Эзнээ олоогүй халамжуудыг хумьж, иргэдээ ажил хөдөлмөр эрхэлдэг болгох нэн шаардлагатай байгаа талаар эрх баригчид ярьж байна. Тухайлбал, Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгож эхлэх цаг болсон талаар өчигдөр /2022.09.26/ болсон “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр яригдлаа.
Ер нь Хүүхдийн мөнгийг бүгдэд нь хавтгайруулан олгох бус зорилтот хэсэгт л олгоё гэх яриа байнга л яригддаг. Үүний өмнөх жишээ гэхэд, өнгөрсөн жилийн өдийд буюу энэ оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө ч яригдаж л байсан.
Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгийн сэргэлт үргэлжлэхтэй зэрэгцэн Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төсөв дээр Хүүхдийн мөнгөтэй холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж байгаа” гэсний нэг нь 100 мянган төгрөгийн буцаан 20 мянга болгох тухай байсан юм.
Гэхдээ 100 мянгаас шууд 20 мянга руу шилжих нь хэрэглээний түвшинд аваад үзэхэд 70-80 хувийн бууралт нь шок үүсгэх учраас аажмаар шилжилтүүдийг хийх хувилбаруудыг судалж, төсөвтөө тусгана гэж байв.
Улмаар энэ оны эхний хагас жилд 100 мянган төгрөгийг бэлнээр, сүүлийн хагас жилд талыг нь буюу 50 мянган төгрөгийг шууд хуримтлалын данс руу нь татахаар төсөвт тусган баталсан. Харин дөрөвдүгээр сард баталсан төсвийн тодотголд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуустал Хүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгахаар баталсан юм.
Тэгвэл одоо 2023 оны төсвийн төсөл өргөн баригдах дөхсөнтэй зэрэгцэн Хүүхдийн мөнгөний асуудал дахин эрчээ авч, нийгмийн сүлжээнд олон нийт байр сууриа илэрхийлцгээж байна.
УИХ-ын дарга өчигдрийн хэлэлцүүлэгт халамжийг хумих, оновчтой болгох асуудлыг Хүүхдийн мөнгийг эш татан хэлэхдээ, “судалгаанаас үзэхэд” гэж тодотгосон. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох нь оновчтой буюу халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой нийцнэ гэж үзэж байна л даа.
Тэгвэл нөгөө талд иргэдийн хандлага ямар байгаа вэ гэдгийг анхаарал хандуулъя.
Энэ оны эхний гурван сарын хугацаанд Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж, түүний дагуу олгосон тайлан мэдээнээс үзвэл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах хэрэгцээ сонирхол өндөр байна гэж дүгнэлтийг Засгийн газар төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа танилцуулж байв.
Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард 1,230.166 хүүхдэд Төрийн санд хуримтлал үүсгэснээс 1,229,684 хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр олгосон байдаг.
Тэгэхээр 482 хүүхэд л Төрийн санд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргаж, бусдынх нь эцэг эх, асран хамгаалагчид Хүүхдийн 100 мянган төгрөгийг бүтнээр нь, бэлнээр нь авах сонголт хийсэн байгаа юм.
Эндээс үзэхэд, нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдал, бидний хандлага зэрэг тал талын хүчин зүйлсийн нөлөөллөөр иргэд Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хэрэгцээ, сонирхол давамгайлж буй.
Гэтэл нөгөө талд өнгөрсөн онд гэхэд төсвийн нийт зардлын 12 орчим хувийг халамжид зарцуулсны дийлэнх нь Хүүхдийн мөнгөний зардал болчихоод байдаг. Энд тэндээс олон улсын байгууллагаас өөр зээл тавиад энэ мөнгийг олгож байгаа.
Ийм нөхцөлд яах вэ гэдэг асуудал үүсэж буй. Цаашлаад Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэн, хувь хэмжээ тогтоон олголоо гэхэд Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” бодитоор хэрэгжих боломжгүй болж байна.
Сануулахад, ХНХ-ын өмнөх сайд А.Ариунзаяа өнгөрсөн жил “Ковидын үеийн дэмжлэгүүдээс өрх бүрт хүрч байгаа Хүүхдийн мөнгийг ойрын хэдэн сар дотроо 100 мянган төгрөгөөр хэвээр нь олгоё, цаашлаад үе шаттай бууруулах нь зүйтэй юм аа гэдэг дээр санал нэгдэж байгаа. Жишээлбэл, 80 юм уу, 70 мянга болгоод үе шаттай бууруулах талаар яригдаж буй. Хүүхдийн мөнгө 2012 онд анх олгогдож эхлэхдээ л 20 мянган төгрөг байсан. Гэтэл одоо 2022 он болох гэж байхад 20 мянган төгрөг хэвээрээ л байгаа. Арван жилийн хугацаанд инфляцын өсөлтийн ямар ч нөлөөлөл тооцохгүйгээр, 20 мянган төгрөг хэвээр байгаа нь эргэж харах хэрэгтэй гэдэг талаас Засгийн газар дээр яригдсан” гэж байв.
Дашрамд тодотгоход, Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэр гарсан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар жишээлээд авч үзэхэд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1,392.10 байсан байна. Тэгвэл өнөөдөр /2022.09.27/ Төв банкны ханшаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3,301.24 төгрөг байна. Энэ хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар улам уруудсаар, сүүлийн жил гаруйн хугацаанд гэхэд гадаад, дотоод аль аль талын хүчин зүйлсийн нөлөөллөөр инфляцын эрчим хадгалагдсаар байна. Инфляц 2024 оны эхний хагас гэхэд Төв банкны зорилтот түвшинд хүрч тогтворжих төлөвтэй байгаа.
Тэгэхээр энэ нөхцөлд Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олголоо гэхэд буцаад 20 мянган төгрөг болгож буулгах бус төгрөгийн бодит худалдан авах чадвартай уялдуулан тогтоох шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 0 )