Шүгэл үлээгчийн хууль сонгууль угтсан ажиллагаа биш биз

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Засгийн газраас “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийг өргөн барьжээ. Гол автор нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бололтой. Ямартай ч энэ хуулийг тойрсон элдэв маргаан ид өрнөж байна. Хуулийн утга санаа, агуулгыг энгийнээр аваад үзэхэд нийгэмд үймээн үүсгэх магадлал өндөр харагдана. Цахим халдлагаас эхлээд олон хардлага дунд оршиж буй нийгэмд хэрүүл тэмцэл ирэх нь гарцаагүй. Үүнийг тойрсон үл итгэлцэл, өнөөх Монгол хүний жудаг, ноён нуруу энд л алдагдаж таарна.

Үнэн хэрэгтээ Монгол Улс  цахим орчноо ч цэгцэлж чадаагүй байхад дараагийн үймээн самуун орж ирж байна гэж хэлэхэд буруудахгүй. Уг хуулийг түмэн олонд зөв талаас нь тайлбарлан хүргэж байх ёстой сэтгүүлч хүртэл хүн доромжилчихоод түүнийгээ “шүгэл үлээсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгч явна. Хууль батлагдаагүй хэлэлцэж байхад ийм хандлага гарч байхад батлагдаад мөрдөөд эхлэхээр юу болох бол.

Нийгэмд хоосон хардлага сэрдлэгэ төрүүлж, үймээн дэгдээхээс гадна эгэл ардуудад хүртээлтэй зүйл биш байх. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мөрдөн байцаагчид хар авахуулдаггүй луйварчид эгэл ардуудад ул мөр үлдээх үү. Үгүй л болов уу. Шүүх хүчний байгууллагууд олон мянган алба хаагчтай үйл ажиллагаа явуулж, хууль сахиулагчид үй олноороо ажиллаж байхад заавал нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх хууль баталж яах гээд байгаа юм бол.

Үүнээс гадна нэг том аюул байгаа нь айсуй 2024 оны сонгууль угтаж, нэр дэвшигчдэд өрсөлдөгчөө намнах нэг сайхан боломж гаргаж өгч байгаа юм биш биз гэх хардлага байна.

Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт өрсөлдөж байгаа МАН-ын нэр дэвшигчийн эсрэг АН-аас зохион байгуулалтайгаар дугаар хорооны иргэнээр нэг баримт гаргаад АТГ-д өгчихөөр яах билээ. Энэ хэргийн учрыг олохын тулд хуулийн дагуу нэр дэвшигчийг барьж саатуулна, мөрдөж байцаана. Илүү их мөрдөх шаардлага гарвал цагдан хорихоос эхлээд асуудал үүснэ. Юун сонгуульд өрсөлдөх болно. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан мөрдөгдөөд эхлэхээр энэ мэт зүйлс тохиолдоно. Нэгэнт хууль гарчихсан байхад УИХ-ын сонгуулиар илүүтэй ашиглана.

Хуулийн дагуу гомдол өргөдлийг барагдуулахын тулд нэр дэвшигчид ч бай, сайд, дарга ч бай мөрдөн шалгах болно. Энэ хугацаанд сонгуулийн ажиллагаа дуусна. Холбогдох байгууллагаас шалгаад үнэхээр баримтаар нотлогдож байвал шийтгэл хүлээнэ. Баримтаар нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болгоно. Хамгийн гол нь энэ хугацаанд нэр дэвшигч хохирч, өрсөлдөгчид давуу байдал олгох байдал ажиглагдана.

Өнгөрөгч 2020 оны сонгуулиар ямар үйл явдал өрнөлөө. Цөөнгүй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны дундуур баривчлагдаж, торны цаанаас сонгуульдсан. Энэ нь Төрийн өндөр эрх мэдэлтнээс баримттай, баримтгүй өрнүүлсэн улс төрийн ажиллагаа байсныг хожим эх сурвалжууд дэлгэсэн. Тухайн үед баривчлагдаж байсан нөхдийн ихэнхийнх нь хэрэг нотлогдоогүй учраас сонгууль өнгөрөхөөр сулласан. Зарим нэг нь торны цаана ялалт байгуулчихаад гарч ирж тангаргаа өргөсөн гээд завхарал бий болсон гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Энэ утгаараа Шүгэл үлээгчийн тухай хууль нь айсуй сонгууль угтсан ажиллагаа биш биз гэх хардлага ч нийгэмд бий боллоо.

