Дөрвөн талт жанжин малгай ба таван онцлогтой түүвэр

2022 оны 11 сарын 30

Утга зохиолын гэгээн ертөнцөд ураг барилдан дотноссон олон сайхан нөхөд бий. Тэдний нэг бол Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, яруу найрагч, нийтлэлч О.Түвшиндэмбэрэл анд маань билээ. Манай үеийнхэн “Түбэ сайд” хэмээн хүндэтгэн дуудна. Учир нь тэрбээр утга зохиол, яруу найргаас гадна улс төр-нийгмийн зүтгэлтэн, тод сэхээтэн билээ.

Сумын Засаг даргаас эхлээд улс эх орондоо удирдах ажил эрхэлж ирсэн тэрбээр утга зохиолоосоо үл урваж, харин ч бүр улам шунан дурлаж буйд нь баярлаж, бас  найзаараа бахархаж сууна. Учир нь саяхан “Төр чиний зүрхэнд”, “Амьдрахуйн үндэс” гэсэн яруу найраг, нийтлэлийн хос номоо нэгэн дор хэвлүүллээ. Харин энд яруу найргийн шинэ түүврийнх нь тухай ярих ч бяцхан танилцуулга болгож оршил өгүүлье.

Хориод жилийн өмнө халуун залуу насандаа түүний дууны уран бүтээлүүдийг сонсон хөөрч, шүүмжлэн тэмдэглэж явсан ч хожмын номын барилдлагаар шинэ түүвэрт нь тэмдэглэл бичиж сууна гэж бодсонгүй л явжээ. Ямар дуунууд вэ гэж үү. Киви хамтлагийн “Улаан даашинз”, “Хожуу ухаарал”, Fire хамтлагийн “Ойлгооч”, ВХ-ийн “Sorrow”, Номин талст хамтлагийн дуучин Д.Хаянхярваагийн “Бодол”, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн “Бусдын энгэрт дасахгүй”, “Классик жем” хамтлагийн “Чи байдаг”, С.Баттулга, Б.Чинсанаа нарын “Эвсээрэй монгол минь”, дуучин Б.Эрдэнэхүүгийн “Аав минь”, дуучин Б.Мөнхбатын “Сонор хайрхан уул” зэрэг хит болсон 30 гаруй дууны шүлгийг туурвисан, авьяаслаг, туршлагатай уран бүтээлч О.Түвшиндэмбэрэл найрагчийн тухай ярьж байна. МЗЭ-ийн болон “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн, “Цэгц аравт” утга зохиолын нэгдлийн тэргүүн тэрбээр 2000 оноос шүлэг зохиол сонирхон бичиж их утга зохиолд зүрх сэтгэлээ өгсөн гэдгийг манай үеийнхэн мэдэх нь мэднэ.

Шинэхэн хэвлэгдсэн “Төр чиний зүрхэнд” (2022) түүвэр хэд хэдэн онцлогтой ажээ.

Нэгдүгээрт; Төрийг амьтай хэмээн сэтгэж, амьдчилан “амьдруулж” чадсан нь түүний сэтгэлгээний, бас яруу найргийн туурвилын тэргүүн онцлог нь юм. Үүнийг:

“Өнөөдөр

Өргөн монгол минь

Өр зүрхээ бүтэн авч үлдсэн өдөр

...миний Монголын

Атгахан зүрх бардамнан цохилж

Азийн цээжинд, асаж үлдсэн өдөр”   (Өнөр Монголынхоо өдөр бүхэнд) зэрэг олон шүлгээс нь тольдож болно. Өөрөөр хэлэхэд, эл шүлэгт тусгаар тогтнолын өдрийг магтаад, бахархаад өнгөрөх түгээмэл өгүүлэмж бус эх нутагтаа эзэн биежсэнийг ийнхүү амьдчилан, хүншүүлж дүрсэлснээрээ ялгардаг юм.

“Яс мэт хугачуулж, мах лугаа адил тасчуулсан

Ямар олон ураг удам, Ар монгол чамайг” (Ар монгол) зэргээр улс орноо “амьдруулах”-ын зэрэгцээ зоригжуулж, ухааруулж хандсан нь найрагчийн чин хүслэн, чинад сэтгэлийн дуудлага нь буюу. Тиймээс

“Монгол төрөө сэрүүн байлга! Эх орон минь...

Гундах эрхгүй эр хүн шиг бай! Эх орон минь

Миний газар шороонд эзэн бай! Эрхэт төр минь” хэмээн уянгын “би” баатрыг бүтээхдээ “хүчирхэг бай!”, “арчаатай бай!” зэргээр аминчлан, дотночилж захисан нь хүүхдийн санаа, энгийн зохиомж мэт харагдах ч хэтийн санаа агуулсан сургаал үгс, гүнзгий урлал, содон өгүүлэмжээрээ эрхгүй ялгарч буй юм. Тиймээс эх орон, түүх, тусгаар тогтнолын сэдэвт эл номоо хүүдээ зориулан бичжээ.

