И-пасспорт нэвтрүүлэхтэй холбоотой зардал, зохицуулалт, арга хэмжээг ирэх оны төсвийн төсөлд хэрхэн тусгасан бэ гэдэг асуудлаар холбогдох ажлын хэсгийн зүгээс мэдээлэхдээ ““Засгийн газар энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа” гэв.
И-пасспортыг нэвтрүүлснээр хэрэглэгчийн хил нэвтрэх хугацаа 15 секунд болох бөгөөд холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжсэн, одоогоор 300 гаруй мянган иргэн цахим гарын үсгээ аваад байгаа аж. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аяллын цахим баримт бичгийн нийтийн түлхүүрийн мэдээллийн сан (ICAO PKD)-д Монгол Улсын цахим гарын үсгийн санг нэгтгэх шаардлагатай бөгөөд үүнд шаардлагатай программ хангамж тэргүүтэй холбогдох 4.8 тэрбум төгрөгийн зардлын талаар Сангийн яамтай зөвшилцсөн гэдгээ Х.Нямбаатар сайд хэллээ.
Мөн и-пасспорт хэвлэх асуудлаа шийдвэрлэж байгаа юм байна. Цахим гарын үсгийн утга бүхий и-пасспортоо хэвлэх техникийн шийдэл болон загварыг Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа. Дээрх зардлыг шийдвэл ирэх оны I улирал гэхэд Монгол Улсын иргэд цахим гарын үсэгтэй бүхий и-пасспорт, эсвэл одоо хэрэглэж буй энгийн гадаад пасспортоос сонгох боломж бүрдэх юм байна. Цахим гарын үсэгтэй бүхий и-пасспорт авснаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орны нисэх буудлуудын цахим гарцаар нэвтрэх боломжтой болно. Монгол Улс ч мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээ цахим гарцыг байгуулаад байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )