Мордохын хазгай буюу Монгол Улсын төсөв

2022 оны 09 сарын 29

Хэрэг явдал эхнээсээ буруудах, бүтэлгүйтэхийн цондонг монголчууд “Мордохын хазгай” хэмээдэг. Тэгвэл энэ хэлц үгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд хамаатуулж ойлгоход буруудахгүй мэт. Учир нь жил бүр л төсөв алдагдалтай гарна. Гарах, гарахдаа бүр хэдэн тэрбум ам.доллараар яригдах болсон. Энэ онд л гэхэд хагас  жилийн гүйцэтгэлээр төсвийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрчээ. Ирэх онд 1.8 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувьд тэнцэхээр тусгасан байна.

Ямар ч агуулгаар нь бодоод үзсэн алдагдлаа бууруулах нь чухал. Гэвч манай улс эсрэгээрээ жил ирэх тусам төсвийн алдагдал нь талийж өгдөг болов. Зах зээл өндөр хөгжсөн ихэнх орнуудад төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-5 хувьтай тэнцэх хэмжээнд байна.

Төсвийн алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байх тусам улсын санхүүгийн чадвар сул, улсын өрийн хэмжээ өсч байгааг харуулахаас гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд сөрөг нөлөө үзүүлдэг зүй тогтолтой. Тэгвэл энэ зүй тогтол манай улсад бодитоор буй болоод байна.

 

Зарим тоо дурдъя. Гадаад валютын нөөц бараг хоёр дахин буурч, 2.6 тэрбум ам.долларт хүрэв. Өнгөрсөн 2021 онд 4.3 их наядын төгрөгийн гадаад эх үүсвэр бүрдсэнээс 3.8 их наядыг гадаад зээлийн төлбөрт зарцуулжээ. Харин энэ жил 1.3 их наяд төгрөгийг зээлийн төлбөрт төлөхөөр байгаа аж.

Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 29.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр. Үлдсэн 3.7 их наяд төгрөг нь Засгийн газрын баталгаа, концесс, орон нутгийн зээл эзэлж байна. Үндсэндээ “Монгол Улс” хэмээх нэгэн өрх айл байна гэж бодоход тус өрхийн санхүү сүйрчихсэн байна гэсэн үг. Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ч гэж хэлж болох.

Ийм байдлаар цаашид энэ улс орны эдийн засаг өөдөө дээшээ дэвшинэ гэвэл хэцүү. Иймээс л улсын нэгдсэн төсвийг ул суурьтай баталж, улстөрчдийн “гараа угаадаг” сав байлгамааргүй байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, санхүүгийн өндөр мэдлэгтэй стратегич, сайн эдийн засагчдаар төсвөө “мануулмаар” байна. Ямар ч тооцоо судалгаагүй, эсвэл хэт өөдрөг төсвийн орлого, түүнийгээ давсан зарлага баталдаг жишиг жил бүрийн улсын нэгдсэн төсөв дээр ажиглагдах болсон.

Баталсан хуулиа байнга өөрчилнө. Хуулиндаа захирагдах бус өөрсдөдөө зориулж төсвийн шинэчлэл хийдэг дураараа хууль тогтоогчдын тарьсан балаг өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байна. Та бод доо.

Монгол Улс төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа батлаад 10 гаруй жил болж байна. Гэтэл энэ хугацаанд 12 удаа тус хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Эндээс харахад манай улсын төсвийн сахилга бат хэр байгааг илтгэнэ. Түрүүн дурдсан. Жил бүр төсвийг алдагдалтай баталж байна. Энэ алдагдлыг бууруулахад сахилга бат хамгийн чухал. Тэвчих боломжтой, хэмнэх ёстой зардлаа хууль тогтоогчид бууруулж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиа, төсвийн үрэлгэн зардлаа тэд онцгой анхаарч ажиллаж чадахгүй байна. Ганцхан жишээ. Улсын төсвийн нэг тэрбум төгрөгөөр байшингийн суурь цутгачихсан тохиолдол гарсныг сонссон л биз дээ. Энэ ч бага хэрэг. Богдзонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр бариулна гээд зүтгээд явж байсан хууль тогтоогчдын асуудлыг уншигчид мартаагүй биз ээ. Энэ мэтээр эрх баригчид төсвийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ирсний гор нь өдгөө ард иргэдийн амьдралд хатуухан цохилт өгөөд байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засаг шинжээч нэгэн эрхэм “Эдийн засаг агшиж байна. Боломж хумигдаж байна. Хэцүү, хүйтэн сарууд ойртож байна. Өрхийн бодит худалдан авах чадвар буурч, өдөр ирэх тусам амьжиргаа, ахуйгаа болгох нь хүнд, тэр хэрээр ярвигтай болж эхэллээ. Хэмнэж, гамнаад ч хүрэлцэхгүй түвшинд очиж байна. Орлогын тэгш бус байдал улам гаарах нь.

