1994 оны зургаадугаар сарын эхээр “Дэнжийн 1000” захаас морин тэргэн дээр хөндлөн тавьсан буйдангийн хоёр талд гараад бас болоогүй ээ тамхи зуучихсан Эрдэнэ-Очир бид хоёр мар мар хийтэл инээлдэн явсаар “Дэнжийн 1000” хамгийн баруун гудманд нэрт зураач Цэдэв ахын хашаанд байх жижигхэн байшинд ирж билээ. Энэ үед Ээгий маань хань Энхжаргал хүү Э.Цагаан -Уул нартайгаа гурвуул айл болж байгаа нь тэр л дээ. Морин тэргэн дээр буйдангаас гадна тогоо шанага, усны сав за тэгээд айлд хэрэг болох бүхий л ойр зуурын юмсыг худалдан аваад дөрвөн уулын дунд Дүнжингарав хайрханы ард одоо миний дурсан суугаа Арлааны Эрдэнэ-Очир хэмээх айлыг өрх тусгаарлуулж байгаа нь тэр.
Ингэж л Эрдэнэ-Очирынх гэдэг айл Улаанбаатарын айл болов. Ээгий ч төд удалгүй тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сурвалжлагч болж төрийн ордонд суудаг болов. Жагаа, Уулаа хоёр гэртээ суугаад тэр айлын амьдрал жигдэрлээ дээ. Тэр хашааны эзэн Цэдэв ах болбоос сайн зураач, уран бүтээлч төдийгүй жинхэнэ хүний дээд байсан билээ. Хожмоо тэр жижигхэн байшинд Эрдэнэ-Очирынхыг нүүсний дараа Говийн ноён хутагтын хойд дүр, 9-р ноён хутагт Лувсанданзан Түдэв буюу Угтахбаяр гэгээнтэн шашны сургуулийн сурагч байхдаа сууж байсан гэж сураг сонссон.
Ер нь Цэдэв ахын хашаанд тийм л мэргэн гэгээн, яруу найрагчид цуглаж байхаар өлзий ерөөлтэй газар байсан даа. Манай Эрдэнэ-Очирын “Дэнжийн 1000”-ын гэрээр очоогүй зохиолч яруу найрагч цөөхөн. Болор-цомын дараа багтаж шингэхгүй их олон яруу найрагчид цугладаг газар байж билээ. Цэдэв ах бол 1967 онд “Монгол телевиз” байгуулагдахад тухайн үеийн ЗХУ-д бэлтгэгдсэн зураачдын нэг. Телевизэд ажиллаж байгаад “Тоншуул” сэтгүүл рүү урваж улмаар гэр зуураа чөлөөтэй зургаа зурж уран бүтээлээ туурвиж суух. Манай гэр тэрүүхэн урд зам гараад ногоон нуурт ирж суурьшсан байлаа. Надад эхнэр хүүхэд татлаа түтлээ байх биш ихэнх цагаа Цэдэв ахын хашаанд Ээгийгийнд өнгөрүүлнэ. Бид чинь тэрүүхэндээ одоогийнхоор бол фракц маягийн юм юм үүсгээд авлаа. Зүүн талын гудманд хөгжмийн зохиолч Пүрэвхүүгийнх, УГЗ/ зүүн урд талын гудманд Д. Энхболдбаатарынх / зохиолч/ мөн тэрүүхэн тэнд Шарын Ганхуяг /сэтгүүлч, зохиолч/ ахынх гээд орж гардаг, дарвиж нөхөрлөдөг хэдэн айл байв даа.
Эрдэнэ-Очирыг би анх 1992 онд МЗЭ-с зохиогддог “Нээлттэй хаалганы өдрүүд” - ээр харж шүлэг зохиолыг нь сонсож билээ. Тэр үед МЗЭ залуу зохиолч, эхлэн бичигч нараа сонсох гэж хаалга үүдээ нээж “нээлттэй хаалганы өдрүүд” хэмээн бүхэл бүтэн 3 хоногийн арга хэмжээ зохиодог байлаа. Тэр өвөл би гэдэг хүн болсон болоогүй хэдэн халтар шүлгээ бэлдэж аваад “бут авна” гэсэн шүү юм бодоод хонолоо. Маргааш нь байдаггүй ээ. Эрдэнэ-Очир тэргүүнтэй тэр үеийн УБДС-ын Утга зохиолын ангийн “тодорцон” нөхдүүд орж ирээд мань мэтийн хандыг ч сайн дарсан даа. Хэзээий нэрд гарчихсан, үсээ урт ургуулчихсан, том цүнх барьчихсан хэвлүүхэн яруу найрагч сайхан сайхан шүлэг уншаад л олны талархал хүлээгээд цаанаа л нэг буйртай. Миний нөгөө шүлэг уншиж бут авах ч бүр өнгөрлөө. Ээгий, Ичин, Тэргэл,Чилаа, Жа. Баяраа, Рэгзэд, Мөөжиг, Бидэр Баяраа Шар Тулгаа, Халзан Пүүжээ зэрэг нөхдийнхөө шүлэг яруу найргийг шүлсээ гоожуулан чагнаж бах нэг ханаж цагаахан атаархал хөдлөөд л өнгөрч билээ.,Д. Пүрэвдорж гуай, Ж. Сарантуяа эгч, аугаа Балбар тэргүүтнийг ойроос харж шүлэг зохиол, сургаал юуг нь сонсоод үнэнхүү сайхан байсансан. Төд удалгүй УБДС-иар очиж утга зохиолын ангийнхантай танилцлаа. Манай Дорно дахины утга зохиолын сургуульд/ одоогийн Их Монгол дээд сургууль/. УБДС-иас Н.Пагма маань орж ирсэнээр бид хоёр тэдний хуучин ангийнхантай дотно сайхан танилцсан юм. Эрдэнэ-Очир маань сургуулиа орхиод явсан гээд ангийхан нь баахан гунигтай. Тэр дундаа Бидэр Баяраа бүр ч ганцаардангуй. Баяраа бид хоёр ч төд удалгүй дотносож ихэр хурга шиг л тэнэж явдаг болсон доо.
Ээгий маань ч Шандаас яруу найргийн уралдаан тэмцээнд ирж очно, Баяраа бид хоёр ч Шанд руу вагоны мөнгө олдвол яваад байх санаатай. Шар Эрка ах /яруу найрагч Л.Эрдэнэбат/Ээгий хоёр луу мөнгөтэй мөнгөгүй, хэрэгтэй хэрэггүй мөн ч олон очсон доо. Тэр үед бид нар халуун сэтгэлтэй, гэгээн хүсэл тэмүүлэлтэй, зорьсон зорилготой, хүмүүжилтэй байж дээ гэж одоо боддог. Ер нь уран зохиол, уран бүтээлд нэгэнт орсон хүн бол ёстой Эрдэнэ-Очирын хэлсэнээр “гэгээ түүж” явдаг зуршилтай, гэгээн тэнгэртэй болдог юм билээ.
Шаналж шатаж, бичиж яваа хүний зам мөр хүртэл гэгээн сайхан байсан юм шиг санагддаг. Нэг удаа Бидэр. Баяраа бид хоёр мөнгө дутаад “Хар айраг” хүртэл билет аваад хөөгдөхдөө тулж явтал Жишигийн Дорж гэж сайхан яруу найрагч, цэргийн дарга ах таараад аварч байх жишээний. Билетны ч мөнгөгүй 2 гар гупенд тухалчихсан, цэргийн дарга нартай 100 грамм татсан шиг явах…. Гуч шахам жил сэтгэлдээ ямарч тортоггүй үнэнч найзалсан анд нөхрөө алдана гэдэг аав ээжээ алдахтай адил “хүнд” юм билээ. Би Эрдэн-Очирыгоо тэнгэр болоход тэрийг л ойлгосон. Одоо дурсамжиндаа эргэн орьё. Ээгий ордонд суудаг том сурвалжлагч болсон тухай би түрүүн дурссан даа. Би ч мань хүнийг ордны гадаа их хүлээсэн. Тэр үед Ардын эрх сонинд албаны дарга байсан Э. Сонинтогос эгчид / одоогийн СУИС-ийн захирал/ ажлаа тайлагнаад хэсэг харагдаж байгаад даалгавар аваад гараад ирнэ. Бид хоёр хамтдаа явж мэдээ сурвалжлага, ярилцлага тэмдэглэл мөн ч их бичсэн дээ. Сонины бүхий л төрлүүдээр бичдэг байв.
