“Эрдэнэсийн сан”-гийн эрэлд - I  

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Монгол Улсын “Эрдэнэсийн сан” хэрхэн бий болсон, ямар байдлаар хадгалж, хамгаалж ирсэн бэ гэдгийг энэхүү эрэн сурвалжилгаар хөндөхийг зорилоо.


Монгол оронд 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газраас улс орноо сэргээн босгох “Эдийн засгийн үндсэн бодлого”-ыг 1923 оны долоодугаар сард батлан гаргажээ. Тэрхүү бодлогын хүрээнд “Монголчуудын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгө төгрөгийн банк мэтийг нь нээвээс зохимой” хэмээн заасны дагуу анх Ардын засгийн газар, Зөвлөлт Орос улстай хамтран Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг байгуулж, 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс Улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байна.

Орос улс 1954 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн банканд өөрийн хувь эзэмшлийг бүрэн шилжүүлжээ. Улсын банк Улсын эрдэнэсийг татан төвлөрүүлэх үүрэг бүхий нэгжийг 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн (Одоогоор Засгийн газрын) 101 дүгээр тогтоолоор “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд” нэртэйгээр тусгаарлан байгуулжээ. Улсын Эрдэнэсийн фонд байгуулагдсанаар Монгол Улсын түүх соёлын холбогдолтой хосгүй үнэт, дурсгалт зүйлсийг улсын санд төвлөрүүлэн хадгалж, хамгаалахад чухал ач холбогдолтой зүйл болсон юм” гэж “Эрдэнэсийн сан”-гийн түүхийн хуудаст тэмдэглэжээ.

Хамаг юм хаалттай, хатуу чанга цаг үед “Эрдэнэсийн сан”-д гар дүрэх том зүрхтэн тэр бүр байгаагүй л болов уу. Харин ардчилал, зах зээл хэмээн шуурч байсан 1990-ээд онд  “Эрдэнэсийн сан”-гаа найдвартай хадгалж хамгаалж чадсан уу.

Тухайн үед шуугиан тарьсан “Алт, дилерийн хэрэг” буюу Монголбанкны хэдэн залуу банкны хамаг алтаар дилер /банк хоорондын тоглоом/ тоглож байгаад алдах үед “Эрдэнэсийн сан”-д урт гар ороогүй гэх баталгаа байдаг уу. Ардчилал гарлаа, Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэхтэй зэрэгцэн Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр Д.Чойжамц хамбыг томилсноос хойш 30 гаруй жил өнгөрч байна.

Энэ хооронд дөрөв дөрвөн жилээр солигдож ирсэн Монголын улс төрийн тогтолцооны үе шат болгонд “Цоожтой авдар”-т хэн ч гар хүрээгүй юү. Доторхыг нь бүртгэж шалгасан тайлан тооцоо, сорьцын үнэлгээ гэж байдаг уу. Анхаарал татаж буй нэг асуудал бол УИХ-ын сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй адил манай улс музейн сан хөмрөг, түүх, өв соёлын дурсгалаа дөрвөн жилд ганцхан удаа тоолдог. Мөн нэг нам олонх болж эрх барихдаа музейн захирлуудыг өөрчилж өөрсдийн хүнээ тавьдаг жишиг явж ирсэн. Тэр бүү хэл хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүрлийн үеийн дурсгалаараа дэлхийд гайхагдах Дундговь аймгийн музейг сонирхоод буцаж, тэр даруй тэрийгээ ч надад өгчих, энийгээ ч надад өгчих хэмээгээд “ Би чамайг Соёлын гавьяат болгоно шүү” хэмээн аргадах гуйх, айлгаж сүрдүүлэхийг зэрэгцүүлж буй баримт ч бий.

Ер нь Монгол Улс улсын сан дахь өв хөрөнгөө хэр нямбай хадгалж хямгадаж ирсэн юм бол. Хэдийгээр манай улс 2017 онд 1994 оны сүүлчээр гаргасан Эрдэнэсийн сангийн хуулийг хүчингүй болгож, шинээр хуульчлан баталж, тэнд хадгалагдаж буй үзмэрүүдийг иргэд үзэхэд нээлттэй болгоод зогсохгүй ном каталоги гаргасан ч эцэслэгдээгүй, эргэлзээтэй энэ мэт олон асуулт байдаг ажээ.

Мөн “Эрдэнэсийн сан”-г баяжуулах нэг гол газар нь Гандантэгчэнлин хийд байж, байсхийгээд л хэчнээн авдраар нь алт, мөнгө, үнэт зүйлс өгдөг. Тэдгээр зүйлүүд тэр хэвээрээ хадгалагдаж ирсэн эсэх нь бүрхэг юм. Гандантэгчэнлин хийдээс өргөсөн эд зүйлүүд бол Монголын ард түмний баялаг. Анх тус хийдийг байгуулахад өв хөрөнгийг хэрхэн бүрдүүлсэн бэ гэдгээс эхлэх байх. Мэдээж одоогийнх шиг олон шашны урсгал орж ирээгүй, сүсэгтэн олон 100 хувь уламжлалт буддын шашнаа шүтэж байсан үе тул бүх аймаг, сум,  хувь хүмүүс  хадгалж, цуглуулж ирснээ харамгүй өргөсөн нь ойлгомжтой. Ганц жишээ хэлье. 

Гандантэгчэнлин хийдийг 200-гаад ламтайгаар 1944 онд анх Улаанбаатар хотод  байгуулах ажлаар Мангаа хэмээх  Дамбадаржаа лам Егүзэр хутагтын нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  Өнө өглөгт хийдэд очсон байдаг. Энэ үеэр тус хийдийн лам Г.Диваасамбууг шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэ хэмээн Гандантэгчинлэн хийдэд авчирч унзад болгожээ. Үүнийг дурдахын учир нь Г.Диваасамбуу агсан тухайн үед нутгаасаа 5-6 тэрэг ном, судар, бурхан, шашны ховор  эд өлгийн зүйлсийг авчирч өргөл болгосны дотор Егүзэр хутагтад Богд хаанаас өргөсөн тамга байжээ. Харин ном, судрууд нь Гандантэгчэнлин хийдийн номын өргөөний гол суурь болсон байна. Үүнтэй адил монгол орны өнцөг булан бүрээс Монголын оюуны их баялаг Гандантэгчэнлин хийдэд төвлөрч, хожим “Эрдэнэсийн сан”-г бүрдүүлэхэд гол цөм нь болсон гэвэл хэтрүүлсэн хийгээд  хилсдүүлсэн болохгүй байх.

Ямартай ч “Эрдэнэсийн сан” эмтрээгүй гэх баталгаа байхгүй. Монголбанкнаас тооллогын бүртгэл материалтай танилцах хүсэлт тавихаар үзмэрүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг үз гэдэг. Гандантэгчэнлингээс нийлүүлсэн ховор дурсгалын жагсаалтыг сонирхохоор өөрсдөөс нь тодруул гэчихдэг. Гандантэгчэнлин хийд мэдээлэл өгдөггүй хаалттай байдлаар явж ирсэн. Иймд цөөн хэдэн баримтыг дурдья.

Баримт 1

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн захиргаанаас тухайн үеийн Улсын банкны ерөнхий хорооны Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фондод  1971 онд зургаан авдар, 1981, 1983 онд тус бүр нэг авдар  битүүмжлэл бүхий үнэт зүйлийг хадгалуулахаар өгч байжээ. Улмаар улсад хандив болгон шилжүүлэхээр ажлын хэсэг гаргаж, Сангийн яамны улсын сорьц хяналтаар шалгуулахад 5.9 гр эдлэл мөнгө биш болох нь батлагдлаа хэмээн акт тогтоож байж. Мөн тэдгээрээс эдэлж хэрэглэх боломжгүй, эвдэрч хэмхэрсэн зүйлийг ялгаж металл болгоход хоёр тал тохирч 1985 онд шийдвэр гаргаж байжээ. Актыг үндэслэн авсан зүйл нь 1.836 гр алт, 412.234 гр мөнгө тушаасныг 165.552 төгрөгөөр үнэлэн улсын үл хөдлөх нөөцөд авсан байна. Энд анхаарал татаж байгаа нь Гандантэгчэнлин хийд  үнэт хосгүй дурсгалаа хадгалуулахаар өгөөд улмаар улсын сан хөмрөгт шилжүүлэх болохоор өнөөх нь эвдэрхий хэмхэрхий  акт тогтоосон гэдэг нэг л авцалдахгүй байгаа юм.

 

Баримт 2

Гандантэгчэнлин хийдээс 1986, 1988 онд тус бүр нэг авдар эд зүйлийг дээрх маягаар Улсын санд шилжүүлжээ.Энэ мэтээр нийт  12 авдар эд зүйл хадгалуулсан гэдгийг тэр үеийн лам нар хэлж байж. Тэгвэл Д.Чойжамц хамба Гандантэгчэнлин хийдийн тэргүүн болсны дараачаас буюу 1991 оноос Улсын санд өгсөн эд зүйлсийг буцааж авах хүсэлтийг удаа дараа тавьснаар хоёр авдрыг эргүүлэн авсан байна. Мөн 1993 оноос улсад хандив болгож шилжүүлсэн зүйлүүдээ ч нэхэмжлэн буцааж авах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байжээ. Энэ үеэс эхлээд 2000 оныг хүртэл тооллогын дүн, бүртгэл нь ч бүрхэг болж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд батлан хэлдэг юм байна. Тухайн үеийн УИХ чуулганы хуралдаанаар 1994 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталж, 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхдээ Эрдэнэсийн  сангийн байнгын нөөц санд бүртгэлтэй үнэт зүйлсийг худалдах, шилжүүлэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ.

 

Баримт 3

Гандантэгчэнлин хийдээс Улсын банкны ерөнхий хорооны үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фондод хадгалуулсан шигтгээтэй, шигтгээгүй эхнэр хүний толгойн боолтуудын тооллогыг 1984 онд хийхэд 419- 765 ширхэг  шигтгээ бүхий дөрвөн ширхэг толгойн боолтыг хүлээлцжээ. Бодвол одоо “Эрдэнэсийн сан”-д байгаа Улсын эх дагина Дондогдуламын эдэлж хэрэглэж байсан эд зүйл дотор эдгээр үнэт эд зүйл байгаа байх. Гараар бичсэн тооллогын тайлан өдгөө үг үсэг нь баларч зарим нь уншигдахгүй болжээ.

 

Баримт 4

Тухайн үед Улсын санд бүртгэлтэй бурхад, шашны эд зүйлүүд Гандантэгчэнлин хийдэд хадгалагддаг. Тэдгээрийг  тооллого явуулж бүртгэлжүүлж тайлан гаргадаг байж. Төрөл бүрийн алтан зоосноос эхлээд Занабазар хийцийн бурхад, алт мөнгөн цөгц, үнэт эдлэлүүд гээд 660 нэрийн 3302  зүйлийг биечлэн тоолсон  тухай тайлан гаргаж байжээ.

Дээрх баримтуудаас хойш тооллогын дүн мэдээ, тайланг гаргаж ирсэн байж таарна. Гэвч баримт мэдээлэл дутуу, бүрхэг ойлгомжгүй болсон байх юм. Тэгэхээр  Улсын нууц гэдгээр хаалт хийж, ууж идэж амташсан “Улс төр, шашны бүлэглэл” байна уу гэж хардах үндэстэй. Тодруулбал, нэг хүн Гандантэгчэнлин хийдийн  тэргүүнээр 30 жил шашны сэнтийд сууж, Далай ламаас батлан ирүүлсэн жаяг, дэгийг дарагдуулж, хамбын сонгуулийг хийхгүй байгаагаас үүнийг харж болно. Суудлаасаа буучихвал бүх булхай нь илэрч хэрэгтэн болчих гээд байгаа юм сан уу. Улсын нууц нэрээр халхавчлан “Эрдэнэсийн сан”-д байх ёстой үнэт зүйлсийг улстөрчдөд өргөл барьж болгон өгсөөр суудалдаа бат дархлагдсан юм уу. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэнтээ “Улсын нууцаар халхавчилсан хууль ёсны авлига хуулиар баталгаажих юм байна” гэсэн шүүмжлэлийг чуулганы танхимд хэлж байсан зэргийг эргэцүүлвээс  Гандантэгчэнлин хийдийн тооллогод АТГ, цагдаа, тагнуул, хууль хяналтын бүх байгууллагын төлөөлөл багтсан шалгалт оруулж Монгол Улс соёлын өвөө бодитоор тоолох цаг болжээ.

 

Баримт 5

Гандантэгчэнлин хийдийн санхүүд аудит оруулж, “Нүхт тур” компанийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудлыг шалгах ёстой. Орсон мөнгө хаашаа юунд зарцуулагддаг болохыг тодруулахыг зарим лам нар шаардаж байв.

Сурвалжилгыг бэлдэх явцад Соёлын яамны Соёлын өвийн үндэсний төвийн дарга Даваацэрэнгээс соёлын өвийн тооллого, Гандантэгчэнлинд хийсэн тооллогын асуудлаар тодруулахаар хандсан боловч мэдээлэл өгсөнгүй. Ер нь бол өнгөрсөн жил холбогдох бүх байгууллагад тооллого явуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. Монголбанкны “Эрдэнэсийн сан” хариуцсан албан тушаалтнуудтай холбогдох гэтэл дарга нь гадаадад томилолтоор явсан гэсэн хариу өгсөн юм. Гандантэгчэнлин хийдийн мэдэл бүхий газрыг 90 саяар наймаалцсан гэх хэвлэлийн хурлыг нэр бүхий лам нар хийж байсан бол

АТГ, ЦЕГ-аас зөвхөн Гандантэгчэнлин хийдийн санхүүтэй холбоотой шалгалт хийж байгаа гэх сураг  гарсан ч албан ёсны мэдээлэл хараахан  гараагүй байна.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(103.212.116.23) 2022 оны 11 сарын 15

Ерөнхийлөч хэн бэ

0  |  0
Top