Автобусны жолооч зорчигч сийрэг үед ч нэг “рейс”-нд 10 мянган төгрөг халаасалж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Хүйтний эрч чангарч буй энэ үед автобус хүлээж зогсох иргэд нааш цааш холхиж, доороо дэвсэлж зогсоно. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд жил бүр түгжрэлийг бууруулж, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ гэж төсөл арга хэмжээ тусгадаг ч тэр нь хэрэгждэггүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны есдүгээр сарын 7-ны ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан байна.

Тодруулбал иргэд автобусны төлбөрөө U-money картаараа болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой болж буй. Өмнө нь нийтийн тээврээр зорчих шаардлага гардаггүй иргэд болоод орон нутгаас орж ирсэн иргэд байнга карт ашиглах боломжгүй тул давхар бэлэн мөнгөний хайрцгийг байршуулж байсан.

Гэвч бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийж байгаа иргэдийн дийлэнх нь дутуу мөнгө хийхээс гадна урагдсан тал мөнгө хийж байгаа нь нийтийн тээврийн компаниудыг ихээхэн алдагдал хүлээхэд хүргэх болсон талаар Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК удаа дараа мэдэгдэж 2017 онд бэлэн мөнгөний хайрцгийг хурааж авсан байдаг. Харин одоо нийтийн тээврийн орлого уналтад орж, жолооч нарын халаас под хийх болов. Иймд өнөөдрийн сурвалжилгаараа автобусны эхлэх цэгээс эцсийн цэг хүртэл явж хэдэн хүн бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгааг тооцооллоо.


 

БЭЛЭН МӨНГӨ ӨГЧ ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД БОЛОН АВЧ БУЙ ЖОЛООЧ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨГЖЛӨӨС ХОЙШ ТАТАЖ БАЙНА

 

Амралтын өдрийн 11 цаг 12 минут. Таван шарын буудлаас “Т-2 (Ботаник-Таван шар)” чиглэлийн автобусанд түрүүлж орж, урд талын суудалд суулаа. Энэ буудлаас 10 гаруй хүн суухад зургаан хүн бэлэн мөнгөөр зорчив. Зорчигчдын ихэнх нь “ахмад настан, хүүхэд, хөнгөлөлттэй зорчигч, баярлалаа” карт уншуулж байсан бол 200, 500 төгрөгийг хээвнэг жолооч руу сарвайгаад хойш зүглэх иргэд ч цөөнгүй байлаа. Жолооч, зорчигч хоёр хэн хэн нь өгч авалцаад сурчихсан харагдав. Амралтын өдөр, өдрийн цаг тул суудал дүүрэхгүй сийрэгхэн байв. Бэлэн мөнгө төлж буй зорчигчдод “картаа дарж үйлчлүүлээрэй” гэх үг жолоочийн амнаас үл гарна.

Харин карт болон бэлэн мөнгө аль алиныг нь төлөөгүй тохиолдолд л хаа нэг гарч сонсогдох юм. Зорчигч картаа бэлдэж үйлчлүүлэх тал дээр хойрго, аль эсвэл нийтийн тээврийг үнэгүй унаа гэж хардаг бололтой. Хаалгаар орж ирээд цүнхээ ухаж зогсож байгаад хойноос нь хүмүүс орж ирэхээр төлбөрөө төлөлгүй явах нь хэд хэд ажиглагдав. 11 цаг 41 минутад Баруун дөрвөн замын автобусны буудал дээр зогсов. Энэ хүртэл найман хүн бэлэн мөнгөөр зорчив. Цааш Улсын их дэлгүүрээс Ботаник хүрэхэд 12 цаг 15 минут болж байлаа. Энэ хүртэл зургаан хүн бэлэн мөнгөөр зорчив. Ийнхүү тус автобусны эхлэх цэгээс эцсийн цэг хүртэл явахад нийт зорчигчдын гуравны нэг хувь нь бэлэн мөнгөөр зорчсон юм.

Нийт 20 хүн 500 төгрөг өгч зорчсон тул жолоочийн халаасанд зөвхөн эхлэх цэгээс эцсийн цэг хүрэхэд л 10 мянган төгрөг орлоо. Нэг эргэлтийг нэг рейс гэж ярьдаг бөгөөд долоон удаа эргэлт хийх нормтой байдаг байна.

Жолооч нар “нэг рейс” яваад тамхи, ундааны мөнгөтэй болдог гэж ойр тойрныхондоо ярьдаг аж. Ажлын өдөр ажлын цаг эхлэх, дуусах үеэр зогсох ч зайгүй хүнээр чихдэг автобус 10 мянган төгрөгийг хоёр, гурав магадгүй дөрөв, тав дахин ч их нугалж олдог нь гарцаагүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газарт орох ёстой мөнгө жолооч нарын халаасанд шилжсэнээс үүдэж үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсдэг. Нэг ёсондоо автобусанд бэлэн мөнгө өгч үйлчлүүлж буй иргэд болон авч буй жолооч нар нийтийн тээврийн хөгжлөөс хойш татаж байгаа хэрэг.

 

91 ЖОЛООЧИД 2.900.000 ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үйлчлүүлэгчдийн 47.4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмараас тодруулахад “Нийтийн тээврийн ААН-үүдийн хооронд хийсэн гэрээнд жолооч нар иргэдийг бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүрэгтэйг заасан. Үүнийг зөрчвөл жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 25 мянган төгрөгөөр, харин мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авна. Бэлэн мөнгө авч байгаа жолоочид Авто тээврийн хяналтын улсын байцаагч хариуцлага тооцдог.  2022 оны өнөөдрийн байдлаар 91 зөрчилд хоёр сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Жолоочийн бэлэн мөнгө авч байгаа үйлдлийг зураг бичлэгээр баталгаажуулсан тохиолдолд, иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу жолоочийг дуудаж шалгаад нотлогдвол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгож байна” гэв.

Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас сар бүр зорчигчийн шалгалт хий­дэг байна. Авто тээрийн хянал­тын улсын байцаагчид ажиллахаас гадна бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байх шалгагч нарыг ажиллуулдаг аж. Харин нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталсан. Энэ талаар тодруулахад "Нийтийн тээврийн автобуснуудад бэлэн мөнгөний хайрцгийг байрлуулна. Ингэснээр иргэд бэлэн мөнгөөр ч, цахим картаараа ч төлбөрөө төлөх боломжтой болох юм. Хуучин шиг мөнгө хураагч ажиллахгүй. Лацадсан бэлэн мөнгөний хайрцаг тавина. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байж тогтоол хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл захирамжаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулаад үйлчилж эхлэх хугацааг тогтоох юм. НИТХ-ын хуралдаанаас "Улаанбаатар смарт карт" компанийн үйл ажиллагааг цуцлах шийдвэр гараа­гүй. Нийтийн тээврийн автобусанд U-money картаар төлбөрөө төлөх үйлчилгээ хэвээр байна"  гэлээ.

Смарт картын систем нэвтэрсэн 2015 онд нийтийн тээврийн орлого 48 тэрбум 766 сая төгрөг байсан. Харин 2016 онд 45 тэрбум, 2017 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байна. 2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн. 2021 онд 5.8 тэрбумын алдагдалтай ажилласан тооцоог гаргажээ. Иргэд картаа цэнэглэдэггүй, бэлэн мөнгөөр зорчдог байдал даамжирсаар нийтийн тээврийг “дампуурал” руу түлхэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.90.91) 2022 оны 10 сарын 25

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР МАШ ИХ БЭЛЭН МӨНГӨ АВЧ БАЙГАА ИЧИХ ЗОВОХ Ч ҮГҮЙ АВДАГ МӨН ЗОРЧИГЧДЫГ МАШ ИХ ЗАГНАДАГ

0  |  0
зорчигч(202.21.124.3) 2022 оны 10 сарын 25

Амралтын өдөр, хүн сийрэг үед, хотын төв орчмоор автобус эхлэх цэгээс эцсийн цэг хүртэлх 1 цаг хүрэхгүй хугацаанд л 10к халаасалж байна. Тэгэхээр өдөрт 7 рейс 14 эргэлт гэхээр багадаа 140к. Хамгийн гол нь нэг жолооч л энэ мөнгийг аваад зогсох асуудал биш 970 автобусны жолооч аваад байгаа хэрэг. Нийтийн тээвэр сүүлдээ зардлаа дийлэхгүй бид бүхний НДШ-ийн мөнгөнөөс жил бүр нийтийн тээврийн шинэчлэл хийнэ гэж 400 гаруй тэрбум авдаг. Иргэд өөрсдөө ухамсартай, нийтийн тээврээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй бол ганц удаагийн 500 төгрөг 500-дахгүй шүү дээ.

0  |  0
(192.82.80.241) 2022 оны 10 сарын 25

Агаарын юм ярихын, новш

0  |  0
зочин(66.181.166.84) 2022 оны 10 сарын 25

мөнгө төлөх ёстой хүмүүсийн чинь 50 хувь нь л жолоочид мөнгөө өгч байгаа харагддаг шүү дээ. Бодож гаргах амархан байгаа биз дээ

0  |  0
Үнэн2(59.153.113.120) 2022 оны 10 сарын 25

Юун 10 . 50мянгатай бууж бна. Дунлаж өдөр 30 -40 тэй бууцгааж бн. Энииг зогсоовол автобус тээвриин алдагдал гарна шүү

0  |  0
зочин(59.153.113.121) 2022 оны 10 сарын 25

Нэг рейсд 10 биш 20-ыг хийж байгаа, нөгөө хайрцаг тавих юу болсон вэ?, 100 төгрөг ч гэсэн жолоочид биш тухайн компанидаа орж байвал зүгээр бидээ.

0  |  0
Зорчигч (66.181.186.61) 2022 оны 10 сарын 25

Энийг шийдэх амархан . Картаа хямд болгох юм уу үнэгүй болгох, карт цэнэглэх асуудлыг маш энгийн болгох.

1  |  0
Top