Дээшээ заадаг шүүгчтэй улсад хуулийн засаглал байх уу!

2022 оны 09 сарын 23

Цуврал 1 энд дарна уу

Б.Баасанцогтын эхнэр хуульч Б.Мөнхсайхан илчилж байна (Цуврал-II)


Urug.mn мэдээллийн сайтын сэтгүүлч У.Болортуяад ярилцлага өгснөөс хойш таньдаг хүмүүс “Хүмүүс ямар ч ойлголтгүй байж, хэвлэлийн шуугианаар хоосон л буруутгаад байсан. Тодорхой баримттайгаар ингээд ярих чинь зөв шүү” хэмээн зоригжуулж, дэм өгч байгаад талархах сэтгэл төрлөө. Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор хуулийг хэрхэн завхруулж байгаа талаар үргэлжлүүлэн бичье. Тэрээр Монгол Улсын хуулийг бүр огт хэрэгсэхгүй байна.

2022 оны тавдугаар 12-ны өдөр. Б.Баасанцогтыг буруутгаад байгаа хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэв. Гэтэл шүүх хурал болохын өмнөх өдрүүдэд эхлээд уламжлалт технологийн дагуу хэвлэлийн дайралт ахин өрнөж, “Ганбат гэх шүүгч өмгөөлөгч Б.Баасанцогтын нөлөөнд орох хүн үү” гэх гүтгэлэг ширүүссэн тул тухайн шүүгч “Нөлөөллийн мэдүүлэг гаргаж, шалгуулна. Үүний дараагаар хэргийг хэлэлцэх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Гүтгэлэгт өртсөн шүүгч ингэх нь ч зөв байх.

Ингээд шүүх хуралдаан есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшиллоо. Энд ажиглагдсан зүйл нь хууль, шүүхийнхэн хэвлэлийнхэнтэй үгсэх, цаг хугацаа, үйлдлээ урьдчилан тохирох байдлаар ажлаа явуулдаг шинж тэмдгүүд юм. Зарим сайтуудаар “Баасанцогтын машинаас ийм, тийм бичиг олдлоо”, “Компьютерээс нь хуйвалдааны схем гаргаж авлаа” гэх мэт ор үндэсгүй зүйл бичихэд тэр дор нь хуулийн байгууллага, шүүх өлгөж аваад шийддэг инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү зүйлс зөндөө өрнөлөө. Үнэндээ бол буруутгах, гэм бурууг нотлох ямар ч баримт одоогоор гараагүй. Хэвлэлийн мэдээ л байгаа. Мэдээлэл үндэслэлтэй эсэхийг ч нягтлахгүй шууд шууд л шийдээд явдаг тийм шүүх ардчилсан улсад бодитоор оршиж байна.

Шүүх хурал товлосон өдрөө болох гэтэл уг хэрэгт нь шалгагдаж байгаа Э гэх хүний өмгөөлөгч өнөөх Ганбат шүүгчээс татгалзчихдаг юм. Хачирхалтай нь өмгөөлөгч Сайнгэрэл өөрийн үйлчлүүлэгч Э-д энэ тухайгаа огт мэдэгдээгүй, дур мэдэн татгалзах хүсэлт гаргасан. Энэ нь хуулиар болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээр хориглосон үйлдэл.

Дахиад л хачирхмаар зүйл болсон нь Ерөнхий шүүгч Б.Батболор хууль бус татгалзах хүсэлтийг баяртайгаар хүлээн аваад, хэргийг өөр дээрээ шилжүүлэв. Энд өмгөөлөгч Сайнгэрэл нөлөөнд орсон, үйлчлүүлэгчийнхээ эсрэг ажилласан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй явдал болсон. Хойшлогдсон шүүх хурал болох өдөр шүүх хуралдаанд оролцох М гэгч ковид туссан, өмгөөлөгч нь нэгдүгээр хавьтал боллоо, бас нэг өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардлаа гэх шалтгаанаар бүр тодорхой хугацаа заахгүйгээр хурлыг хойшлууллаа. Тэгээд Б.Баасанцогтыг хугацаа заахгүйгээр цагдан хорих шийдвэр гаргав.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмуудад зааснаар бол иргэн шударга шүүхээр буруу, зөвөө тогтоолгох эрхтэй. Ингэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэлээр л хоригдох учиртай. Б.Баасанцогтыг “Ямар зөрчил гаргасан гэж, ямар үндэслэлээр, аль хуулийн ямар зүйл заалтаар цагдан хорих шийвэр гаргав гэх асуултад шүүгч тайлбар хэлж чадаагүй. Шүүгчийн захирамж бичгээр гарахад “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэсэн яриа байгаа учраас” гэсэн үндэслэл бичсэн байгаа юм.

Дэлхий дээр мөрдөгдөж байгаа бүх хуульд хүнийг “Хэрэг хийж магадгүй” гэх үндэслэлээр хорих, шийтгэхийг хориглодог билээ. Ингэж болдог бол дурын хүнийг, дурын хардалтаар хориод шийтгээд байх боломж үүсэх нь энгийн л логик. Шүүх гагцхүү баримтад тулгуурлан, хуулийн үндэслэлтэйгээр л иргэнийг хорих шийдвэр гаргах ёстой.

