...Тиймээ. Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж

Чингис

Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм

Тэмүүжин-Өүлэн эхээс төрсөн юм

Тэмүүжин-Өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс доголон нулимст хорвоод

Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд

Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч

Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Оонын халиун зоо шиг халхын саруул талд

Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг

Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж

Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн

Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм

Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт

Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж

Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд

Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм.

Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж

Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж

Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт

Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм

Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж

Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм

Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмөлж

Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм.

Тиймээ. Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй

Тиймээ. Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй

Тиймээ. Чингис өндөр Алтайн зартай юм

Тиймээ. Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм

Хойч үедээ тэр хар буруу санаагүй

Хорин гангийн их гачаалд хатан Онон ширгээгүй

Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан

Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан

Ямар ч байсан Чингис, хангарьд шиг хальж

Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм

Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд

Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм

Чингис-сумын зэвнээс гараагүй юм

Чингис-Өүлэн эхээс төрсөн юм

Чингис-Өрлөг түүхээс гарсан юм

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top