Тэр дотроос маш олон нэр хүндтэй олны танил уран бүтээлчдийн ярилцлага хийсэн. Уртын дууны их мастер Солийн Цоодол, гавьяат жүжигчин Дашням гуай хоёрыг лав хүнд хэцүүхэн газраас хүртэл олж/ өвгөнтийн хөндий/ ярилцлага хийж явлаа. Тэр үеийн Батлан хамгаалах яамны сайд Ш. Жадамбаа гуай, уртын дуучин гэр бүл, Начин Эрхэмбаяр, Сарантуяа хоёр, морин хуурч Идэрбат гуай, Жүжигчин Нямсүрэн, алдарт дуучин Банзрагч гуайг хэвтэрт байхад нь хамгийн сүүлчийн ярилцлагыг авч байлаа. Б. Лхавгасүрэн, Ш. Сүрэнжав гээд зохиолчдыг бол дуусгасан байхаа. Бүх л ярилцлага юмнуудаа тэмдэглэж авдаг байлаа. Дуу хураагуур энэ тэр бол байдаг л байсан. Ховор живэр. Бид хоёрт бол байгаагүй ээ. Сонины үйлдвэрээс гарсан хаягдал цааснууд их ашиглана. Хоёулаа тэмдэглэж авахад арай хялбар. Дараа нь заримдаа би залхуурч “новширно”. Чи цалинтай хүн өөрөө янзал л гэнэ. Бид хоёрын бичгийн хэв маяг их төстэй. Одоо бүр ч төстэй болоод байгаа. Б. Догмид ах З. Түмэнжаргал багш хоёрын бичгийн хэв их адилхан байсан. Одоо би өөрийнхөө бичсэнийг харахаар Эрдэнэ-Очир бичээд үлдээсэн юм шиг адилхан харагдаад байдаг. Догмид ах болбоос Ээгийгийн амин хайртай ах, би болбоос Түмэнжаргалын амин хайртай шавь нь байсан. Ингэж л бид уран бүтээлийн нэгэн их ай саванд багтсан хүмүүс дээ. Ер нь Эрдэнэ-Очир намайг ганц Догмид ах гэлтгүй уран зохиол, зохиолчдын хүрээлэлд гүнзгий оруулсан хүн. Эрдэнэ-Очирыгоо хүлээгээд ордны гадаа суудаг байснаас арай дээрдэж 1995 онд “Ардын эрх” сонин маань тусдаа гоё байшинд орлоо.
Надад ч их амар боллоо. Тогосоо эрхлэгчид загнуулаад ч хамаагүй өрөөнд нь ороод суучихна даа. Ямар сайндаа Дөнгөтийн Цоодол ах намайг ордны гадаа сууж байхыг олон удаа хараад “хөөрхий муу Эрка нүүдэл дагасан хөгшин банхар шиг нөгөөхөө л хүлээж сууна уу гэдэг байж билээ. Хаврын нэгэн өглөө Ээгий маань за өнөөдөр “араажав”орьё чамайг ажилтай болгоё гэж байна. Мань хүн ч намайг бодоход Араажавыг тэр аяар нь танина л гэнэ. Дэнжийн мянгаас алхаад л Телевиз радио дээр чигээрээ буулаа шүү. Санжийн Пүрэв, Д.Намсрай, З.Дорж Б.Хүрлээ, З.Саруулбаян, Дан.Нямаа гээд бүгд л Ээгийтэй ахаа эгчээ бололцоод мэнд ус болоод сүйд болж байна. Зарим нь Ээгийг үнсэж байна шүү. Ингээд хэрэг зоригоо яриад явтал ер нь “Шинэ эрин” хавьцаа Өндөр Баяраа ах хавьд л нэг орон тооны сураг гарлаа. Яваад орлоо. Намайг ямар таних биш. Ээгийг хараад шатар тоглоод завгүй байсан хирнээ л Ээгийд маань ач холбогдол өгөөд сайхан хүлээж авлаа. Ээгийг ирсэн зорилгоо хэлээд намайг танилцууллаа. Баяраа ах над руу нэг их том харснаа төд удалгүй харц, яриа нь зөөлөрч хэдэн өгүүллэгийг нь уншиж үзэхээр болоод аваад үлдлээ. Орон тоо ч байх нь байна.