Хуулийг энгийнээр аваад үзвэл юуны өмнө иргэний өгсөн мэдээллийг битүүмжлээд хамгаалах аж. Мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж хяналт шалгалт хийх, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах зэргээр эх сурвалжаа нууцлах юм байна. Хэрвээ Төрийн албан хаагч мэдээлэл гаргах юм бол төрийн болон албаны, байгууллагын нууц хамаарахгүй гэнэ. Одоогийн байдлаар бол УИХ-аас Төрийн албаны нууцын тухай хууль гэж сүрхий хууль гаргачихаад сэтгүүлчид болон иргэдэд “Төрийн нууц, хууль” яриад сууж байгаа шүү дээ. Харин Шүгэл үлээгчийн хуулиар бол төрийн болон албан байгууллагын нууц задарна гэсэн үг.

Мөн мэдээлэл өгч байгаа иргэний баталгааг хангаж, хариуцлагад татахгүйгээр хамгаалалтын арга хэмжээ авна гэжээ. Тиймээс хууль, хүчний байгууллагууд нь шүгэл үлээгчийг дэмжиж ажиллахын зэрэгцээ тодорхой мөнгөн урамшуулал олгохоор хуульд мөнгөн дүнтэй нь заажээ. Гагцхүү хуулийн агуулга дотор мэдээлэл өгсөн нөхдүүдээс болж хүний эрх зөрчигдөж, хохирвол яах вэ гэх тодорхой заалт байхгүй нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Үүнээс гадна олон зүйлийг нягтлах хэрэгтэй. Тухайлбал, төрийн албан хаагчид дургүй албан хаагчаа матвал яах юм. Нэг чиглэлд ажилладаг аж ахуй нэгжүүд нэгнийгээ унагаах мэдээлэл дамжуулвал яах юм. Энэ чинь өрсөлдөөнт зах зээлийн нийгэм шүү дээ. Дээр дурдсанчлан сонгуулиар өрсөлдөгчөө зайлуулах бодлого явуулбал яах юм. Ямар нэгэн байдлаар Монгол Улсын иргэний эрх зөрчигдөж, эрхээ хязгаарлуулвал яах юм. Улмаар эрт урьдын өш хонзонгийн хэрэгсэл болгож, үр хүүхэд, ах дүү, амраг садангаараа хохирвол яах юм гэсэн зохицуулалт хууль дотор тов тодорхой байхгүй гэдгийг шүүмжилж байна. Байгаа зүйл заалт нь дэндүү бүрхэг аж.

Өнөөдрийн байдлаар Шүгэл үлээгчийн хуулийг тойрсон элдэв маргаан өрнөсөөр байгаа бөгөөд парламент дотор ч хэдэн хэсэгт хуваагдаад үзэж тарж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын гишүүд эсэргүүцэж, хуулиа эргэн харахыг сануулж байгаа. Харин парламентын поп гишүүд бол алгаа ташин хүлээн авч байгаа нь харагдана.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ их чухал хууль орж ирж байна. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Энэ Засгийн газар хүсэл зорилго гаргаж байгаад баярлаж байна. Цагтаа би ч бас шүгэл үлээсэн, хонгилыг илчилж л байсан. Хүн хонгил дундуур явж байж л ойлгодог. Энэ нийгэмд хэрэгтэй. Сүүлдээ хүн үнэнийг хэлэхээс айдаг болсон, хар амиа хичээдэг болсон” гэх зэргээр сайшааж байгаа бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнгөрсөн 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллалаа. Рио Тинто гэж 600 тэрбумын баялаг авч, 23 тэрбумын өрөнд оруулчихсан талаар 20-иод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд Рио Тинто 18 тэрбум төгрөг зарцуулж, шүгэл үлээгчийг гутаалаа. Үүнийг яаж сэргийлж байгаа вэ. Хүнийг амьдралгүй болтол нь захиалгат шүглийг үлээдэг. Үүнийг яаж ялгаж байна вэ. Мань мэт яах вэ, үлээгээд үлээх ч мэдээлэлгүй болчихсон болохоор дэмжиж байна” гэх зэргээр дэмжиж байна.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Нэрээ нууцалж шүгэл үлээж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээж болно” гэж байгаа ч эх сурвалжаа нууцлах хамгаалалт хэвлэлийн салбарт байхгүй. Үүнээс болж мэдээлэл гаргасныхаа дагуу хэлмэгдэх, хавчигдах, шахагдах сөрөг үр дагавар гарахаас өөр аргагүй. Үүнийг зохицуулахын тулд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилж боловсруулж байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн.

Одоогийн байдлаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ мэт маргаан дагуулсаар байна. Хамгийн том айдас бол төрийн сонгуульд өрсөлдөгчид нэгнээ “намнах” нэг томоохон зэвсэг болгочих вий дээ. Сонгуулиар дэгдсэн үймээн нийгмийг бүхэлд нь хамардаг гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top