Хүмүүс ядарч бас ядуурч байна. Банкны зээл хумигдаж, барилга, уул уурхайн салбарын зээл муудаж эхэлсэн. Хамгийн их мөнгө эргэлддэг энэ хоёр салбарт зээл чанаргүй болж, хугацаа хэтэрч байгаа нь аюул юм. Ийм байхад жижиг, дундууд арчигдана гэсэн үг. Зах зээлийн шударга бус нугачаа, монополь эдийн засагт тэсэж чадахгүй гэсэн үг.

Эргэлтийн хөрөнгө, эдийн засгийг тэтгэх мөнгөний урсгал тасарч, нөхцөл байдал цаашид улам хэцүү зам руу орох, тийм уур амьсгал, тодорхойгүй байдал өнөө бүрджээ. Өр зээлээ энэ улс дийлэхгүй, даахгүй, түүний зарцуулалт элс рүү ус хийсэн мэт болсон байна.

Хөрөнгө оруулалт байхгүй. Хөдөлж байгаа төсөл алга. Зогс­сон, зогсоосон, гацсан. Урагшлах төсөлд нь улаан эх оронч гарч ирээд саад тээг болно. Төгрөгт бус ам.долларт хүмүүс итгэж байна. Тийм болохоор эдийн засагт долларжих үзэгдэл эрчээ авч, хүмүүс хадгаламжаа төгрөгт, зарим нь үл хөдлөх хөрөнгө рүү хувиргаж байна.

Экспортын орлого эдийн засагт орж ирээд байсан юм алга. Нүүрсээ, төмрийн хүдрээ, зэсийн баяжмалаа гаргаж чадахгүй, тээвэрлэж чадахгүй хил дээр эсвэл уурхай дээрээ овоолж, асгаж байна. Бага хэмжээгээр л гаргаж байна. Ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарч байна. Төгрөг үнэгүйдэж, төв банк бодлогын хүүгээ дахиад нэмлээ. Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус, халамж нь хавтгайрсан, зорилтот бүлэгт бүрэн дүүрэн энэ нь хүрч чаддаггүй, бүгдэд амсуулах сон­гуулийн саналын авлига болсон. Залуус нь гадагшаа явахыг илүүд үзсэн, явахаас аргагүй байдалд оруулсан, хөдөлмөрийн бүтээмж буурсан, хийж бүтээх хүсэл мөрөөдөл унтарсан, хүний нөөц нь ховордсон, өр зээлийн дарамт нэмэгдсэн, инфляц буюу үнийн өсөлт цалинг "цай" шиг уусан ийм л эдийн засгийн орчин бүрдээд байна.

Татвар төлөгчдийн зовж олсон орлогыг сорох улсын төсөв нь хүслийн жагсаалт. Нэгдсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт, чиглэлд уялдаагүй. Ерөөсөө 76 гишүүний 76 хүсэл, ашиг сонирхол нуугдсан. 76 улс мэт 76 тийшээ харчихсан. Том зургаараа улсаа харах бус дахиж сонгогдох нүхээ малтсан, өөрийгөө бодсон, сонгуулийн тойрог усалсан, хууль, журмыг хүртэл нийтийн эрх ашигт бус нэг хэсэгт нь эсвэл нэг хэсэг бүлэг этгээдэд зориулж үйлдвэрлэх. Ийм макро орчинд микро асуудал улам томорч, урагшлах бус улсаараа бид ухарч байна” хэмээжээ. Хатуу боловч бодит үнэн ердөө энэ.

Хэдхэн хоногийн дараа намрын чуулган эхлэх гэж байна. Мэдээж намрын чуулганы гол хэлэлцэх асуудал төсөв. Энэ онд төсвийн зардлыг 18 их наяд төгрөгөөр батал­сан. Тэр их мөнгө юунд зарцуулагдав.

Тавхан жилийн өмнө есөн их наяд төгрөгийн төсвийн зардалтай байсан манай улс ийм богино хугацаанд яагаад хоёр дахин их зарлага зарцуулах болов. Төсөвтэйгээ уялдсан мөнгөний бодлого байхгүй. Инфляциа дур зоргоор нь тавьдаг гээд олон шалтгаан дурдагдана. Орлогоо давсан зарцуулалт эцэстээ юунд хүрдгийг эрх баригчид мэдэж л байх ёстой. Сураг сонсох нь ээ, 2023 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Ирэх онд төсвийн орлогыг 19.6 их наяд, зарлагыг 20.3 их наяд төгрөг байхаар тооцсон гэх. Төсвийн зарлага 20 их наяд давсан түүхэн тохиолдол ч гэж хэлж болно. Үүнийг эрх баригчид төдийгүй, энгийн иргэд бүгд онцгой анхаарах ёстой. “Монгол Улс” хэмээх их айлын санхүүгийн сахилга хаана алдагдаж байгааг олох ч ёстой. Үгүй бол энэ байд­лаараа үрэлгэн яваад байвал  улс орны эдийн улам л хүндэрнэ. Улсын нэгдсэн төсвийн төслөө улам чамбайруулахгүй бол энэ мэт урсгалаараа яваад л байвал муу, муухай дээрээ улцан болохын л дохио.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top