Ээгийг бол шууд авах болтой юм. Ингэж л би Эрдэнэ-Очироороо замчлуулан Телевиз, Радио хэмээх энэ их айлын босгийг алхсан түүхтэй. Мөн уран зохиолын 90-ээд оныхоноос хамгийн түрүүнд Радио телевизийн босгийг алхаж жим гэнэ үү зам гэнэ үү ямар нэгэн юм гаргасан хүн. Миний араас манай уран зохиолын 90-ээд оныхон бараг бүгд шахуу ямар нэгэн хэмжээгээр Радио, Телевиз хэмээх “их айл” - тай ажил амьдралаа холбосон байдаг юм. Радиогийн хүн болоод 3 сарын дараа жинхлээд авлаа. Өндөр Баяраа ахдаа ч тоогдоод авлаа. Гоё үнэмлэхтэй ч болов. Ээгийдээ аваачиж үзүүлэхээр Ардын эрх орлоо. Тэр үеийн Мэдээлэл Радио телевизийн улсын хороо, Радиогийн сурвалжлагч М.Эрдэнэбат, Төрийн төв хэвлэл “ Ардын эрх” сонины сурвалжлагч А.Эрдэнэ-Очир гэсэн хоёр үнэмлэхээ зэрэгцүүлээд барьчихсан чи бид хоёрыг одоо хаана ч оруулна шүү дээ гэсээр нэг их догдлонгуй байсан дүр төрх чинь өнөөдөр ч сэтгэл зүрхэнд тодхон байна… за би яахав бүтэлгүй хүн учраас Радиодоо жил арай хүрэлгүй архи уусан хэргээр халагдлаа. Буцаад л ажилгүй амьтан Ардын эрх хавьцаа Ээгийгээ эргүүлддэг ажилтай боллоо. Дөнгөтийн Цоодол ахтай өдөр болгон л таарна. Ямар нэгэн сэтгэлд дулаахан юм ярина. Тэгэх болгондоо л би нэг арга бодож байгаа чи түр томоотой бай гэж битүү хатуу юм ярих. Би үнэндээ Цоодол ахад ажилд ормоор байна энэ тэр гэж юм яриагүй. Гэсэн байтал л надад ажил хайгаад байгаа янзтай. Танай нутгийн ах нарт хэлсэн л гэнэ. Тэр нь Ц. Балдорж эрхлэгч, орлогч Б. Пүрэвдаш / Пүүжээ ах/ хоёрыг хэлээд байгаа янзтай. Гэнэт нэг өдөр л Цоодол ах намайг ардын эрхийн сурвалжлагч болгоотохов. Ээгий бид хоёр ойрхон гэртэйг ч хэлэх үү нэг дор ажилтайг ч хэлэх үү угаасаа салдаггүй байсан улс бүр ч салахаа болилоо. Жагаагийнхаа хоолыг идэж тэднийхээр голдуу л байна. Хаврын нэг хуйсганасан өдөр Жадамбаа генерал чи бид хоёрыг гэртээ урьсан, редакц руу ярьсан явья л гэж байна. Би жоохон цааргаллаа. Би ямар тэр үед жинхэнэ сурвалжлагч нь байсан биш, Чиний л ажил юм чинь чи яв гэлээ. Танай нутгийн генерал, халиуных, аав чинь халиуны хүн биз дээ.
Нутгийн чинь генералын очих гэж байхад хоёулаа явья гэж хань татсаар намайг дагуулаад гарч өглөө. Циркын баруун талын 3 өндөр байшинд тууж очив. Генералынд яваад орлоо. Бид хоёр хоол ундаар баахан дайлуулав. Бүхэл бүтэн сайд, генерал хүн өөрийнх нь хүүхэд шиг хоёр жоохон юмтай юугаа ч ярихав дээ. Тэгээд бид хоёрт нэг нэг адилхан үзэг дурсгаад нэг шил гоё гадаад архи өгөв. / одоо нэрийг нь санадаггүй юм. Распутин байсан болов уу гэж боддог/ Генерал ямар жоохон хүүхдүүдэд архи задлалтай биш гэхдээ энэ 20 гарсан залуучуудыг бүр хүүхэд гэлтэй биш уран зохиол мохиол гээд эд архи дарснаас нэг их хөндий биш байх гээд бид хоёрт архи өгсөн байх.
Эсвэл хашир, ухаантай генерал Эрдэнэ-Очирыг их том яруу найрагч болно гэдгийг нь мэдсэн ч байж магадгүй. Ямартай ч гоё гадаад архи өвөртлөөд генералынхаас гарсан юм даг. Салхи шуурга ихтэй тэнгэр онцгүй. Би хоёр нөгөө сайхан “амьтан” аа хаана аваачиж үгүй хийх тухай ярьсаар Зохиолчдын хороонд дөхөөд иржээ. Ер нь бидний үеийнхэн юм л бол Зохиолчдын хороогоо барааддаг нэг тийм зуршилтай байж билээ. Хороогоор хүн амьтан нэг их алга. Орой 7 цагийн л үе юмдаг. Харин Д.Төрбат ахын хэвлэлийн газрын редактор Болд эгч маань өрөөндөө байж байна. Явж ороод нөгөөхөө гаргалаа даа. Болд эгч ч нэг их сүйд болсонгүй хаалга үүдээ түгжээд гурвуулаа генералын хишгийг хүртлээ. Тэр үед 90-ээд оныхоны залуучуудын номыг “ зөн”цувралаар 80 оныхны номыг “совин” цувралаар гаргахаар Дамбын Төрбат ахын эрхэлж байсан “Монгол уран зохиол, хэвлэлийн газар шийдвэр гаргаад байсан юм. Болд эгч “Зөн”цувралд орох Эрдэнэ-Очирын номын эхийг нэхэж байна. Архи уусан ч ажлаа амжуулж байна шүү дээ одоо бодоход. Тэгсэн Ээгий маань давраад манай Эрдэнэбатын хэдэн өгүүллэгийн “Зөн”цувралд багтаагаад өгөөч гэж Болд эгчээс гуйлаа. Болд эгч бодьё, Төрбат захирлаас гуйя болоод л үлдсэн. Төд удалгүй Төрбат ах зөвшөөрч Болд эгч хэлсэндээ хүрч миний хэдэн муу өгүүллэг “Зөн” цувралаар хэвлэгдэж би гэдэг хүн С.Пүрэв ахаараа өмнөх үг бичүүлэн анхны номоо гаргаж байсан түүхтэй.
Ингээд бодохоор би гэдэг хүн Эрдэнэ-Очиргүйгээр яаж шүү явах байсан юм бол чөтгөр бүү мэд дээ. Бид хоёр ам мурийж үзээгүй. Хааяа нэг хэг ёг болдог л байсан биз. Тоймтой юм санагдадгүй юм. Ямархуу зохиолч, ямар яруу найрагч байсныг нь хүн бүхэн мэддэг бас дурсаж байгаа учраас олон хүнтэй санаа давхцуулахгүй байхыг хичээж үерхэж нөхөрлөсөн он жилүүдээ дурслаа. Тэр минь наддаа тэнгэр шиг, уул шиг, аав шиг минь анд найз байсан.
