Р.Болд: Чингис хааны нэр, их түүх маань Монголоо хамгаална

2022 оны 09 сарын 22

Түрүүч нь №174 (3729) дугаарт

Монголын түүхийн сонирхолтой зарим сэдвээр доктор Равдансамбуугийн Болдтой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


ЭРТНИЙ ТҮҮХТ МОНГОЛЫН УНАГАН ГАЗАР НУТАГТ ШУНАСАН ХЭН БОЛОВЧ ДЭЛХИЙ НИЙТИЙН ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАХ УЧИРТАЙ

-Монгол Улс цагтаа дэлхийн талыг тамгалсан тэргүүлэгч гүрэн болж байв. Одоо бол дэлхийн том бодлогод төдийлөн нөлөө багатай улс. Ойр тойронд геополитикийн сөргөлдөөнтэй байгаа өнөөгийн ээдрээтэй нөхцөлд бага улсын гадаад бодлого ямархуу байвал оновчтой вэ?

-Би гадаад харилцааны мэргэжилтэн биш учир бодлогын нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй ээ. Харин “том нь жижгийгээ” утга учиргүй шунан түрэмгийлэх явдал ХХI зуунд ч байсаар байгааг бид харцгааж байна.

Бидний их хаан ийм дэг журмыг таашаадаггүй байсан. Тэрээр нөгөө талдаа хүндэтгэл үзүүлж элч төлөөлөгчөө илгээнэ, “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” зарчмыг баримталж үзэл санаа, үйл хэргээ танилцуулна, хамтрахыг хүсэмжилнэ, хүлээцтэй хандана, харин дэлхий нийтийн шинэ дэг журмын төлөөх өөрийнх нь шударга саналыг үл хэрэгсвэл байлдан дагуулал хийдэг байж. Тэртээх XIII зуунд шүү дээ.

Тэр үед эх Монгол Улс нь бусад улсуудтай харьцуулахад цөөн хүн амтай жижигхэн байсан ч өндөр зохион байгуулалттай, төмөр мэт хатуу сахилга баттай цэргүүд, авьяаслаг жанжнууд, зорилгоо сайтар ухамсарласан их хаантай байжээ.

Их хаан итгэлцэлд суурилсан харилцааны эрин үеийг энэ дэлхийд эхлүүлэх гэж эцсээ хүртэл чармайсан. Хар бага наснаасаа итгэлцэл, итгэл гэдэг ямар их үнэ цэнтэй, хүмүүний харилцаанд ямар чухал хүчин зүйл болохыг мах цусаараа мэдэрсэн тэрбээр үзэл бодол, үг хэлэндээ үнэнч амьдарсан эрийн дээд явжээ. Тухайн бүс нутагт шударга дэг журам тогтоох, энх тайван, итгэлцэл бий болгох, олон улсын худалдааг хамгаалах зорилгоор байлдан дагуулал явуулсан байдаг. Эдүгээ ХХI зуун хүн төрөлхтөний их ухаарлын зуун байх учиртай боловч дайн түрэмгийлэл гарсаар л байна. Ийм нөхцөлд Монгол Улсад гадаад талдаа хандсан тун цэгцтэй, олон тулгуурт бодлого, мөн дэлхий нийтийн зүгээс хамгаалалт хэрэгтэй. Хамгаалалт нь олон янз, олон арга хэрэгсэлтэй байдаг. Ярилцлагын сэдэвтэй уялдуулж энд зөвхөн нэг “хамгаалалт” дурдая. Өнөөдөр өнө эртний Грекийн (эдүгээ бол жижиг улс) төрөлх газар нутгийг хэн нэгэн муу санаат түрэмгийлж булаахыг оролдвол дэлхий нийт яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, нийтээрээ эсэргүүцнэ. Хүн төрөлхтөн Афины түүх, түүний суу билигтнүүд Сократ, Платон, Аристотель хийгээд Архимед, Пифагор нарыг өсвөр наснаасаа сайн мэдэх учир эл түрэмгийлэлд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Түүнтэй адил тулгар төрөө манай эриний өмнө байгуулж, их гүрэн болтол нь хөгжүүлж чадсан эртний түүхт Монголын унаган газар нутагт шунасан хэн боловч дэлхий нийтийн их эсэргүүцэлтэй тулгарах учиртай. Үүнд Чингис хааны маань нэр алдар онцгой нөлөөтэй. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг. Чингис хааны нэр, их түүх маань Монголоо хамгаалах болно. Өвөг дээдэс маань үндэс угсаагаа хамгаалах түүхийг үр удамдаа үлдээж чаджээ.

