Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн далбааны өдөр, Үндэсний баяр наадамд зориулсан цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд өнөөдөр оролцлоо. Цэргийн ёслолын жагсаал командлагч хошууч генерал Б.Баярмагнай Батлан хамгаалахын сайд Л.Болдод рапорт өгч, сайд цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилсний дараа Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, төрийн дуулал цэргийн үлээвэр найрал хөгжимд эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын зогссон индрийн өмнүүр Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, Хил хамгаалах ерөнхий газар, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын цэргийн ёслолын жагсаал, тэдний араас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар төрт ёсны уламжлалыг хадгалан Зэвсэгт хүчний байгууллагын үндсэн зарчимд нийцүүлэн, байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх чадвар бүхий Морин сумангийн морьтон дайчид, Зэвсэгт хүчний цэргийн техникийн буюу домогт “Катуша” тийрэлтэт их бууны байлдааны машинууд, пуужингийн хөдөлгөөнт цогцолборууд сүр жавхлантайгаар явж өнгөрлөө.
Монгол Улсын Төрийн далбаанд ийнхүү хүндэтгэл үзүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )