Соёлын яам өв соёлоо төдийгүй аялал жуулчлалаа сэргээхэд нөлөөлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд нийгмийн олон салбарт адил тэнцүү бодлого барьж, жигд хөдөлгөх хэрэгтэйг хаа хаанаа сануулж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайд суурилсан эдийн засагтай Монгол Улс зөвхөн нүүрс, алт, зэсээ экспортлох, уурхайд техникийн шинэчлэл хийхийн төлөө бус бүхий л салбартаа адил тэнцүү хандах ёстойг л сануулсан хэрэг. Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлаас үүдэлтэй аялал жуулчлалын салбар уруудаж, соёл урлагийн салбар зогссон гэхэд болно.

Арга ч үгүй, олон улс хаалга үүдээ барьсан учраас хэн нь хэнийдээ зочилж дуулж хуурдах билээ. Манайх соёлын үйлдвэрлэлийг сонгодог утгаар нь эрхэлж, бөөн бөөнөөр нь гадагшаа экспортолдоггүй. Гадны олон мянган жуулчдаас асар их мөнгө “сааж” төсвөө зузаалаад сүйд болдоггүй.

Яахав, өөрсдийнхөө хэмжээнд цөөн ч гэсэн жуулчдад үндэсний уламжлалт өв соёлоо таниулан сурталчилснаар Монгол Улсыг зорих жуулчдын тоог бага багаар нэмж ирсэн түүхтэй. Монголыг зорих нэг томоохон шалтгаан бол нүүдэлчдийн иргэншил, өвөрмөц зан заншил, соёл урлаг юм. Азийн цээжинд байх Монгол Улсын газар зүйн байршил, байгалийн онгон дагшин байдал ч нөлөөлдөг байх.

Гэхдээ хамгийн гол зүйл бол нүүдэлчдийн өвөрмөц өв соёл гэдгийг мартаж болохгүй. Энэ л юугаар ч солихгүй үнэт зүйл юм. Бид өвөрмөц ёс заншил, соёл урлагаа олон улсад экспортлоод дэлхийн талыг эзлэхгүй юм гэхэд бага багаар ч атугай жуулчдын анхааралд оруулах зорилгоор урлаг соёлын арга хэмжээг эх орондоо байнга зохион байгуулж, жуулчдыг татах нь зүй ёсны хэрэг болжээ.

Харин хөл хорионы хугацаанд жуулчдаар дамжуулан олон улсад уламжлалт өв соёлоо сурталчлах ажил зогссон. Тиймээс хөгжил буурай орны хувьд урт хугацааны хөл хорионы дараа урлаг соёл, аялал жуулчлалын салбараа сэргээнэ гэдэг амаргүй. Чамгүй ажил болно.

Гэхдээ Засгийн газраас 2020 онд бие даасан Соёлын яамтай байх ёстой гэж үзсэн. Тиймээс боловсрол хэмээх их айлын хаяа хатавч бараадаж олон жил амьдарсан соёл урлагийнхан өрх тусгаарлаж бууриа зассан төдийгүй өргөө цагаан гэрээ бариад авсан нь юу юунаас том олз юм. Ийнхүү 2021 оны нэгдүгээр сард Соёлын сайдаар Ч.Номинг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилж, хоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдлыг улбар шар түвшинээс шар түвшинд шилжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан юм. Ингэснээр олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс орон болов.

Шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номин ч хөл хөдөлгөөн нээхтэй дөрөө харшуулан, юуны өмнө Монголын уламжлалт өв соёлыг барьж авсан нь унтаж байсан соёл, урлагийн салбарыг сэрээх үйлсэд чамгүй хувь нэмрээ оруулсан гэдгийг салбарынхан дуулгалаа. Хэдийгээр цар тахал хөл хориотой ч соёл урлагийнхан маань цахимаар үйл ажиллагаа явуулж ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн.

Гэвч хөл хорионы үеийн соёл урлагийн арга хэмжээ бүх талаараа дутуу дулимаг байсныг бид бүхэн мэднэ. Харин хөл хорио тавьж, хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан Соёлын яамнаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан нь салбараа сэрээгээд зогсохгүй үндэсний өв уламжлалаа сурталчилах, хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо.

Тухайлбал, Урианхай, Тува түмний "Соёлын өвийн өдрүүд"-ийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнд долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван өдөр зохион байгуулсан. Уг наадамд Тува, ӨвөрМонгол, Шинжаан уйгарын Өөртөө засах орны Алтайн урианхайчууд олноор хүрэлцэн ирсэн. Үүнийг нэр бүхий УИХ-ын гишүүд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд тал талын дэмжлэгтэйээр зохион байгуулсан. Урианхай түмний өвөрмөц өв соёл бол олон улсын татах биет бус өв учраас энэ ажил нь жилээс жилд өргөжөөд явах арга хэмжээ болсон гэж үздэг. Монгол Улс өөрөө олон ястан үндэстнийг агуулдаг тусгаар улс учраас энэхүү арга хэмжээ нь Монгол Улс нэгдмэл улс шүү гэдгээ дотооддоо төдийгүй олон улсад сурталчилсан зүйл байв.

Мөнхүү наймдугаар сарын 6-ны өдөр Хүйн долоон худагт хоёр жил өнжөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав. Хэдийгээр цөөн ч гэсэн шашин соёлын наадмыг үзэхээр гадны 150 жуулчин захиалга өгсөн бол захиалга өгөөгүй олон зочин ирсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Үүнээс гадна соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 2022 оны наймдугаар сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Нүүдэлчин Монгол-2022” их наадам зохион байгуулахад гадна дотны 12000 хүн үзэж сонирхосон байдаг. Мэдээж хэрэг хоёр жил өнжсөн үндэсний их баяр наадам болсон гэхээр цар тахлын дараах зун монголчууд зүгээр суусангүй. Засгийн газрын бодлогын дагуу Соёлын яам, бусад газар агентлаг, Төрийн бус байгууллагууд, УИХ-ын зарим гишүүд хамтран зохион байгуулсан энэ бүх ажил нь ирээдүйд жуулчдыг татах томоохон арга хэмжээ боллоо гэдгийг дуулгаж байна. Ийнхүү Засгийн газраас нэгдсэн бодлого гаргаад салбар яамд бие биенийхээ ажлыг чиг үүргийн дагуу дэмжээд явахаар болохгүй зүйл байхгүйг харуулсан хэрэг.

Тухайлбал, Монгол Улс үндэсний өвөрмөц ёс заншил, соёл урлагаа сурталчилсан арга хэмжээ зохион байгуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам чиг үүргийн дагуу хамтран оролцож, аялал жуулчлалын тал дээр менежмент хийх нь чухал гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна. Шинээр байгуулагдсан Соёлын яам нь энд зөвхөн соёл урлаг, үндэсний өв соёлоо сурталчлаад зогсохгүй аялал жуулчлалын салбарыг сэргээхэд томоохон хувь нэмрээ оруулсан гэж болно. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top