Уншихуй гэгч...

2022 оны 11 сарын 06

Би дунд сургуулийн сурагч байхдаа М.Горькийн “Надад байгаа эрүүл сайхан бүхнийг би номоос авсан” гэсэн санаа бүхий үгийг багшаас сонсоод, арай хожуу “Хүн уншихаа болихоороо сэтгэхээ больдог” гэсэн хэн нэгэн алдартны үгийг тогтоож авч билээ. Тэгээд тухайн үеийнхээ дээд уриа болсон, В.И.Лениний “Сур сур бас дахин сур” гэсэн үгээр дуудлага хийж, Д.Сүхбаатарын “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэсэн үгээр амьсгалж явлаа.Бас В.Шексперийн ч билүү дээ “Ном надад хаан ширээнээс үнэтэй“ гэж хэлснийг тогтоон хөөрцөглөж явсан үе бий.

Чухамдаа зорилго чиглэлгүй, системгүй уншилтын хэнээтэн болсон хэрэг. “Бодож тунгаахгүй унших нь зажлахгүй залгихтай адил” гэж нэгэн ухаантны үг байдагчлан номын үйл ядлыг хөөгөөд чинад утгыг байтугай жирийн утгыг нь ч муу тунгаадаг байсан нь нууц биш. Хожим тунгааж бодоход энэ уншилт нь цаг үрсэн дэмий явдал байж билээ. Над шиг ингэж цаг алдсан уншигч олон байдаг эсэхийг би мэдэхгүй. Харин хожим 20 насны босго алхах үедээ яруу найрагт шунан дурлаж, шүлэгчийн үзэг барихдаа аливаа номын утгыг тунгааж, оюун ухаандаа шим болгох оролдлогыг хийж эхэлж билээ. Энэ үедээ Германы нэрт зохиолч Гётегийн

Уншиж сурна гэдэг анхны гайхамшиг

Утгыг тунгаах гэдэг удаах гайхамшиг

Уянганд нэвтэрнэ гэдэг бүхний гайхамшиг гэсэн үгийг олж уншаад нэгийг бодсон хэрэг. Гэтэл тэр үед миний мэдэх зарим хүмүүс ном уншихдаа зарим үг, өгүүлбэрийн доогуур зурж, элдэв тэмдэг тавьж, хажууд нь тайлбар зүүлт мэтийг бичиж улаан цоохор юм болгоно. Тэгснээ тусгай дэвтэрт тэмдэглэл хөтөлж, уул номын тухай санал бодлоо бичиж бөөн ажил болно. Зарим нь сумын номын сан, улаан булантай холбоо тогтоож уншигчдын бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж дөнгөнө. Энэ нь нэг талаар тухайн үеийн хувьсгалт намын суртлын ажил мэтээр тусдаг байсан ч номтой ажиллаж сурах тушлага байж дээ.

Энэ мэт нь 50-60 жилиин тэртээх явдал боловч ном уншиж, утгыг тайлан оюуны шим, ухааны ундарга болгох гэсэн зөв үйл хэрэг байсан болохоор үл мартана. Унших гэгч нь шинэ мэдлэг мэдээлэл олж авах, оюун ухаанаа хөгжжүүлэх, шинэ оюун дүгнэлт гаргах, улмаар нээлт хийх, сэтгэлийн зам мөрөө олоход чиглэсэн системтэй, тасралтгүй үйл ажиллагаа гэдгийг хүмүүс андахгүй. Монглчуудын номтой нөхөрлөж, гэгээрч боловсорч, улмаар ном бүтээж туурвисан нь дор хаяхад 1000 орчим жилийн түүхтэй гэж хэлж болмоор. Согд, уйгараас улбаатай худам монгол бичгийг төрийн бичиг болгож, Шихихутаг, Тататунгаа, Елүй Чуцай нарын бичгийн хүмүүс тодорч, улмаар Төвөдөөс Сажа бандид Гунгаажалцан, түүний зээ дүү Пагва лам нарыг урьж ирсэн цаг дор төрийн бичиг үйлдэгдэж, ном зохиол бичигдэж эхэлсэн түүх бий. Энэ үйл хэрэг үргэлжилсээр 1240 онд “Нууц товчоо” бичигдсэнээр ном уншиж судлах хийгээд ном бүтээх их үйлс эхэлсэн буюу.

“Нууц товчоо”-той зэрэгцээд шахам “Гурван зуун тайчуудыг дарсан домог”, ”Өнчин хүүгийн цэцэлсэн шастир”, ”Убаши хун тайжийн домог”, “Хоёр загалын тууж” зэрэг аман зохиолын хэв маягтай бүтээлүүд гарч, ”Гэсэр”, ”Жангар” мэт томоохон туульсууд монгол туургатны дотор дэлгэрсэн байна. Энэ үеэс түүх шастир бичиж сударлан үлдээдэг, судлан дэлгэрүүлдэг номын мэргэд ялгаран гарч иржээ. Товчоор хэлэхэд, “Эр биеийн чадлаар нэжгээдийг, эрдэм ухаанаар нэлээдийг номхотгох эрмэлзэл газар авсан гэж болно. Чингис хаан болон дараагийн байлдан дагуулагч нар нь Араб, Перес, Орос, Европ, Хятад, Тангуд зэрэг орнуудыг эрхэндээ орууулж ном соёл түгэн дэлгэрэх их орон зайг нээсэн юм. Дээрх орнуудын хэлээр Монголын түүх бичигдэж Ази, Европ, Арабын ертөнцөд түгэн дэлгэрч, монголчуудын унших хийгээд бодохуйн хязгаар тэлж, хүн төрөлхтний чих хийгээд мэлмийг баясгасан билээ. Оюун санааны хөгжлийн 1000 жилийн түүх гэдэг бага зүйл биш. Буддын шашныг дагалдаж Энэтхэг, Төвөдийн, Манжийн засаглалтай зэрэгцээд Хятадын, Ардын хувьсгалыг дагаж Орос, Европын ном соёл Монголд нэвтэрч унших судлах зүйл нэмэгдэж, түүхэн он цаг бүрд оюуны соёл дээшилж ирснийг хүмүүс андахгүй.

Энэ хугацаанд дэлхийн олон орны сор болсон олон зуун мянган ном бүтээлүүд Монголд орчуулагдаж оюуны шим болсон юм. Үүнээс улбаалж монголчууд номыг унших, судлах, бүтээх соёл хийгээд эрдэмд суралцсан. Ялангуяа XX зуунд боловсролын, европ хэв маягийн тогтолцоо бүрэлдэн буй болж унших, судлах, бүтээх хэрэгцээ шинэ түвшинд гарсан буюу. Ингэснээр жирийн уншихуй нь зорилго чиглэлтэй, системтэй уншилт болж, улмаар судалгааны хэв шинжтэй болж, сэтгэхүйн дээд түвшний задлан шижлэлд орж шинэ оюун дүгнэлт хийх үйл явц болсон. Энэ нь чухамдаа уншихуй болон танин мэдэхүй диалектик буюу философи нь юм. Энэ үүднээс авч үзвэл миний бага залуугийн уншилт маань ямар ч философигүй үйлдэл байсан мэт. Аливаа Философигүй үйдэл нь худал хуурмаг, ач холбогдолгүй, нас богинотой үйл ажиллагаа байдаг аж.

Өнөөдрийн ихэнх уншигч нарыг ажихад зорилго чиглэлтэйгээр номыг сонгон авч, тогтвортой задлан шинжилж, харьцуулалт хийн оюун дүгнэлт гаргах эрэмбээр унших, судлах хоёрыг хослуулж байна. Тэгэхдээ догол мөрөөр нь юмуу фразаар, эсвэл хуудас болон текстээр нь унших байдал ажиглагдана. Түүндээ гаршсан гэж жигтэйхэн. Энэ нь уншилтын соёл биз. Бас зарим нь тааралдсан бүхнээ толгой өөд татахгүй уншиж цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг эрмэлзэнэ. Ингэж уншаад ямар таашаал авдаг нь үл мэдэгдэнэ. Ямартаа ч уншина гэдэг нь бодно, сэтгэнэ гэсэн үг хэмээн үзвэл хоосонгүй байгаа нь мэдээж. Монголчууд эртнээс оюуны савын гурван гэмгүй хүн л уншиж судалсны ашиг тусыг хүртдэг гэж үзэж ирсэн. Оюуны сав нь ёроолгүй, эсвэл бохир, цаашлаад уруугаа харсан бол хичнээн уншаад ачийг үл олно хэмээдэг байжээ. Хэрвээ ёроолгүй савтай хүн хэчнээн уншиж судлавч юу ч эс тогтоох аж. Мөн бохир савтай бол уншсан тогтоосноо урвуулан ашигласаар буруу зам мөрд ордог бол уруугаа харсан савтанд эрдмийн шим үл нэвтрэх нүүртэй.

Тэгэхээр уншиж судална гэдэг оюуны саваа олж тогтоогоогүй хэн хүний дураараа бариад авах үйл биш гэмээр. Эндээс улбаалан унших судлахыг оюуны шим болгодог хүмүүсийг гүн ухаантай, саруул ухаантай, хурц ухаантай, бичгийн ухаантай гэж ангилан үздэг байсан түүх бий. Зарим гүн болон хурц ухаантан их уншсанаараа бус билиг чанараараа орчлонгийн бүхий л явдлыг ойлгон мэдэрч, нууцыг нь нээн бичихийг эрмэлздэг. Тийм хүмүүс “Уншина гэдэг нь өөрийн биш хүний тархиар бодно гэсэн үг юм... унших нь бидний оюун ухаанд бусдын санаа бодлыг тулган хүлээлгэдэг. А.Шопенгауэр/ хэмээн их уншилтыг цээрлэж ирсэн түүхтэй... Үүн лугаа ижил Оросын алдарт эохиолч Л.Толстой “Бага унш, их бод” хэмээн сургамжилдаг байсан гэдэг. Мөн XVII зууны үеийн Английн нэрт яруу найрагч Поутын “Чи үргэлж их уншвал өөрөө бусдад уншигдахгүй” хэмээн хэлж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Эдгээр гүн ухаантнууд нь өөрийн төрөлх ухаанаар орчлонг танин мэдэж “нээлт” хийхийг зорьж, бусдын санал, үзэл бодол дээр дөрөөлөхийг хүсэхгүй байсан учраас уншихаас зайлсхийж байсан ажгуу.

Нөгөө талаар дунд ханшийн сэтгэгч нарын туурвилыг унших нь оюунд шим болохгүй, цаг үрсэн дэмий зүйл хэмээн үзэж байсан тал бий байх. Эдгээр гүн сэтгэгч нарын оюун дүгнэлтээс “Унших гэдэг нь гүнзгийрүүлэн бодох буюу. Бодох гэгч нь бичих хийгээд шинээр нээх буюу“ гэж томьёолж болмоор... Улмаар дээр дурдсан философиор бол унших нь хүртэхүй, бодох нь сэтгэхүйн дээд үйлдэл гэлтэй. Нэг ёсондоо хүн аливаа ном шастир, түүхийг уншаад хэлний тогтолцоонд тулгуурлан хүртэж, оюун ухаандаа нарийн задлан шинжилгээ хийж чинад утгыг тайлахыг эрмэлздэг нь тогтсон эрэмбэ юм. Энэ эрэмбээс гажсан уншилтыг “Усан уншилт” гэж нэрлэж болно.

Номд дуршсан ихэнх хүмүүс “усан уншилт”-аас зайлсхийдэг. Бодож уншина гэдэг нь уншиж буй зүйлдээ сэтгэлээ өгөхийн нэр юм. Ялангуяа шашны номыг сэтгэл өгч дуршиж уншихгүй бол чинад утгыг өөриймсүүлж үл чадна. Энэ нь ном хийгээд заавар, зарлиг зэрэгт нэвтэрч төгс оршихуйн билиг чанарыг олохын төлөө тэмцэл юм. Нэг ёсондоо түүнийг “бурхны эрэл“ гэж болно. Тэгэхээр унших гэгч жирийн цаг нөхцөөсөн үйл биш амьдралын утга учиртай нарийн үйл ажиллагаа юм. Сонголтоо зөв хийж уншсан бүхэн оюун ухаанд шим болж ариусал гэгээрэлд хөтөлдөг. Ариусал гэгээрэл нь орчлонг аврах дээд гоо сайхан юм. Ингэж дээд гоо сайхныг олсноор хүн, тэнгэр хийгээд бурхан хэмээх дээд сэрэхүйн өгөгдөл хишгийг илүүтэй хүртэх билиг чанартай болно. Түүнээс цаашихыг бурхан мэдэх болно. Ном дор мөргөмүй.

 

Н.ДАВААДАШ

/Соёлын гавьяат зүтгэлтэн/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top