ИПОТЕК: Банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл 14%-иар БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Эдийн засгийг сэргээх зорилготой  10 их наядын хөтөлбөрийн нөлөөгөөр иргэдийн орон сууцны зээл эрчимтэй нэмэгдсэн.  Ипотекийн зээл 2018-2020 он хүртэлх хугацаанд 3-6 хувийн тогтмол өсөлттэй байсан бол 2021 оны эцэст 14.9 хувь, 2022 оны хоёрдугаар улиралд 15.5 хувьд хүрч өсжээ. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эцэс гэхэд  ипотекийн зээлд 1 их наяд төгрөг зарцуулсан гэж Төв банкнаас мэдэгдсэн юм.

Шинээр олгосон ипотекийн зээлийн статистикаас харахад Монголбанкны эх үүсвэрийн санхүүжилтээс гадна арилжааны банкны өөрийн эх үүсвэрийн зээл 2021 оны хоёрдугаар улирлаас хойш эрчимтэй нэмэгдсэн байна.  Харин 2022 он гарснаар зээл олголт буурч энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 14 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байв.

Нийт төлөгдсөн зээл болон хугацаанаас өмнө төлөгдсөн зээлийн дүн 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн эрчимтэй өссөн бол 2021 оны гуравдугаар улирлаас эхлэн саарчээ.

Төр засгийн бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүү буурч, зээлийн санхүүжилт нэмэгдсэнээр өрхүүд орон сууцны зээлд хамрагдах сонирхол нэмэгдсэн байна. Гэвч цар тахлын үеийн бодлогын арга хэмжээний хүрээнд ипотекийн зээлийн төлбөрийг 2022 оныг дуустал хойшлуулсан тул энэх хугацаа дуусгавар болмогц өрхийн өрийн дарамтаас үүдэх эрсдэл нэмэгдэхээр байна гэж Санхүүгийн тогтвортой байдлын шинэчилсэн тайланд дурджээ.

Тодотгоход, орон сууцны үнэ өсөхөд нийлүүлэлт талаасаа барилгын өртгийн өсөлт, эрэлт талаасаа 10 их наядын хөтөлбөрөөс шалтгаалсан орон сууцны зээлийн тэлэлт голлон нөлөөлсөн гэж санхүүгийн байгууллагууд үзэж байна. 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн барилгын өртгийн индекcийн өсөлтийг дагаад орон сууцны үнийн индекс /ОСҮИ/ эрчимтэй өсжээ.  Энэ нь нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийг харуулж байна. Гэвч шинэ орон сууцны үнийн индексийн өсөлтийг даган хуучин орон сууцны үнийн индекс хурдтай өссөн нь 10 их наядын хөтөлбөрөөс шалтгаалсан орон сууцны зээлийн тэлэлт буюу эрэлтийн хүчин зүйлийн нөлөө, мөн үнийн хөөсрөл үүсэж  байж болзошгүйг илтгэж байна гэж эдийн засагчид тайлбарлаж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top