Цахимжсан толгойд байна уу, намын томилгоонд байна уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Бодлогын түвшинд бүсгүйчүүд жульдаад байна уу, өнөөх л нам, улс төрийн томилгоо дагасан хир тааруу хүүхнүүдийг өндөр дээд албанд томилоод байна уу гэх асуулт хариултаа нэхэх болов.

Эсвэл хэт цахимжиж, өндөр боловсрол эзэмшсэн ч ухаан, сэтгэлгүй нөхөд шүтээд байна уу гэх асуулт ч дагалдах аж. Олон улсын болон өнөөгийн нийгмийн хандлагаас ажихад хойшид ч хариултаа нэхэх асуулт гэдгийг эрдэм ухаанд дөхсөн судлаачид ч хөндөх болов.

Үүнийг дурдахын шалтгаан нь Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбогдох шуугиан юм. Түүнийг гоочлох гэсэнгүй, уг акцаар дамжуулж асуудал хөндөх гэсэн хэрэг. Тэрбээр өнгөрөгч жил Саудын Арабад болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр “Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орос улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Зөвлөлт холбоот улсаас нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг. Ийм хүмүүс бидэнд гай болж байна” гэх зэргээр ярьсан гэх. Хэрвээ үнэн бол олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа төрийн өндөр дээд албан тушаалтны хувьд голын эрэг дээр задгай буу халж байгаа авгай нар шиг чалчиж болохгүй байж л дээ. Гэтэл өөрөө албан тушаалаасаа татгалзсан өргөдлөө өгсөн гэдгээ дурдсан байгаагаас харахад үнэний ортой аж.

Гэхдээ тэр “Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Байж болох асуудал. Техник технологийн хөгжил дэвшил алсхан байсан цагт хуучнаар ЗХУ-д суралцсан албан тушаалтнууд орчин цагийн залуусаас үнэхээр ялгарч таарна. Шинжлэх ухаан технологийн хурд асар хурдтай давшиж байгаа үед шинэ үеийн өндөр боловсрол бүхий албан хаагчийн амнаас гарч болох л үг.

Гагцхүү хаана, хэзээ, хэнд хэлэх вэ гэдэгт л асуудал байсан болов уу. Үүний өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл ард түмнээ “Ул айл” хэмээн хэлээд “ялгаварлан гадуурхсан” хэргээр огцорсон. Түүний хувьд хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн сэтгүүлч хүн. УИХ-д гурван удаа сонгогдож, Засгийн газарт гурвантаа томилогдсон хашир туршлагатай улстөрч гэхэд гэнэдсэн хэрэг болсон. Магадгүй удаа дараа сайдын суудалд заларсан тэтгэврийн насны эмэгтэй албан тушаалдаа эрдсэн байж болох юм. Харин Б.Болор-Эрдэнийн хувьд огтхон ч гэнэдээгүй. Тэр үзэл бодлоо л хэлсэн. Тэрбээр Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суурилж, Английн Оксфорд, Солонгосын Хандон Глобал их сургуульд тус тус магистрын зэрэг тус тус хамгаалсан гэхээр Д.Сарангэрэлтэй жиших аргагүй өндөр боловсролтой, нэн шинэ үеийн алба хаагч учраас ийн бодож байгаагаа хэлэх нь аргагүй.

Өөрөөр хэлбэл, хүн сэтгэл, ухаан билгээс ихэд хөндий технологийн боловсрол эзэмшсэн хүн учраас хэлэх үгээ л хэлсэн байх. Нөгөө талаас тэр төрийн бага, дунд шатны ажлын туршлага алга. Тэнд хутгалдаж, ажил, амьдрал үзээгүй, өндөр боловсрол бусад зүйлдээ дулдуйдаж яваа л нэг бүсгүй гэдгийг юу юунаас харж болно. Айл гэрээс эхлээд улс орон удирдахад гарцаагүй боловсрол хэрэгтэй. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү өндөр боловсрол ярьсан цахим толгойтнууд энэ улс орныг авч явна гэвэл үндэсний аюулгүй байдлаас эхлээд олон сөрөг зүйлтэй тулгарна гэдгийг хэт баруунжсан үзэл, хоосон онол, технологийн боловсрол илтэд харуулах болов. Яагаад гэхээр тэд бүх асуудлыг олж авсан механик боловсролоор шийдэх гэдэг нь энэ цагийн хууль болохоор даяаршиж байна. Гэтэл айл гэрээс эхлээд улс орон хүртэл зөвхөн хүн л оршиж байгаа учраас тэнд сэтгэл хэрэгтэй. Байгалиас авч төрсөн суурь ухаан, бодож тунгаасан гаргалгаа хэрэгтэй байдаг л даа. Хэчнээн ухаан сэтгэлгүй, мулгуу нөхөрт ч механик аргаар боловсрол олгож болно. Ийм хүн бол роботоос өөрцгүй. Юу ч хийж мэдэх аюултай гэдгийг хэтдээ санахад илүүдэх юун. Тэр тусмаа боловсрол, албан тушаалд эрдсэн хүмүүсийн амнаас ямар үг гарч болно.

Ингэхэд эмэгтэйчүүд Монголын төрд ямар үүрэг гүйцэтгэж байв гэх асуудал хөндөгдөнө. Эх түүх хөндөж элдэв зүйл бичих гээд яахав. Түүх түүхээрээ үлддэг. Тэгээд ч өчүүхэн бичигч миний хөндөж эс чадах сэдэв биз ээ. Гагцхүү Монгол Улс парламентын засаглалтай болсон цагаас хойш аваад үзэхэд буруудах юун. Сүүлийн 32 жилд Төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд төрийн бүхий л шатанд эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг хичээж ирсэн. Үүний үр дүнд төрийн аль ч шатанд эмэгтэйчүүдийн тоо тогтмол өссөөр ирсэн үзүүлэлт бий. Өнөөдөр гэхэд л Жендэрийн хууль, тэгш эрхийн гэх уриа лоозон дор МАН-аас 11 кноп чуулганы танхимд сууж байгаа бол АН-аас хоёр кноп гэхээр 13 эмэгтэй гишүүн парламентад байгаа нь түүхэн дээд үзүүлэлт. Саяхан л эмэгтэй хүн Гүйцэтгэх засаглалд өдрийн од шиг байв. Сүүлийн үед сайд, дэд сайд гээд оролцоо өссөн ч амны алдаа, технологийн давуу байдлаасаа болж тоогоо цөөлсөөр байна. Эмэгтэйчүүдийн оролцдоо Төрийн эрх барих дээд байгууллагаас уруудаад бүхий л шатанд элбэг ч бодлогын түвшинд дурдахаар бодит зүйл даанч хомсхон. 

Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд хоёр эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол 1992-1996 оны УИХ-д хоёр, 1996-2000 оны УИХ-д найм, 2000-2004 оны УИХ-д долоо, 2004-2008 оны УИХ-д тав, 2008-2012 оны УИХ-д гурав, 2012-2016 онд тав, 2016-2020 онд 13, 2020-2024 онд 13 гэх мэтээр эмэгтэйчүүдийн тоо өссөн. Парламентад байсан эмэгтэйчүүдийн түүхээс аваад үзэхээр үүргээ биелүүлж өөрөөрөө овоглох нэгээхэн ч ажил хийсэнгүй гэхэд хэтийдэхгүй. Ердөө л чимэг төдий сууж байсныг түүх өөрөө хэлнэ. Тэдний хийх ёстой үндсэн ажил бол улс орны эрх ашигт нийцсэн, ард олны амьдралд таарахуйц, өөрөөр нь овоглох хэмжээний хууль байх ёстой. Даанч алга.

Энд л өнөөх сонголт буруу ташаа байгааг харуулж байна. Нам дамжиж албан тушаалд очдог системтэй учраас яах аргагүй сонголтыг улс төрийн хүчин хийж таарна. Харин нам нь сонголтоо буруу хийж байгаа хэрэг. Тухайлбал, жинхэнэ мэдлэг боловсрол, ажлын арга туршлага, хувь хүн талаас нь харж сонголт хийдэггүй. Өнөөх л өнгө хэлбэр, мөнгө хөрөнгө, төрөл дагасан томилгоо, мандат байгаад л хамаг учир бий. Түүнээс Монголын нийгэмд үзэгдэл болохуйц ухаан төгс, боловсрол өндөр бүсгүйчүүд олон байгаа гэдэгт эргэлздэггүй. Уг нь тэдэнд хуулиар олгосон эрх нь ч бий, үүрэг оролцоо нь ч адилхан байгаа.

Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан бол Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Үүнээс гадна эдгээрийг дагалдаж гарсан олон хууль тогтоомж болон намуудын дотоод журам нь эмэгтэйчүүдийг төрд олноор бий болгох үндэс суурь тавиад өгчихсөн. Цаашид ч шийдвэр гаргах шат шатны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх хандлагатай. Тэгэхээр улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боловсрол төлөвшил, мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна ухаан сэтгэл, хүн сэтгэхүйд нь давхар анхаарах цаг нь болжээ. Аль болгон өнгөний боловсрол харж явах билээ. Мэдээж хэрэг бүгдийг харлуулж болохгүй.