Гэтэл Б.Батболор явган ярианд үндэслэн, ямар ч нотлох баримтгүйгээр хүнийг хязгааргүй хугацаагаар хууль бусаар хорих шийдвэрийг гаргачихаж байгаа нь үнэмшихэд хэцүү үйлдэл юм. Энэ бол орчин цагт төсөөлөх ч боломжгүй аймшигтай хэрэг. Цэвэр хилс хэрэгт унагаж байгаа үйлдэл. Хуулийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглах нь хэлмэгдүүлэлт гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Шүүгч хуулиа мөрддөг бол Монгол Улсын Эрүүгийн хуульд ямар тохиолдолд ямар нөхцөл байдал үүсвэл, хэнийг, ямар хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргах ёстойг тодорхой биччихсэн байгаа. Хуульд хугацаа заахгүйгээр хорьж болох зүйл, заалт огт байхгүй. Хуульд заагаагүй үндэслэлээр хүнийг хугацаагүй хорих нь эрүүдэн шүүлтийн хэлбэр юм. Өнөөдөр хүнийг 40 хоног хууль бусаар хорьж болдог шүүх байна, Хүний эрхийн ноцтой зөрчил энд үүссэн.

Энэ нь шүүгч өөрийн итгэл үнэмшлээр хэрэгт хандахгүй байна гэх хардалтыг өөрийн эрхгүй үүсгэж байгаа юм. Монголын орчин цагийн шүүхийн практикт ийм зүйл гарч байгаа нь олон улсад гэмт хэрэгт тооцогдох болно. Хуулийн аль ч сургуульд дам ярианд тулгуурлан хүнийг хорьж болох тухай хичээл заадаггүй. Б.Батболор яагаад ийм илт хууль бус, илэрхий нөлөөлөлд автсан шийдвэр гаргав, хэн түүнд нөлөөлөв. Энэ бол Монголын нийгэмд тавигдаж байгаа том асуулт. Б.Баасанцогтод тулгарсан хууль бус эрүүдэн шүүлт цаашид хэнд ч тохиолдож болох нөхцөл үүсжээ гэсэн дохио.

Наадмын өмнө болсон шүүх хуралдаан дундуур тухайн шүүхийн шүүх хуралдааны танхимд гаднаас нэгэн эрхэм дайран орж ирж, “Баасанцогтоо би чамайг ямар нэг аргаар заавал хориулна даа” гэж хэлсэн байдаг юм. Би тэр хуралдаанд биеэр байгаагүй ч шүүх хуралдааны оролцогч нар, шүүхийн цагдаа гээд бүгд сонссон, шүүхийн цагдаагийн тэмдэглэлд тусгагдсан байдаг юм аа.

Одоо бодоход, тэр хүний хэлсэн үг биелэгдээд байгаа ч юм шиг, хэлснээр нь  нээрээ л хоригдчихсон байна л даа.

Тэр эрхэм бол “Эрэл” компанийн  захирал буюу “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэх хүн юм.

“Шүүгч гагцхүү хуульд захирагдаж, аливаад шударгаар хандана” гэсэн тулгуур зарчим хаачив?

Нэгэнт Ерөнхий шүүгч илт  хуульд байхгүй үндэслэл гаргах, өөрийн зохиосон бололтой хувийнхаа хуулиар хүнийг хорих шийдвэр гаргаад байгаа тул бидний зүгээс түүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, шүүгчээс татгалзах хүсэлтээ тэр дор нь шүүхэд гаргасан. Ерөнхий шүүгчээр нь хэргээ шийдүүлэхээс татгалзаж байгаа тул дүүргийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг журамтай. Гэвч өнөөдрийг хүртэл Шүүгчдийн зөвлөгөөнийг хийлгэхгүй байх бүх мэхийг Б.Батболор хийж байна.

Тэрээр эцсийн арга болгож,  Нийслэлийн давж заалдах шатны шүүх рүү “Б.Баасанцогтын хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх тул Хэргийн харьяалал тогтоож өгнө үү” гэсэн утгатай албан бичиг явуулсан. Энэ нь бас л хуульд заагдаагүй үйлдэл. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Хориотой хүний асуудал яригдаж байгаа тул нэг  хоногийн дотор шүүгчдийн зөвлөгөөнөө хуралдуулж, ээлжийн амралттай байгаа шүүгчдийг онлайнаар оролцуулаад, шийдэх боломжтой. Цэвэр Хан-Уул дүүргийн шүүх дээр шийдвэрлэх асуудал учир хэргийн харьяалал дахин тогтоох шаардлагагүй” гэсэн хариу өгсөн. Гэвч Ерөнхий шүүгч Б.Батболор шалдар булдар шалтаг тоочсоор, зөвлөгөөнийг хуралдуулахгүй байсаар байна.

Бид энэ тухай бүх баримтаа бүрдлүүлэн Б.Батболор шүүгчийг Шүүхийн сахилгын хороонд нь өгсөн байгаа.

Маш ноцтой Мэргэжлийн мэргэшлийн ёс зүйн алдаа гаргасан шүүгч өнөөдөр шүүгчээр ажиллаж болох уу.

Хүнийг хууль бусаар, хүний эрхийг ноцтойгоор хохироон хорьчихоод, өөрөөс нь татгалзах  хүсэлтийг хэлэлцүүлэхгүй, Шүүгчдийн зөвлөгөөнийг хийлгэхгүйгээр өдөр хоногийг аргацааж чаддаг шүүгч Монголд л оршиж байна.

Аргацаагаад байгаа шалтгаан нь шүүх хурал шударга шүүгчийн мэдэлд орвол хэрэгсэхгүй болгох магадлал өндөр гэдэгт байгаа юм. Учир нь ямар ч баримт, үндэслэл байхгүй. Хар таамаг, явган яриа, шар мэдээнд тулгуурлаж ялласан хэрэг... Энэ хүрээд завсарлая.

Цааш үргэлжлүүлэн илчлэх болно. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top