40 их наядаар үнэлэгдэх төрийн өмчит компаниудын IPO хугацаандаа амжих уу?

2022 оны 09 сарын 26

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан билээ. Жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтсан юм.

Тэгвэл өнөөдөр /2022.09.26/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан, Монголын  Хөрөнгийн Биржийн  IPO-г гаргах ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэж засгаас мэдээллээ.

Эдийн засагт нэмэр болох бус нэрмээс болж, улс орны өр ширийг нэмэгдүүлэн төдийгөөс өдийг хүрсэн  олон компани төрд бий. Засгийн зүгээс тэдгээр олон компанийн үйл ажиллагаа, менежментийг олон нийтийн оролцоо, хяналтад шилжүүлснээр алдагдал бус ашиг үйлдвэрлэдэг болно гэж тооцож буй.

Түүнчлэн энэхүү зорилтын  эхлэлээ  Хөрөнгийг биржийг либеральчилж, олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил гэдгийг ЗГХЭГ-ын дарга тодотгож байна. Тэрбээр өнөөдрийн уулзалтаар Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх буюу энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатайг анхааруулж, уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ТУЗ гишүүдээ бүрэн дайчилж, асуудал бэрхшээл тулгарвал холбогдох газруудтай хамтран цаг алдалгүй шийдвэрлэхийг анхааруулжээ. Мөн Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллаж,  ажлын явцын талаар сар болгон мэдээлэл хийж, тогтмол хяналт тавьж ажиллана гэдгээ мэдэгджээ.

Монголын Хөрөнгийн Биржийн  захирал Х.Алтай өмнө нь  “Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компани. Гэхдээ хувьцаат компани болох ёстой. Энэ асуудал нэн тэргүүнд шийдэгдэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын асуудлыг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Тэгвэл Монголын хөрөнгийн бирж жагсаалтад багтсан 30 гаруй компанийн салхийг хагалах төлөвтэй байна.

Сануулахад, Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон.

Энэ  оны төсвийн зорилтдоо, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Гэхдээ зорилтыг хөрсөн дээр буулгах үйл явц удаашралтай байгаа.

Төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх тухай сэдэв өмнө нь олонтаа яригдаж байсан. Өнгөрсөн жилийн хавар засгийн түвшинд яригдаж, улмаар төсвийн төсөл өргөн баригдах үед анхаарал татсан  гол сэдвүүдийн л нэг байсан. Улмаар энэ оны төсвийн тодотгол  болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг  төрийн өмчит 37 хуулийн этгээдийг 34  хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан, нээлттэй хувьцаат компани болгохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусган оруулж ирж, батлуулсан юм.

Мөн “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслөөр “Төрийн банк” ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаалахаар тусгасан юм.

Тэгвэл Төрийн банкны  IPO  төрийн болон орон нутгийн өмчийг олон нийтийн болгох засгийн зорилт болон банкны реформын хүрээнд шийдвэрлэгдэн урагшилж байна. Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа  “Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах талаар хэлэхдээ, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.68.201) 2022 оны 09 сарын 27

олон нийтийн хяналт гэдэг огт худлаа болноо Иргэд яаж хянах вэ ойлглт ч байхгүй харин тэндээс яаж луйвар хийж болох вэ гэвэл оролцох хүн зөндөө гарна

0  |  0
Top