Өнгөрөгч 32 жилийн түүхэнд айлаас айл, аймгаас аймаг дамжин яригдаад байхгүй ч мэр сэрхэн зүйлд нэрээ үлдээчихсэн цөөн эмэгтэй бий. Тухайлбал, 1992-1996 оны гишүүн Д.Мөнхөө эмэгтэйчүүдийн тэгш оролцооны үндэс суурийг тавьсан. Мөн 2004-2008 оны гишүүн Б.Мөнхтуяа олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хууль санаачлан батлуулсан, 2012-2016 онд Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-ийг санаачлан батлуулсан, 1996-2000 оны гишүүн Б.Дэлгэрмаа төрийн тогтолцооны гажуудал, системын согогийг онол практикийн үүднээс хуульд тусгасан, 2012-2016 оны гишүүн М.Батчимэг агсан улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлийг хуульд оруулсан гээд тус тус нэрээ үлдээсэн. Эдгээр эмэгтэйчүүд УИХ-д ганцхан удаа сонгогдож ажиллахдаа ийн өөрөөрөө овоглох “бүтээл” үлдээжээ. Харин УИХ-д дөрвөн удаа сонгогдож, салбарын сайдаар ажилласан Д.Оюунхорол, өнөөдөр гурван удаа УИХ-д сонгогдож, салбарын сайдаар гурван удаа сонгогдож ажилласан Д.Сарангэрэл нарын олон гишүүд урт хугацаанд юу ч хийж бүтээгээгүй байгаа нь өнөөх л нам дагасан мандат, томилгоо, хөрөнгө мөнгөний асуудал гэж харахаас өөр зүйлгүй. Энэ үед цахимжсан толгойнууд зарим нь хэвлийдээ, зарим нь үсэг нүдэлж байсан болохоор тэднийг нам дагасан томилгоо л энд суулгаж байв даа.

Харин тэднийг намынхаа эрэгтэйчүүдийг даган хуйларч байхад үсэг нүдэлж суусан хүүхдүүд өнөөдөр жинхэнэ утгаараа технологийн өндөр хэмжээнд боловсрол олчихсон, толгой нь бүр цахимжсан байгаа учраас та бүхнийг хоцрогдсон далд ор гээд байгаа хэрэг л дээ. Буруутгах аргагүй ч бурууг өөрсдөөсөө хайх л үлдэж.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(59.153.87.227) 2022 оны 11 сарын 11

УИХд байгаа эмэгтэй гишүүдийн тухай тэд юу хийсэнг бичсэн байна. Дэд сайд иргэддээ хэрэгтэй ажлыг хийсэн байна. Даан ч харамсалтай нь эвлүүлэг хийн барин гүтгэн өргөдлийг өгүүллээ. Тэр хүн хохирохгүй л байх эхлүүсэн ажил нурчихвий дээ.Их ЗАСАГ төгсөөгүй болохоор Учралд таалагдаагүй байх даа.

0  |  0
Е монголиаг хэрэглэг(59.153.87.227) 2022 оны 11 сарын 11

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй. Дэлхий улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжье гэвэл Төрийн үйлчилгээг цахимжуулж чирэгдэлг авилга хүнд сурталгүй хүргэх нь Засгийн хийх ёстой ажил.Үүнийг хэн аль Засгийн газар хийсэн бэ .Ард түмэнийгээ улс орноо хөгжүүлье гэсэн ШИНЭ үе гарч ирээд ажиллаж байна Засгийн шийдвэр алдах онох нь цаг тухай бүрт л байсан. Дэд сайдын тухайд харин ч Засгийн газрын ганц ГЯЛТАЙХ ажлыг эхлүүлээд гольдролд оруулж өгөөд хар массын болон захиалагчдын хүслийг биелүүлээд гараад явчихлаа.Төрийн үйлчилгээг цахимжуулснаар ямар их цаг хэмнэж амар болсон шүү дээ

1  |  0
Коффи Аннан(192.82.74.51) 2022 оны 11 сарын 11

Оюуэрдэнэ АМАРБАЯСГАЛАН мэтийн боловсролгүй хулгайчдыг төрийн засгийн толгойд залсаны гай эхнээсээ цухалзаж эхэллээ. Цаг явах тусам буруу хүмүүст итгэж найджээ гэдэг нь улам тодорхой болдог Монголын уламжлал

0  |  0
энэ үнэн(59.153.115.250) 2022 оны 11 сарын 11

энэ Обука авгайг цахимжсан тллгой гэхгүйээ, Цахим ын талаар а ч үгүй амьтан шүүдээ. харин попрохыг бол мэддэг амьтан

0  |  0
Top