ТҮҮХ БОЛ ХҮЧ, ХАМГААЛАЛТ, БАС БАХАРХАЛ

-Тэгвэл их түүхээ гадаадад сурталчлах нь Мон­голд хамгаалалт болж чадах нь ээ?

-Туулж өнгөрүүлсэн түүх нь тухайн улс, үндэстэнд маш чухал зүйл юм. Өдгөө бид эх түүхээ дэлхий дахинд сайн мэдүүлэх, сайтар сурталчлах үүрэгтэй тулж байна. Япон, Өмнөд Солонгос лугаа адил гадаад сурталчилгаа гэх цэгцтэй, том бодлого бидэнд одоогоор алга. Гадаад дахь монгол судлалыг идэвхжүүлэх, Монголын эрт үеийн түүх, соёлыг сурталчлах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Монголыг мэдэгчид, дэмжигчид энэ дэлхийд олон байж гэмээнэ Монголын аюулгүй байдалд эергээр нөлөөлнө. Өнөөдөр бөмбөрцгийн бүх хүн гартаа ухаалаг утас гэгч хүчирхэг зэвсэгтэй байхад унаган түүх маань урд зүгийн цагаан хэрэмнээс ч дутахгүй дэм хүч, хамгаалалт болно. Түүхээ түмэн газарт мэдүүлэх нь тун чухал. Энэ нь алс холын ард түмнүүдэд төдийгүй ойрын хөршийн олон иргэдэд ч мэдүүлэх ёстой гэсэн үг.

-Нээрээ ч өдгөө “энэ улсад эрт урьдын үүх, түүх байхгүй” гэж ухуулж байгаад довтолдог болоод байх шиг?

-Өнгөрсөн үеийг одоо цагаас хардаг зүйлийг түүх гэж нэрлэдэг. Монгол бол өнө эртний түүхтэй улс үндэстэн. Монголын түүх, тусгаар тогтнол ганц хоёрхон зуун жилээр хязгаарлагдахгүй. Өдгөө өрнөж буй сөргөл­дөөнийг харваас ойрын түүх ярьж байгаад ороод явчих­даг болж. Тиймээс бид Монгол бол эртний түүхт улс үндэстэн гэдгийг түлхүү ярьж сурталчлах шаардлагатай байгаа юм. Хошигнож хэлбэл “эрт урьдын цагт сүн далай, сүмбэр уулс үүсэхээс өмнө бид энэ нутагтаа амьдарч бай­саан” гэсэн ч яахав (Инээв).

“Монголчуудын өвөг дээдэс бол Хүннү нар болой, бид их Модун хааны түүх, уламжлалыг авч яваа хүмүүс” хэмээн Чингис бээр Чанчун бумбатай анх уулзаад хэлсэн байдаг. “Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг мину” хэмээсэн нь ихээхэн учир начиртай. Тийм учир 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх тухай” зарлиг гаргаж Монголын төрт улс МЭӨ байгуулагдсан юм шүү гэдгийг дэлхий нийтэд анх удаа зарлан тунхаг­ласан билээ. Үүнээс өмнө мянганаар тоологдох үүх түү­хээ ярьдаггүй байлаа шүү дээ.

ҮНДЭСТНИЙХЭЭ ТҮҮХИЙГ 1400 ЖИЛЭЭР УРАГШЛУУЛАВ

-Түүгээр үндэснийхээ түүхийг ихээхэн урагшлуулж тоолдог болсон байх аа?

-Ингэж Монголын анхны төр улс байгуулагдсаны их ойг тэмдэглэж Хүннүчүүдийн голомтыг сахиж суугаа удам хойчис нь мөн гэдгээ дэлхий дахины сонорт хүргэж, түрлэг өргөсөн нь ихээхэн ач холбогдолтой үйл болсон. Үүгээр үндэстнийхээ үүх түүхийг даруй 1400 жилээр урагшлуулж чадсан. Төрийн түүхийн эхлэл нь чухамхүү МЭӨ 209 онд тавигдсанаар Монгол нь Египет, Жагар, Хятад, Грек, Ром гэх мэт дэлхийн эртний соёл иргэншлүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд очиж буй юм. Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс мөн.

 

 

Түүх, археологи, газар зүй, соёлын олон баримт монголчуудынхтай ижил төстэй. Хүннү нар Монгол угсаатан болох нь уугуул нутаг орон, малын үүлдэр, сүргийн бүтэц, нийгмийн байгуулал, төрийн аравтлах тогтолцоо, эдийн болон утга соёлын талын угсаатны шинж, ёс заншил, зан үйлийн өвөрмөц онцлог, үгсийн сангийн утга зэрэг олон шинжээр тодорхойлогдож байна. Монгол үндэсний уртын дуу, бөхийн барилдаан, наадам гээд өв соёлын олон зүйл, зан заншил Хүннүгээс эхлэлтэй. Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгор зэрэг газраас олдсон археологийн эд өлгийн зүйлс эдгээрийн нотолгоо мөн. Түүх, археологийн шинэ шинэ баримтууд байнга олдсоор байгааг бид жил бүр харж, сонсож байна.

МОНГОЛЧУУД ИХ ХААНАА ДУРСАХ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БАЙЛАА

-Алтан дэлхийн талыг алгандаа бөмбөрүүлж явсан XIII, XIV зуун Монголын нөлөөтэй цаг үе байсныг, мөн түүнийг үндэслэгч Чингис хааныг үгүйсгэх, гуйвуулах явдал өнгөрсөн нийгмийн үед байсан. Өнөөдөр бас тийм хандлага цухалзаж байна уу?

-Монголчууд их эзэн хааны­хаа талаар мэдэж болох­гүй, ер нь Тэмүжин хэмээх бие хүн энэ дэлхийд огт төрөөгүй, Чингис бол хий хоосон домог, хэн нэгний санаанаасаа зохиосон үлгэр гэх мэт бодлогын зүйлүүд өнгөрсөн зуунд улс төр, уран зохиол, уран сайханд мэр сэр явсан байдаг. Монголын түүхийг Зөвлөлтийн түүхчид тусгайлан гуйвуулж бичсэн нь ч бий. Шинэ зуунд их хааныг маань өөрийн үндэс угсааны этгээд болгох гэсэн оролдлогууд энд тэндээс бас гарч байна аа. Шинэхэн төвхнөсөн улс орнууд их түүхтэй болохыг хүсэж буй нь аргагүй, учир гэвэл түүх бол хүч, хамгаалалт, бас бахархал юм. Гэхдээ бусдын хааныг булаах, түүхийг нь түйвээх замаар биш шүү дээ.

Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг 1962 онд тэмдэглэх гэсэн манай хэсэг эрдэмтний оролдлого Кремлийн бодлогод нийцээгүй тул тэдгээр хүмүүсийг асуудалд ангич, намч байр сууринаас хандсангүй, үндсэрхэг харалган үзэл гаргалаа гээд газрын гаваар ортол цөлсөн байдаг. Уг хэлмэгдүүлэх ажиллагаанд манай нам, төрийнхөн ч дуулгавартай оролцсон. Монголчууд их хаанаа дурсах эрх чөлөөгүй байлаа, ер нь үндэстнийхээ үүх түүхийг үнэнээр нь ярьсан хүнд халгаатай цаг үеийг туулсан. Түүнээс хойш 50 жил чимээ аниргүй явж байгаад 2012 онд 850 жилийнх нь ойг Тэмүжин хүүг төрүүлсэн төрөлх эх орон нь анх удаа албан ёсоор тэмдэглэсэн юм шүү дээ.

-Их хааныг эзлэн түрэмгийлэгч гэх ойлголт гадна талд өдгөө ч байгаа нь  анзаарагддаг...

-Тийм ээ, тэгж өнгөц ойлгох явдал гадаад орнуудад ер нь газар авсан харагддаг. Цус урссан нь үнэн. Гэвч түүхийн үнэн бодит үнэлэмж нь тухайн үеийн нөхцөл байдал, эрин үе, цаг хугацаатай нягт холбоотой байдаг. Түүхийн хувьд цаг хугацаанаас ангид үнэлгээ бол дэмий зүйл. Миний бодлоор Чингис хаан бүхий л амьдралаа эх нутагтаа болон энэ дэлхийд шударга ёс, шударга дэг журам тогтоохын төлөө зориул­сан.

Нүүдэлчдийн тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцсан овог аймгуудыг нэгтгэж их Монгол Улсыг байгуулсан, улмаар хүмүүний түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулан шинэ дэг журам тогтоож, төр нийгмийг төвшитгөсөн боловч Чингисийн дараах Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгө, эзэмших газар нутаг, эмс охид зэрэг өчүүхэн сонирхол, үлэмж их шуналаас үүдэн өөр хоорондоо өширхөн үзэлцсэнээс Их хааныхаа эзэнт гүрнийг сарниан бутаргасан байдаг. Эе эвдэрвэл төр улс доройтож, түмэн олон төөрдөг гашуун түүх юм даа.

Чингис бээр өрнө, дорныг холбох урьд өмнө байгаагүй үзэл санаа, арилжаа наймааны солбицлын үүдийг нээн, эх дэлхийн нэгдмэл байдал, даяаршлын үндсийг тавьж, улс үндэстнүүдийн харилцаанд харилцан хүндэтгэсэн эрх тэгш шинэ дэг журмыг бий болгох, эдийн засаг, худалдааг хамгаалах, алив шашин шүтлэгийг хүн­дэт­гэх, хуулийн дор бүгд алагчлалгүй тэгш байх зарч­мыг зарлан тунхаглаж, хэрэгжүүлэхийн төлөө алд биеэ умартан зүтгэсэн нь үнэн.

Чингис хаан энэхүү шударга зорилтоо бодит болгох үүднээс байлдан дагуулал явуулсан нь хүн төрөлхтөний хөгжлийг хойш татсан гэхээсээ илүүтэй дэг журмыг мэдрүүлж төлөв­шүүлсэн, ухааруулсан байдаг. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэг (НҮБ) түүнийг хүмүүний хөгжлийн хоёр дахь мянганы хамгийн нөлөөтэй эрхмээр тодруулсан билээ. Том агуулгаараа Чингис хааны үйл хэрэг нь дэлхийд энх тайван, шударга ёс тогтооход чиглэж байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Чингис хаан-Тэмүжин бол бидний хувьд үндэсний бахар­хал төдийгүй үндэстнийхээ суу алдрыг өндөрт мандуулахыг үзүүлсэн биет үлгэр жишээ юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярлалаа(202.126.90.22) 2022 оны 09 сарын 23

ЧИНГИС БОЛ ДЭЛХИЙН ТҮҮХ ЯРИХАД МОНГОЛ ҮНДЭСТНЭЭС ДУРСАГДДАГ ГАНЦ ХҮН. ИХ ХААНАА ҮЕИЙН ҮЕД ЯРЬЖ, МЭДҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ

0  |  0
Иргэн(66.181.186.191) 2023 оны 04 сарын 14

Чингис дэлхийн талыг эзэлсэн гээд л байх юм.Дэлхий тийм жижигхэн байсан юмуу.Ийм юм одоо тийм чухал биш.Тэр Чингисийг одоо яаж ч бурханчилаад Монгол хөгжихгүй.

1  |  0
sda(98.215.126.149) 2022 оны 09 сарын 22

mongoliin tuujiig Turkt hudaldaad baidag Bold gedeg chin ene hun uu?

0  |  0
Батбаяр(202.126.89.63) 2022 оны 09 сарын 22

Сайн ярьсан байна. Агуу их Чингис хаан мандтугай

1  |  0
Top