Дэлхийд ганцхан Монгол наадам Юнескогийн соёлын өвд бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

 Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтносны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа наадмын өмнөхөн Дэлхийд ганцхан Монгол наадам маань ЮНЕСКО-гийн  хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэгдлээ.  Бүртгэсэн тухай батламж  бичгийг өчигдөр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова  Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод    гардуулан өгсөн байна.  2010 оны 11 дүгээр сард Кени улсад хуралдсан соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсаас гурван  өв бүртгэгдсэний нэг “Монгол үндэстний баяр –Наадам”  орсон байна. Ерөнхий сайд С.Батболд тус батламжийг авах үеэрээ “ Монгол наадам”-ыг ийнхүү ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээр “Эрийн гурван наадам”-ын зан үйл, ёс заншил, улмаар нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр, монгол соёл иргэншлийн төлөөлөл, нэрийн хуудас болсныг илэрхийлж байгаа хэрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Монголчууд бидний үндэсний бахархал болсон “Монгол Наадам “дэлхийн өв санд бүртгэгдсэнээр Монгол үндэстний бүтээн бий болгосон  их өв санг дэлхий нийтэд таниулж байгаа төдийгүй ард иргэд түүний дотор залуу хойч үе  өөрийн өв соёлоороо бахархах, язгуур соёлоо өвлөн уламжлах, сэргээн амилуулах буухиаг улам бүр тэтгэн баяжуулах их үйлсэд бодитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй билээ.  ЮНЕСКО-д морин хуур, уртын дуу хоёр бүртгэлтэй  байдаг байна.

 Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top