Эрхэмсэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова, Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг хүлээн авч манай эх оронд зочлон ирсэн танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
“Монголын уламжлалт баяр – Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.
Наадмын өмнөх өдөр энэхүү нэр хүндтэй Батламж бичгийг монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гардан авах нэр хүндтэй, аз завшаан тохиож байгаад туйлын баяртай байна.
Эрт дээр үеэс манай монголчуудын эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн уламжлалт баяр бол үндэсний их баяр Наадам билээ. Эрийн гурван наадам нь манай ард түмний цэнгэлийн соёлын дээд хэлбэр, дэлхийн бусад аль ч үндэстэнд байдаггүй нүүдэлчин түмний цогцлон бүтээсэн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэлбэр юм.
Тийм ч учраас “Монголын Уламжлалт баяр Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэлээ. Ийнхүү төлөөллийн жагсаалтад бүртгэснээр “Эрийн гурван Наадам”-ын зан үйл, ёс заншил, улмаар нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр, монгол соёл иргэншилийн төлөөлөл, нэрийн хуудас болсныг илэрхийлж байгаа хэрэг юм.
ЮНЕСКО нь Монгол үндэстний язгуур соёлын хэв төрх, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн морин хуур,уртын дуу, монгол цуур, бий биелгээ, монгол тууль, хөөмэй, бүргэдийн баярыг бүртгэж, дэлхий дахинд түгээн алдаршуулсанд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн нэн талархалтай байдаг бөгөөд цаашид ч соёлын биет бус өвийг үндэсний болон олон улсын түвшинд хамгаалах үйлсэд хамтран ажиллахад бэлэн байна.
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Наадмыг өөрийн биеэр үзэж танилцахаар ирсэн эрхэмсэг хатагтай Ирина Бокова танд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.
Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )