Байгалийн үзэсгэлэн, нууцлаг сүр хүчийг шингээсэн цавчим өндөр хадан цохио.... Хавцлаар нь түргэн урсгалт гол түрхрэн шуугиж, түүн дээр мөнөөх цохионоос эгц доош унах аварга хүрхрээ.... Хүрхрээний угалзарсан давалгаа цагаан хөөс сахруулан хуйларна...
Сарны гэрэлд мушгиран эрчлэх шиг сүртэй нь аргагүй дүнхийж байсан тэрхүү хадан цохио үүр хаяарч нар мандахад алжаасан мэт анир чимээгүй... Үүлэнд цойлдон цамнах хурц ирмэгүүд нь нарны гэрэлд гялтганан солонгорно. Хадан цохионы ойр орчим бүхэлдээ нэг тийм, амь дүйсэн үелзэлд орчихсон мэт санагдана.
Нүдээ аниад, төсөөлж сонссон симфони найрал хөгжмийнхөө нэг хэсэг мэдрэмжээс дүрслэн бичиж байгаа минь энэ... Гэхдээ би нүдээ удаан анихыг хүсээгүй. Учир нь энэ хөгжмийг найруулж, удирдан зогсож буй, зогсох ч гэж дохиураа барин бүжиглэх мэт аяглаж байгаа удирдаач залууг хармаар байсан.
Хором мөч бүрийг нь амьсгаа даран ширтэж, биеийнх нь хэлэмж хөгжмийн айзамтайгаа хэрхэн нийлж бас салж, тэр сүрлэг оркестр гарынх нь уран хөдөлгөөний аясаар нэг чангарч, нэг аажуурч, зэмсэг тус бүрээрээ салан эгшиглэж, эсвэл нэгдэн сүлэлдэж байгаа торгон агшнуудыг, нарийн зохицлуудыг алдмааргүй байсан. Чадварлаг оркестр, түүнийг бүхэлд нь эзэмдэн захирч байгаа залуухан удирдаач, хэмнэлтэйгээ, хэлэмжтэйгээ сэтгэлийн гүн рүү нэвчин орж буй эзэрхэг харизма... Энэ бол Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Рахманиновын “Хад” уран сэтгэмжит симфони, түүнийг удирдаж буй удирдаач, төгөлдөр хуурч Б.Анарын “The Rock” концертын хэсэг байлаа.
Удирдаач хүн урдаасаа ч, ардаасаа ч гоё харагдаж болдог аж. Хөгжмийн боловсрол нимгэнтэй, дундаж үзэгч миний хувьд удирдаачийн мэргэжил төдий ойлгомжгүй боловч хэзээнээсээ сонирхол татдаг байв. Найрал хөгжим бүр өөрийн утга агуулгатай ч түүнийг амилуулж, үзэгчдэд үггүйгээр тайлбарлаж, хүн тус бүрийн сайн мэдэх хэлээр зүрхэнд тултал “хөрвүүлж” өгч байгаа хүмүүс нь удирдаачид гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, тухайн зохиолын характер, шинж чанарыг хүмүүст хүргэх замыг удирдаач тавьж өгдөг гэсэн үг.
Зохиол хэр чанга, сул, удаан эсвэл хурц тоглогдох ёстойг удирдаачийн гарын хөдөлгөөн, биеийн өгүүлэмж, дохиж буй хэмжээсүүд илэрхийлж байдаг. Тиймээс миний хувьд удирдаач бол буй биеэрээ, хөг аялгуугаараа бүх зэмсэгийг өөртөө агуулсан “Хүн-хөгжим” юм.
Өнгөрөгч баасан, бямба гарагт Улсын филармонид тоглогдсон удирдаач, төгөлдөр хуурч, СТА Б.Анарын “The Rock” сонгодог концерт А.Глазуновын “Удиртгал” хөгжмөөр эхэлж, хоёр цаг гаруйн хугацаанд А.Скрябин, С.Рахманинов, С.Прокофьев, Д.Шостакович зэрэг Оросын суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээр үргэлжлэн, монгол хөгжмийн зохиолч З.Хангал агсаны сүр хүчтэй, тал нутгийн “рок” симфониор өндөрлөсөн.
Энэ тоглолтын онцлог гэвэл удирдаач Б.Анар хөгжим бүрийн өмнө тухайн бүтээлийн утга санаа, дүр дүрслэлийг өөрөө тайлбарлаж байлаа.
