Ц.Чогсомжав: Хүүхэд бүхэн ОНЦ СУРАХ АЛБАГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14
Хэнтий аймгийн ЗДТГ-аас “Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” Хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж, өчигдөр /2022.11.13/ өндөрлүүлээ. Тус чуулганд Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгоны 160 гаруй хүүхэд оролцсон бөгөөд тэд сум орон нутагтаа хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн аймаг, сум, тосгодын удирдлага, холбогдох байгууллагын дарга нарт танилцуулсан юм.
 
Хүүхдийн чуулганы талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "2022 оныг “Хүүхдийн хөгжил-хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС, коллежийн сурагчдын дунд “Миний захиа-Бидний хүсэл” гэсэн захидлын аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд ирүүлсэн захидлуудад тусгагдсан асуудал уг чуулганаар мөн яригдаж байна. Энэхүү чуулган 2023 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батлахаас өмнө зохион байгуулагдаж байгаа учир хүүхдүүдийнхээ танилцуулсан асуудлыг төсөвт тусгах боломж бүрдэж байна. Ирэх жил бид хүүхэд хамгааллын жилийн ажлуудаа үргэлжлүүлэн зохион байгуулна. Тиймээс энэ чуулганаар танилцуулсан асуудлуудад анализ хийж үзээд эхний ээлжинд аль асуудлыг шийдвэрлэх ямар боломжит хувилбар байна вэ гэдгийг хэлэлцэн төлөвлөгөө гаргаж ажиллана. Мөн хүүхдийн оролцооны байгууллагууд ямарваа нэгэн ажил зохион байгуулахад хөрөнгө мөнгө байдаггүй талаар хүүхдүүд маань ярьж байна. Тэгэхээр энэ байгууллагын хүүхдүүд маань 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад, шаардлагатай төсвөө тусгаад бидэнд танилцуулж болно. Тэгвэл хийгдэх боломжтой ажиллагааны хөрөнгийг 100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувиар гаргаж өгөх боломж бүрдэнэ. Би хувьдаа хүүхэд бүхэн онц сурах албагүй гэж ойлгодог. Харин хүүхэд бүхэн зөв хүмүүжил, ёс суртахуунтай, эцэг эх, ах дүүсээ хүндэлдэг, хүмүүжилтэй байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс хариуцлагатай, ёсзүйтэй хүүхдүүдийг бий болгохын тулд чадах бүхнээрээ дэмжих болно" гэлээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top