УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үед ирэх оны төсөвт валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд гадаадын өр зээлийг нэмэгдүүлэх байдлаар тусгасан нь улсын өрийн таазыг нэмэгдүүлэх, хэтрүүлэхээр боллоо. Монголбанкны өрийг улсын өрөнд оруулж тооцохгүй байна зэрэг шүүмжлэлүүд явж байна. Тиймээс эдгээр асуудал болон ирэх оны төсвийн эргэн тойронд зарим гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
-Төсвийн алдагдал өндөр байх тусам гадаад валютын нөөцөд нөлөөлдөг. Харин ирэх оны төсөв алдагдлаа тодорхой хэмжээгээр бууруулж байгаа. Гэхдээ бидний хүлээсэн хүлээлтэд хүрээгүй. Одоо банкуудын хадгаламжид байгаа төгрөг тодорхой хэмжээгээр банкуудын хувьцаа гарахыг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл тэр мөнгө нь хувьцаа худалдаж авахад зарцуулагдана гэсэн тооцоолол байгаа юм билээ. Энэ нь Монголбанкны валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө. Одоо банкуудын хадгаламжийн долларжилт нэлээд өндөр байгаа. Ханшийн сулралын хүлээлт өндөр байгаа учраас өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид төгрөгөө ам.доллар болгож байна. Энэ урсгалыг зогсооход банкуудын IPO тодорхой хэмжээгээр нөлөөлнө байх. Ер нь ханшийн өсөлтийн эсрэг экспортын орлогоо нэмэгдүүлэх, импортоор гарч байгаа валютын урсгалаа багасгах, гаднын орлогоо нэмэгдүүлэх нь маш чухал байна. Монголчууд бид чинь энэ оны долоодугаар сарын байдлаар 400 сая ам.доллароор автомашин, 600 сая ам.доллароор барилгын материал худалдаж авсан. Мөн 400 сая ам.доллароор гадаад руу аяласан байна шүү дээ. Энэ урсгалыг зогсоох нь чухал. Ер нь төсвийн бодлого болон мөнгөний бодлогоо илүү уялдаатай явуулах нь чухал.
УИХ-ын гишүүн Э.Батшугар
-Манай улсын гадаад өр зээл, бонд нийтдээ 5.7 тэрбум ам.доллар байгаа. Хөгжлийн банк ирэх жил 700 сая ам.долларыг төлөх ёстой. Үүний 200 сая ам.доллар нь Засгийн газрын баталгаатай Самурай бондын төлбөр байгаа. Ирэх онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо гэж зарим хүмүүс ярьж байна. Мэдээж ийм цаг үед ямар ч улс орнд ийм нөхцөл байдал тодорхой хэмжээгээр бий. Ялангуяа геополитикийн нөхцөл байдал, Америкийн болон Европын холбооны Төв банкууд бодлогын хүүгээ их хэмжээгээр өсгөж байна. Харин нөгөө талдаа манай Монгол Улсын нийт макрог нь харвал харьцангуй гайгүй гэсэн найдвар байгаа. Ирэх онд манай экспорт энэ оноо бодвол харьцангуй өндөр хэмжээнд хүрэх бололцоо байна гэж харж байна. Ноднин жилд бид есөн тэрбум ам.долларын экспорт хийсэн. Харин ирэх онд хамгийн багадаа 11 тэрбумын экспорт хийх бололцоо нээгдэж байна. Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад ороод эхэллээ. Нэмээд БНХАУ-ын “Тэг ковид” гэсэн бодлого тодорхой хэмжээгээр сулрах магадлал байна. Мөн ирэх онд Оюу толгойн далд уурхай өгөөжөө өгч эхэлнэ. Энэ бүхнээс харахад бид нэг, нэгээр нь онилж харах бус бүгдийг нь том зургаар нь харж чадвал нэлээд гайгүй эерэг байх бололцоо нээгдэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Эрчим хүчний болон төмөр замын зээлүүдийг 2014 онд гадаад зээлийн өрөнд тооцохгүй, Төв банкны зээлийг хамааруулахгүй гэсэн. Гэтэл эд чинь бүгд л төрийн юм шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээ оруулаад тооцох юм бол 51 хувиасаа хэтрээд явчихсан. Тиймээс одоо өндөр хүүтэй зээл дахиад авах юм бол 70 хувийн босго руу чинь орох гээд байна гэсэн үг. Ингэсэн тохиолдолд олон улсын байгууллагаас өрийн дарамтад орлоо гэж үзнэ. Олон улсын байгууллагын аргачлал нь ч тийм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
-Монгол Улсын өр төлбөр гэж нэг ойлголт байна. Засгийн газрын өр гэж тусдаа ойлголт байгаа шүү дээ. Одоо байгаа 33 тэрбум ам.долларын ихэнх нь Монголбанкны своп хэлцэл байгаа нь нэлээд жин дарж байгаа. Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд хийсэн энэ своп хэлцэл бол нийтдээ найман их наяд төгрөг орчим байх. Үүнийг сунгах асуудал яригдаад явж байх жишээтэй. Тэгэхээр өрийн таазтай холбоотой асуудал дээр цаашдаа жил болгон бууруулж явахаар төсвийн төсөөлөл орж ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Орлого нэмэгдүүлэхийн хэрээр зардлаа танасан. Тэгсэн хэрнээ шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Шинэ хөрөнгө оруулалт бол эдийн засгийг сэргээдэг, ажлын байрыг нэмэгдүүлдэг юм шүү дээ. Үүнийг л би Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр яриад байгаа юм. Уг нь эерэг үзүүлэлтүүд байгаа юм. Төсвийн алдагдлыг 800 тэрбум төгрөгөөр бууруулсан төсөв оруулж ирсэн. Улс орны нөхцөл байдал амаргүй байгаа учраас шууд тэглэж чадахгүй л байх. Бага, багаар төсвийн алдагдал буурч байгаа нь зээл авах гэдэг юм уу, бонд гаргахад сайн нөлөөтэй. Гэсэн хэдий ч түүхэнд байхгүй их хэмжээний буюу 20 их наядын зардалтай төсөв болох гэж байна. Дээрээс нь 36.5 сая тонн нүүрс олборлоно гэж өөдрөгөөр төсөөлсөн нь үндсэндээ уул уурхайн эдийн засагт оруулах хувийг 92 болгочихоод байна. Нэг ёсондоо уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засаг болчихлоо. Эдийн засгаа солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа үйлчилгээ ховор байна. Ер нь л амаргүй төсөв байна даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )