ТӨСӨВ: Соёлын төвүүдийг спорт заалтай нэг дор шийдэх нь зөв ТӨЛӨВЛӨЛТ гэв

2022 оны 11 сарын 08

Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс төсвийн төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, Улсын Их Хурал, Засгийн газарт  дүгнэлт, санал, зөвлөмж хүргүүлээд буй. Тухайлбал, 2023 оны төсвийн урсгал зарлагын төлөвлөлтийг сайжруулах нь зүйтэй зөвлөсөн.

Зөвлөмжид “Манай улсын эдийн засагт бүтцийн гажуудал маш ихтэй. Түүхий эдийн үнийн өсөлтөд найдсан, түүнд тулгуурласан маш үрэлгэн бүтцийг санхүүжүүлсээр, улмаар төсвийн зарлага хэт тэлж, төсвийн алдагдал нэмэгдэн, гадаад өрийн хэмжээ асар их хэмжээнд хүрч, эдийн засагт дарамт үүсгэж байна. Хэмнэлт, нөгөө талаас эдийн засгийг дэмжих халамжийн бодлого гэж байгаа нь хоорондоо уялдахгүй байна.

Урсгал зардлын хэмнэлт нь үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулах магадлалтай юм. Төсвийн урсгал зарлагын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахыг санал болгож байна. Үүнд:

 

  • Төсвөөс санхүүжүүлэх шаардлагагүй, үр ашиггүй барилга байгууламж, үйл ажиллагааг төсвөөс санхүүжүүлж байгаа явдлыг халах;

 

  • Төрөөс ямар үйлчилгээг иргэдэд, ямар арга замаар хүргэх вэ гэсэн бодлогыг бүхэлд нь дахин авч үзэж, өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа төсвийн зарлагыг оновчтой төлөвлөх суурь нөхцөл бүрдэнэ. Жишээлбэл, хөдөөд Соёлын төвийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн спорт заалтай нэг дор   хамтдаа байхаар төлөвлөж, үйл ажиллагааг санхүүжүүлэх бүрэн боломжтой гэсэн байгаа юм.

 

Дашрамд дурдахад, эдийн засагч Н.Энхбаяр zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа мөн энэ агуулгаар байр сууриа илэрхийлж байсан.

Тэрбээр “...Эрчим хүч, усан хангамж дэд бүтцийг эхлээд сайжруулах ёстой байтал баахан клуб бариад ямар хэрэгтэй юм. Эрэмбэ дарааллаа харах ёстой. Энэ бол эдийн засгийн биш улс төрийн шийдвэр. Тийм учраас  эргээд эдийн засгаа суурь, тогтолцоогоор нь  хохироож байна. Барьж байгаа арга нь ч буруу. Гаднын улс орнуудад  очоод үз. Опера хаус л тусдаа байгаа. Бусад бүх соёлын төвүүд хамтдаа. Америкт очиход дунд  сургуулийн байрны  хажуу зааланд нь манайхаар бол хорооны соёлын төв хамт байж байгаа. Нийтийн өмч гэдэг чинь ийм утгатай. Тэр сургуулийн зааланд зөвхөн сурагчид биш тухайн хорооны иргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, ном уншиж болно. Нийтийн өмчийг ингэж үр ашигтай ашиглаж байгаа юм. Одоогийн соёлын төвүүдийг нэг сургуулийн спорт заалны  хажууд залгаж бариад цахилгаан, дулааныг нь нэг дор шийдээд явбал арай үр ашигтай. Тус тусдаа шомбойсон юм бариад байгаа нь нөгөө л үрэлгэн бүтэц” гэж байсан юм.

Сануулахад, 2023 оны төсвийн төсөлд 38 соёлын төв, 9 музей, 8 театр барихаар тусгасан.

Бүр тодруулбал, 2023 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 6.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1061 төсөл, арга хэмжээг тусгасан байна.

Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 915 нь барилга байгууламжийн төсөл, 66 нь их засвар, 63 нь тоног төхөөрөмж, 17 нь ТЭЗҮ боловсруулах төсөл юм.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж,  өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэсэн.

Тэдгээр төсөл, арга хэмжээнүүд юу юу болохыг тодотгон хүргэе. Өмнөх онууд болон 2022 оноос шилжин хэрэгжих хөрөнгө оруулалт 2023 онд үргэлжилснээр улсын хэмжээнд:

 

  • 119 сургууль
  • 114 цэцэрлэг
  • 45 дотуур байр
  • 18 сургууль, цэцэрлэгийн цогцолбор
  • 8 театрын барилга
  • 9 музейн барилга
  • 38 соёлын төв
  • 20 спорт цогцолбор
  • 36 спорт заал
  • 11 ахмадын хөгжлийн төвийн барилга
  • 79 эмнэлгийн барилга
  • 80 автозамын төсөл
  • 8 автозамын байгууламж
  • 17 гүүр
  • 56 инженерийн шугам сүлжээ
  • 24 цахилгаан хангамжийн төсөл
  • 11 дулааны шугам сүлжээ
  • 4 дулааны станц гэх мэт нийтдээ 1061 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ 2022 оны төсвийг батлахад  төсөвт анх тусгагдсанаасаа хойш 11 жилийн нүүр үзэж, 11 дэх төсвөө дамнасан барилга байгууламжууд ч байсан билээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 онд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 2017-2021 онд 5.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдож, давхардсан тоогоор улсын хэмжээнд 6323 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top