийг сэргээж, ирж суурших болсон байна. Ингээд ээж, аавын төрж өссөн, нутагладаг байсан Халзан бүргэдтэй уулын салбар Баянбулагийн ам хэмээх сэрүүн сайхан хангайд гарч цөөн хоног хөдөөлөв.

 

Хонины хүн хүндгүй, хонины ноос үнэгүй

 

Миний өвөг дээдэс Тосны гол хэмээх энэхүү тунгалаг устай, тосон бор хөрстэй, ёстой л нарийн өвс халиурсан малын сайхан бэлчээртэй  энэ л хөндийг өгсөн, уруудан нүүдэллэн мал сүргээ маллан аж төрөн нутаглаж ирсэн билээ. Миний багад үзсэн, харсан тэр цагаас өнөөгийн хөдөөгийн байгаль, малчдын амьдрал, аж байдал, зан төлөв, мал маллах арга барил их өөрчлөгдсөн байх юм. Дөч гаруй жилийн өмнө Баянбулагийн ам, мөн түүний арын салбар ам болох Өлзийтийн амны тушаах энэ гармаар гатлахад голын ус морины гэдсээр шүргэн алдан цэлэлздэг байсан агаад голын дээд хэсэгт гарамгүй газраар ойртохын аргагүй дов сондуул, балчиг, бамбалзууртай, хөх цахалдаг, шар өнгийн багаваахай цэцэг нилд нь бүрхсэн байдаг нь үгүй болжээ. Хуучин цагт хонийг ихэвчлэн мориор, эсвэл явганаар өдрийн турш даган хариулдаг байсан. Одоо гэрээсээ дурандаж байгаад мотоциклоор давхин очиж хонио нэг эргүүлсэн болоод тэр дороо буцаад гэртээ давхиад ирдэг болсноор хонины хүн хүндэтгэлгүй болжээ. Одоо үдийн хонь саадаггүй, хурга ишгээ ялгалгүй эхтэй нь хамт бэлчээдэг болсон, айлын хоньд хоорондоо гүйж нийлэх нь үгүй болж нийлсэнч тэгсгээд ижил буруу мал аяндаа ялгаран бэлчдэг болжээ. Хурга, төлөгний ноос нь хөндийрч хөглөрсөн явж харагдана. Ноос авах газар ч байхгүй, засгаас урамшуулал олгохоо больсон гэцгээж байв. Хонины арьс, нэхий ямар ч үнэгүй болсон гэв. Мөн эр хургыг зуны дунд сар шувтарч наадам өнгөрсөн хойно  хөнгөлдөг болсон гэх юм. Хуучин уламжлалаар бол тавдугаар сарын сүүл, зурагдугаар сарын эхээр буюу ялаа, батгана гарахаас өмнө хургаа хөнгөлдөг уламжлалтай байсан. Гэтэл одоо зарим айл эр хургаа томруулж байгаад бүр хонь хөөдөг болсон хойно нь хөнгөлбөл өсөлт бойжилт нь сайн түргэн томордог гэж үздэг болж.  Хаа сайгүй ямаа дийлэнх мал бэлчиж хар ялаа шиг цоохортоно. Малыг хөлөөр нь тууж замын турш хариулан таргалуулдаг туувар, тууварчны  ажил мэргэжил мартагджээ.

 

Урамдах бух, бухын хонхоргүй болсон

 

Зуны цаг гараар бух, жолооч хоёрын жаргал эхэлдэг гэж дээхнэ үед ярьдаг байсан явган үг одоо мартагджээ. Хөдөө бух урамдахгүй болж айлын үхэр дотор нас гүйцсэн бүдүүн бух ер харагдсангүй. Бух гэдэг сүрлэг амьтан уул хангай цуурайдтал урамдаж газар малтан хонхойлж эрэг ирмэгийг эврээрээ сэжин ольж, шороо цацлан тоос манарган сүр хүчээ гайхуулдаг байлаа. Гэтэл бухын хонхор хаана ч таарахгүй эдгэрсэн байх юм. Мөн бүдүүн амбан шар үхэр ч харагдахгүй болжээ. Малчид эр үхрээ өсгөж томруулах  сонирхолгүй болж, сүрэг дотор бухан бяруу, ганц нэг шүдлэн бух харагдана.  Уг нь үхэр сүргийнхээ эцэг малыг тугал, бяруу байхаас нь шинжиж бух тавьдаг байсан уламжлал одоо алдагджээ. Айлын гадна үхэр тэрэг үзэгдэхгүй,  оронд нь портер машин зогсох болжээ. Хөдөөд өлсөж цангасан, ядарч зүдэрсэн айл амьтан, хүн байхгүй байна. Эрээн хаагдсан, эдийн засаг хямарсан, юмны үнэ өссөн гэж санаа зовж шаналсан юм ер алга. Манай малчид малынхаа сүү шимийг бүрэн гүйцэд ашиглаж ирсэн уламжлал улам л орхигдсоор байна. Мал аж ахуйг хөгжүүлэх, аж ахуй эрхлэх талаар төрөөс бодитой дэмжлэг, бодлого алдагджээ. Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлдэг, боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үндэсний аж үйлдвэрийн салбараа төр нь хамгаалахгүй байсаар зах зээлийн шуурганаар сүйрүүлсэн. Уг нь мал сүрэг бол газар дээр өрөөтэй нөхөн төлждөг ил баялаг билээ.

 

Хангайд хадлан гарахгүй, чоно улихгүй

 

“Наадмын маргааш намар” хэмээн манай хангай нутагт зуны адаг сар гармагц хадлан өвс тэжээл бэлтгэх, түлээ модоо базаах, хашаа саравчаа засах, отор нүүдэл хийх гээд их ажил өрнөдөг байсан. Айл бүхэн хадуураа ирлэж, хоол хүнсээ базаан майхан тогоо шанагаа ачин олон хоногоор хадланд гарч зуу, зуун бухал өвс бэлтгэж өвөлжөөндөө татан нэгээс хоёр нуруу хийдэг байсан цаг домог болжээ. Одооны бухал ч гэж хулганы хөеөнөөс томгүй шахам нэг сайн тэвэр  өвсийг бухал гэдэг болж. Гэтэл  энэ нь хатахдаа түргэн, портер машинд ганцхан сэрээдээд ачихад амар хялбар гэнэ. Хэрэгцээний өвсийг зүүн аймгаас ачиж ирдэг өвсний ченжүүдээс худалдаж авдаг болжээ. Агь, гогод түүж сорс зоодой, мангирын дугуй хийж малын тэжээл бэлтгэхээ бүр больсон байна. Сүүлийн 15 жил цагаан мөөг гарахаа байсан, дээр үеэс хоолонд хийж идэж ирсэн гичгэнэ, ямаахай ч ургахаа больсон гэх. Хөдөөд айлууд хөргөгчтэй болсоноор мах борцлох нь багассан байна. Тэнгэр хангай сайхан байвал тавдугаар сарын сүүлчээс шинэ шөл уудаг болжээ. Сарлаг, хайнаг үхэр ховорджээ. Хайнагтай үхэррүү чоно ордоггүй гэдэг. Одоо малчид хурдан буу, унаатай, сайн дурантай түүн дээр гар утастай болсон, боохой хаана үзэгдсэн, хаашаа явсан мэдээллийг тэр дороо солилцон тал бүрээс нь мотоциклтой давхин бүслэн үргээж  дор нь агнадаг байна. Чонын эд эрхтэн үнэд орсон нь ховордох бас нэг шалтгаан болж сүүлийн үед чоно улихаа больсон гэлцэнэ. Харин адуу өсч унага төлөө бүрэн авдаг болжээ. Нэгэн үе тасраад байсан дөрвөн нүдтэй улаан халтар зүстэй хоточ банхар элбэгшиж Түвд гарз нохойны эрлийз нохой үзэгдэж байв. Гэтэл Түвд гарз нохойтой цус холилдсон том биетой ноход хотонд сүр бараатай ч сэргэлэн зангүй, авир муу, хэрцгий ууртай, жижиг нохойг шууд барьчихдаг,  малчны хотонд сайн зохихгүй амьтан гэцгээнэ.

 

Далай ээжийг түшиж аялал жуулчлал хөгжиж байна

 

Монгол орны минь номин цэнхэр сувд, хараад ханашгүй, хайрлаж баршгүй чандмань эрдэнэ цэнгэг уст нуур Хөвсгөл далай ээжийг зорьж ирсэн хэн бүхэн хөвөөнд нь ирж цэнгэг ариун уснаас нь алгандаа тогтоон амсч магнайдаа хүргэдэг, монгол хүн бүрийн заавал ирж үзэх газрын нэг билээ. Хөвсгөл нуурын хойд эргийн дагуу хөл гишгэх зайгүй жуулчны бааз, амралтын газрууд ярайж гадаад, дотоодын жуулчид, аялагч, амрагчдад үйлчилж байна. Энэ жил дотоодын 98665, гадаадын 14050 жуулчин иржээ. Монгол Улсад Далайн тээвэр албан ёсоор үүсч хөгжсөний 70 жилийн ой наймдугаар сарын 20-ны өдөр  тохиож ЗТХ-ийн Яамны Далайн захиргааны газраас усан замын тээвэрчдийн баярыг Хөвсгөл далай дээр усан онгоцны парад зохион байгуулж амрагч, аялагч, нутгийн иргэдэд сонирхуулж байхтай тааралдав. Одоогоос 110 жилийн өмнө буюу 1910 онд анх Хаант Оросын худалдаачид Монголоос үхрийн авахын тулд Хөвсгөл нуурт 40 тонны даацтай, уурын хөдөлгүүртэй усан онгоц угсран тавьж Ханх, Хатгал хоёрын хооронд хөвдөг болсон. Үүгээр манай улсдаа авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврээс хавьгүй ахмад нь бөгөөд ууган тээврийн төрөлд тооцож болох юм. Энэ жил Хатгалын төвөөс Жанхайн амралт жуулчны бааз хүртэл 45 км хатуу хучилттай засмал замыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих ажил хийгдэж байна. Амрагчид Хөвсгөл далайн хөвөөнд сайхан амраад буцаад л авто машинаар олон цаг  давхихад хол замд хэн хүнгүй их ядардаг. Тэгэхлээр цаг хугацааг товчилсон, тав тухтай, хямд өртөгтэй агаарын тээврийн үйлчигээг бий болговол аялал жуулчлалд чухал дэмжлэг болох юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Хатгал суманд дунд оврын агаарын хөлөг бууж хөөрөх нислэгийн зурвас, цагт 50 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай аэропортыг аль 2012 онд ИНЕГ-ын хөрөнгөөр барьж бэлэн болгосон ч одоо хэр нь ашиглалтгүй байна. Энэ бол аялал жуулчлал эрхлэгчид, агаарын тээврийн компаниудын харилцан уялдаа муугаас байгаа боломжоо ашиглаж чадахгүй байгаа нэг жишээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил” санаачилж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болжээ. Хатан далай ээж минь тунгалаг мэлмийд хир буртаг бүү тусаг.  

Агаарын тээвэр холдож, авто тээвэр ноёлжээ.

Дэлгэрмөрөний дэлгүүхэн хөвөө, Мөрөн хот бол миний эхээс унасан газар угаасан ус минь билээ.  Жилээс жилд Мөрөн хот өргөжин хөгжиж, хүн зон нь олширч, зах хязгаараа тэлжээ. Хөвсгөл нутгийн баян хангай  хишиг буянаа харамгүй өгч Мөрөнгийн төвөөр хаа сайгүй энэ жилийн шинэ жимс нэрс, үхрийн нүд, хад жимс зарагдаж, шинэхэн жимс идсэн нил хөх ягаан уруул амтай багачууд, хүүхдүүд гүйлдэнэ. Мөн хуш модны боргоцой болон цайруулсан самар ихээр зарагдана. Баян хангайнхаа өгөөжийг айл өрх бүхэн хүртэж өвлийн турш идэх жимсний чанамалаа базааж авч бас нийслэл хотруу илгээнэ. Хорт хавдрын эсийг дарангуйлах ач холбогдолтой гээд гишүүний чанамал ихээр хийж хүнсэндээ хэрэглэх болжээ. Нийслэл хот Мөрөн хоёрын хоороонд жуулчны тохилог автобусаар өдөр бүрийн өглөө, өдөр, оройн тогтмол цагт том хүн нэг талдаа зорчиход 60.800 төгрөг, хоёрын зэрэг тээшийг үнэгүй тээвэрлэнэ. Харин Мөрөнгөөс Улаанбаатар нисэх онгоцоор зорчиход АэроМонгол компани нэг хүний нислэгийн тийзийг 570.000 төгрөгөөр борлуулдаг байна. Ийм өндөр үнэтэй байхад агаарын тээврийн үйлчилгээ  ард түмнээс улам л холдсоор жирийн иргэдийг хол замд газраар олон цаг авто хөсгөөр зорчихоос өөр сонголтгүй болгожээ.

Аялал жуулчлалын гол бүс нутагт агаарын тээвэр чухал хэрэгтэй байлаа ч нислэгийн давтамж цөөн, тийз өндөр үнэтэй байгаа нь гол бэрхшээл нь болж байна. Үүнийг шийдэх гарц, арга зам байсаар байхад салбарын яамд, агентлагууд олж хардаггүй, мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй, судалгааны бүтээлийг тоодоггүй зэрэг идэвхи санаачлаггүй, хөшүүн хойрог, бүтээлч сэтгэлгүй байна. Малчдаа анхаарч, хөдөө аж ахуйгаа дэмжиж, энэ салбарт өргөн мэдлэг, нарийн мэргэжил, ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан хүмүүсийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд түлхүү ажиллуулж байж л энэ улс орон хөгжин дэвшиж, хүн ардын амьдрал ахуй чинээлэг, хувь заяа өөдлөн бэхжих нь гарцаагүй билээ.

Монголын их амар амгалан, хязгааргүй эрх чөлөө хөдөө л байна.

ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, Доктор Т.Батжаргал

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2022 оны 09 сарын 21

Уншууштай нийтлэл байна. Нэг үгээр хэлбэл аян замын тэмдэглэл юм. Нээрээ л хөдөө нутаг өөрчлөгдөж байгал дэлхий, бэлчээр ус ховордсон, малын тоо толгой хэт өссөн, хөдөөгийнхөн малын ашиг шимийг авахгүй орхидог, авсан ч тэр нь борлуулах зах зээл байхгүй зэрэг олон асуудлыг гярхай олж харж хэн хүний нүдэнд харагдтал товч тодорхой бичсэн байна. Дэд гарчиг бүр нь тус тусдаа бие даасан том сэдлийг хөндсөн байна. Улам дэлгэрүүлж ч бичих хэрэгтэй. Энэ нийтлэлээс төр засгийн удирдлагууд бодож тунгаах шийдвэр гаргах, хөдөөг анхаарах цаг болжээ.

0  |  0
чимэддорж(124.158.68.201) 2022 оны 09 сарын 15

доктор Батжаргал зөв санал,оновчтой шүүмжлэл гаргаж тавьжээ Эх оронч үзэл гэдэг байнга буу,шийдэм барьж харайх биш, унаган нутгийн унасан газар,угаасан усаа хайрлан хамгаалах,дуулан магтаж шүтэн биширч явахад оршдог ажээ.Тосонцэнгэл нэрнээс эхлээд тайлбар нэхсэн олон содон сонин байгалийнүзэсгэлэнт бүтээл,үлгэр домог арвин байгаа Цаашид олон нийтлэл бичээрэй Амжилт хүсье

0  |  0
Top