Хойтон хавар ирэхээрээ
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай гээд эвлэгхэн нь аргагүй гэгэлзтэл дуулдаг байсан чи. Долгорын Нямаа ахыгаа үнэн зүрхнээсээ хайрлаж хааяа очиж эрхлэхээр явдаг байсныг чинь мартаагүй ээ. Чамайг байхад би нэг их нөмөр нөөлөгтэй байсан юм билээ. Хорин настай, хонгор зүстэй байхаасаа найзалсан нөхрийн хувьд байгаа бүхнээ уран зохиол, яруу найрагт зориулж зөвхөн хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулах хувьтай төрснийг чинь мэднэ. Говь нутаг, Равжаа хутагт, Ижий гурваа шүтэж, Лхагва ах, Догмид ах, Шартолгой ах нарыгаа хайрлаж, ихэр хэдэн “Уулаа” энхрийлэнхэн өсгөж, Шар Эрка, Шатар Энхээтэйгээ шараа тайлж явсаныг чинь мартаагүй ээ. Манай Эрдэнэ-Очирт гологддог муу зохиолч, яруу найрагч байгаагүй. Мань мэтийн хайхрамжгүй юмнууд тэрний зохиолч гэж юу байдаг юм, тэрний яруу найрагч гэж ямар юм байдаг юм гэхэд л мань Эрдэнэ-Очир аль хэдийний тэр яруу найраг, зохиолчийн сайхан мөрүүд ч юм уу ямар нэгэн сайхан юмыг уншиж байх жишээний. Сайхан үзэг, гоё тэмдэгэнд их дуртай. Гоё тэмдэг зүүгээд, гоё үзэг ил гаргаж зүүгээд үс гэзгээ намируулаад явах хачин их дуртай. Сайхан хүүхэнд шүлгээ зориулах дуртай.
Түүнээс өөр нэг их юманд шүлэнгтээд хорхойсоод байхгүй. Тэгэсгээд би сонинд нэг их удаагүй. Телевиз Радиогийн энэ саарал байшинд нэг л сэтгэл хоргодоод удалгүй телевизийн хүн болсон. Одоо тэгээд эндхийн ахмадуудын тоонд ороод эхэллээ дээ. Ээгий маань ч Баяраагийнхаа урилгаар нөгөө Араажавынхаа ажлыг хийж байсан даа. Заримдаа ч амин зуулга, мөнгө цаасанд эв дүй муутай ч юм шиг. Сүүлд нь за байз хө наад төрийн шагналыг чинь/ СГЗ цолыг нь хэлсэн юм/ цайллага энэ тэр хийх юмсан. Хоёулаа хамжья даа. Чамайг хараад бүтэхгүй юм байна гэхэд харин тиймээ хө. Хавраас нэг ая бодьё гэж намайг хамжья гэхээр их баяртай байгаа бололтой нүд нь сэргээд ирж билээ. Одоо тэгээд “жинхэнэ” яруу найрагч үзэгдээд өнгөрдөг юм гэсэн л гэж сэтгэлээ хуурах юм даа. Чи бид нар өнөөдөр 50 нас хүрч байна. Чамайг явсанаас хойш алаг эрээн орчлон эргэдгээрээ эргэж л байна. Нартын дор үлдээсэн Нарханд охины чинь өмнө нүгэл хийсэн юм шиг санагдаад хэцүүхэн байх юмаа.
Ээжтэй хүн үхэж болохгүй
Ээж минь цээжиндээ наргүй болно гэж орчлонгийн хүмүүсийг ухаартал дуулчихаад өөрөө болохоор Ижийгээ орхиод явсныг чинь л харин уучилж чадахгүй яваа шүү.
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭБАТ
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан дурсамж. Сайхан найзын үнэн сэтгэлийн үнэртэй гоё бичжээ. А. Э найрагч дэндүү эрт явчихсан шүү. Та хоёр хоёулаа мундаг шүү...
Аргагүй л андын сайхан сэтгэлээс урсан, угалзарсан гэгээн дурсамж байна.
Сайхан бичжээ.Тэр үёийн бидний нөхөрлөл ийм л үнэ цэнтэй байжээ.Сайхан зохиолч байсандаа.