Есдүгээр сарын 19-нд Мексикийн Мичоакан мужид 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 1985, 2017 оны мөн өдөр Мексикт асар хүчтэй газар хөдөлж, олон мянган хүн амиа алдаж байв. Байгалийн гамшгийн улмаас худалдааны төвийн хана нурж, нэг хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн голомт хүн ам бага суурьшсан Мичоакан мужийн Коалкоман хотоос 63 км зайд, 15 км гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлт Мексикийн 12 мужид мэдрэгдсэн байна.
Байгалийн гамшиг жил бүрийн есдүгээр сарын 19-нд болдог газар хөдлөлтийн бэлэн байдлын дадлага сургуулилтын дохио дуугарснаас хойш 46 минутын дараа болжээ.
1985 оны есдүгээр сарын 19-нд орчин үеийн түүхэн дэх ихээхэн сүйрэл дагуулсан газар хөдлөлт болж байв. 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зөвхөн Мехико хотод 50 мянга гаруй барилга, байшин бүрэн нурж, 40 мянга орчим хүн амиа алдаж байжээ. Түүнээс хойш яг 32 жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 19-нд Мексикийн төвийн бүсэд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байв. Байгалийн гамшгийн улмаас 369 хүн амиа алдаж, олон арван мянган барилга нуржээ.