Удирдаачийг дохиж, хөгжимдөж байхыг харснаас биш лектор шиг ярихыг, хөгжим тус бүрээ итгэлтэйгээр, сэтгэл хөдлөлтэйгээр тайлбарлаж байхыг анх удаа харсан минь энэ. Мэргэжлийн хүний тайлбартай үзсэн болоод ч тэрүү симфониудын утга санаа, өгүүлэмж хөгжмийн мэргэжилгүй жирийн үзэгчдэд ч маш ойр бууж байв. Сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх дөт зам гэж байхгүй ч танин мэдэхүйн талаасаа энэ бол ухаалаг шийдэл байлаа.
А.Скрябины “Мөрөөдлүүд” симфони гэхэд л орон зай, цаг хугацааны мэдрэмжийг алдагдуулж, хүн хэрвээ хүсвэл сүнслэг орчиндоо 5 минутын дотор хаагуур ч аялж, дотоод сэтгэлийн орон зайгаа тэлж болохыг мэдрүүлсэн. Зарим аялгууг тэрбээр өөрөө удирдангаа төгөлдөр хуураар хоршиж тоглосон нь асгарах авьяасаараа аргагүй л илүүрхэж байгаа харагдана лээ.
Тоглолтынхоо нэрийг “Хадан цохио” буюу “The Rock” хэмээн нэрийдсэн нь ч учиртай аж. Дайн тулаантай байгаа энэ үед “Оросын нэрт хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүд” гэж нэрлэх нь төдий л зохимжтой бус гэж үзсэнийх гэнэ. Гэхдээ удирдаач маань “Та нар хөгжмөө сонсохдоо төсөөлөөрэй, хойд хөрш маань яг л хадан цохио мэт сүрлэг, өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож буй, нэг талаар гөжүүд... Би хөгжмийн хүн болохоор тухайн үндэстэнг хөгжмийнхөө хараацаар л дүгнэдэг” гэв.
Дашрамд дурдахад, энэхүү тоглолтыг урлаг судлаач М.Мөнгөнсүх “Залуу үеийнхэн маань орчин цагийн "коллектив эмоци"-ийг жинхэнэ утгаар нь илэрхийлж, репертуарын супер сонголтыг хийсэн байгаад талархмаар байна. Академик хөгжмийн үзүүлбэр өөр түвшинд хүрснийг гэрчилж чадлаа” хэмээн дүгнэсэн байсан.
Концертын төгсгөлд дээр өгүүлсэнчлэн, алдарт хөгжмийн зохиолч З.Хангал агсаны “Уран сэтгэмж” аялгуу эгшиглэсэн. “Энэ бол тал нутгийн рок симфони юм аа. Тэртээ 1985 онд ийм гайхалтай хөгжим бичигдсэн гэхээр би эхлээд итгэж чадахгүй байсан” гэж Б.Анар удирдаач онцолсон.
Дахиад л нүдээ аниад монгол хөгжмөө сонсоход надад морин төвөргөөн, туурайн аясаар оч үсэргэн бутарч буй чулууд, уулын уруу ярган орж ирэх уруйн үер.... ер нь л ээрэм талын онгон байгалийн сүр хүч, гоо үзэсгэлэн, эрхшээл бэрхшээлүүд ээлжлэн төсөөлөгдсөн. “Бид уг нь ийм л сүр хүчтэй үндэстэн шүү дээ” гэх омогшил төрснийг ч нуух юун.
Тэрхэн мөчид эдгээр гайхалтай бүтээлийг амилуулж буй уран бүтээлчид яг далайн давалгаа мэт, түүнийг биеийнхээ уран хэлэмж, төрөлх мэдрэмжээрээ удирдан эгшиглүүлж буй Маэстро Б.Анар давалгааг үүсгэгч “түрлэг” мэт санагдаж, хөгжмийн хэл хэсэгхэн ч болов оюун санаанд минь нэвчин орж, тэрхүү түрлэгэнд уусан шингэмээр санагдлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ Анар ч харин их мундаг залуу бн билээ Түүний удирдахыг харах дуртай Тэр чадвартай шүү Амбицтай байлгүй яахав Үлбийж байснаас хамаагүй дээр
чадваргүй мөртлөө аймар амбицтай залуу бдаг шд энэ Анар
Sain bichjee. Manai simphon nairal sain shu.