Дундговь аймгийн сум, байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал хоёр долоо хоног тутамд зохион байгуулагддаг. Өнөөдөр болсон тус хурлаар өнгөрсөн 14 хоногт хийгдсэн ажлын мэдээлэл, өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан байна.
Энэ үеэр аймгийн Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг хүргэсэн юм. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 14 хоногт гэмт хэргийн шинжтэй 26, Зөрчлийн шинжтэй 49 нийт 75 гомдол мэдээлэл хүлээн авч шалгалт хийжээ. Мөн 25 иргэнийг эрүүлжүүлж, 668 хүнд 27.280.000 төгрөгийн торгууль ногдуулсан талаараа мэдээллээ.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангитай хамтран Заган ойн бүс нутагт хяналт шалгалтыг хийж, ойр орчмын айл өрхүүдэд заган ойгоос түлээ түлш бэлтгэх болон бусад зорилгоор тус бүс нутагт хохирол учруулахгүй байх, мөн хариуцлагын талаар зөвлөмж өгч, тараах материал тарааснаас гадна 150 ширхэг нэг настай загийг суулгажээ.
Сумд болоод байгууллагуудын мэдээллийг сонссоны дараагаар аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд,
- Хог хаягдалтай тэмцэхэд албан байгууллага бүр анхаарах
- Иргэдийн гар дээрээс болоод лангуун дээр борлуулагдаж буй мах хүнсний ногооны эрүүл ахуйд хяналт хийж, сайжруулах
- Гэр хороолол, гудамж талбайн орц гарцыг цэгцлэх
- Хурд сааруулагчийн стандартыг мөрдөх
- Сурагчдыг оройн 19.00 цагаас хойш үзвэр үйлчилгээ, сургуулийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох зэрэг шийдвэрийг гаргаж, сумдын Засаг дарга болоод холбогдох аж ахуйн нэгжийн удирдлагуудад гүйцэтгэлд хяналт тавихыг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )