"Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв амьдран суудаг байжээ" хэмээн эхлэх үлгэрийг "Тумбааш" хэмээн нэрийддэг билээ. Эв найрамдалтай байхын ач тус, ахас ихсээ хүндлэх ёсыг тусган харуулдаг эвтэй дөрвөн амьтан буюу тумбаашийн зургийг дорнын ард түмэн ихэд билэгшээн гэртээ залдаг уламжлалтай. Тэгвэл эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон эвтэй дөрвөн амьтны хөшөө Баянзүрх дүүргийн төв цэгт сүндэрлэлээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 2011 оныг "Хөрөнгө оруулалт нийгмийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсний хүрээнд эхний ээлжид Сансарын III хороо Мамба дацан хийдийн аюулгүйн тойрогт "Эвтэй дөрвөн амьтан" бүхий хөшөө цогцолборыг барьж ашиглалтад оруулжээ. Үлгэрт уул ус, ургамал цэцэг жигдэрсэн талд тагтаа модны үр авчран суулгасны дараа заан түүнийг нь услан, туулай газар малтан үндсийг нь төлжүүлж, харин сармагчин ургасан модны мөчир нахиаг нь арчилж, тагтаа өт хорхойноос хамгаалсны эцэст алимны мод удалгүй цэцэглэн, үр жимсээ өгдөг гэж гардаг даа. Яг л түүн шиг заан, сармагчин, туулай, тагтаа бие бие дээрээ сууж модноос алим авч буйг өгүүлэх таван метр орчим өндөртэй хөшөө цогцолборыг барьж, ойр орчмыг нь зүлэгжүүлэн тохижуулжээ. Сүүлийн үед чөлөөт цагаа зөв боловсон амарч өнгөрөөх газар нийслэлд хомс буйд иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Тэгвэл эв найрамдлын бэлгэдэл эвтэй дөрвөн амьтны хөшөөг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хоёр сарын хугацаанц 250 гаруй сая төгрөгийн өртөгтэйгөөр сүндэрлүүлжээ. Нэгэнтээ Ажиа Гэгээний VIII дүрээр тодорсон Дээд Монголын Хөх нуурын гэгээнтэн Ажиа Ринбүүчи эрүүл энх, хүсэл мөрөөдлийн биелэл, эв найрамдал, амьдралын сайн сайхныг бэлгэдсэн эвтэй дөрвөн амьтны зургийг бүтээж монголчуудад дурсгаж байсан удаатай. Ямартай ч, эвтэй дөрвөн амьтны хөшөөний нээлтийн дараа гэр бүл, найз нөхдөөрөө сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байна лээ. Айл гэрт аз жаргал, эв найрамдлыг авчирдаг тумбааш буюу эвтэй дөрвөн амьтны хөшөө ийнхүү Баянзүрх дүүргийн төв цэгт сүндэрлэлээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 1 )
Яаж бодохоороо аюулгүйн тойргийг амрах, чөлөөт цагаа өнгөрөөх газар болгодог байна аа. Бас л нилээд тэнэг санаа шүү. Баярлалаа.