Хоёрдугаарт; Түүхэн сургамж, гашуун үнэнийг “Нүүдэл” цуврал шүлгүүддээ багцлан харуулсан онцлогтой. Өөрөөр хэлэхэд, буриад, торгууд, барга түмний нүүдлийн шалтгаан, түүхэн үнэнийг тун яруу шүлэглэсэн нь бий.

Хонь гаргах эрсгүй болтлоо гучаад оны суманд хядуулахаар!

Хожим нь Монголдоо амар амьдрахын дэнчин тавьсаар!

Байгал далайн тэртээгээс Онон, Сэлэнгээ зорьж

Балар ойн иргэд муусайн буриадууд нүүж явна” гэсэн энгийн атлаа ихийг агуулсан хүүрнэлээр буриад зоны маань битүүхэн гунигийг бүх монголын харанга болон дэлдүүлсэнд “Нүүдэл” хэмээх гурамсан шүлгийн агуулгын цараа, утга санааны хүч оршино. Тиймээс эх орон, халуун амь, тусгаар тогтнолын үнэ цэнийг үе үеийнхний төдийгүй шинэ цагийн залуусын зүрхэнд өртөөлөх түүвэр болж чадсанаа

“Өргөн мөрний хоёр эрэгт, өр өмөрч, ураг хуваагдав

Өндөр дээдсийн Монголоо, Халимаг, Торгууд зорив...” хэмээн агуулга, түүхэн орон зайн хувьд өргөсөн томорч батлахдаа,

“Торгуудын их нүүдэл

Тоос босгож дорныг зорив

Халимагуудын их нүүдэл

Хазаар хангинуулж Монголоо тэмцэв

Өлсгөлөн, өвчин, дээрэм тонуулд

Өтгөсөө өрлүүлж, нялхсаа нядлуулж

Цуварсан нүүдлийн мөрөөр Торгууд, Халимагийн

Цус урсаж, яс бутарсан гашуудалд

Цуутай Дорнын тэнгэр далдирч

Үүл манангаар нүдээ нуув” гэсэн харуусалт түүх ухаарал-уянгыг хослуулан уншигчдад бодрол, эргэцүүлийг авчирч байна.

“...Цасгүй өвлийг, цусаар умдаалж туулсан

Талын чонын, өлбөрсөн нүүдэл

Алагдаж болох ч ялагдаж болохгүй

Андгайгаасаа няцаагүй, хөх толботны ялалт

Зуун мянгатаа хядуулж өндөр Алтайгаа бараадсан

Зурайсан нүүдлийн чинь мөр, цагийн савслагад анихгүй ээ

Эвлэж босохыг эрмэлзсэн, Монгол түмнийхээ тэмцэлд

Элгээ буруулаагүй зорьсон, эцэс төгсгөлгүй нүүдэл

Манжийн төрийг мохоосон, зэвний үзүүр-Барга

Мандах төрөө гэж тэмүүлсэн, нүүдлийн нулимс-Барга” хэмээн түүхэн будангуй цаг үеийг урнаар тодотгохын зэрэгцээ

“Өвөрлөгч түмнээ гэсэн таван замын тулаан

Өргөн Монголоо гэсэн гурван том нүүдэл

Хиагтын гэрээнд тасчуулж, гадна үлдсэн гомдол

Хаан нутгаа харуулдсан, Хянган уулын гуниг

Хэлхээтэй ураг тасарсан, өрц голын гачлан

Хилийн зурваст тас хяргуулсан өргөн Хэрлэнгийн нулимс” гэж уянгалжээ.   Улмаар:

“Чөлөөлөгдсөн Монголын тамирдсан төр тэр үед

Чөдрийг чинь суллаж, элгэндээ тэвэрч чадаагүй

Бутарсан Монголоо далласан, ерөөл харууслын дуулал

Буцаж нэгдэнэ гэж цөхрөлгүй хүлээсэн горьдлого

Тасарсан нүүдлийг эвлүүлэх, дардаст тамганы зарлиг

Таалалд нийцэх цагийг тэнгэр мэднэ, Барга түмэн минь” гэх мэтийн найрагчийн сэтгэлийн дуудлага, үнэн зүрхний үгийг хэлүүлж чадсанаараа уран бүтээлийн төдийгүй уран бүтээлчийнхээ чанар чансааг өргөж чаджээ.

Гуравдугаарт; Түүний шүлэгт яруу найрагч хүнд байх омог төгөлдөр, зориг бадрангуй шинж ажиглагддаг юм. Ноён нуруутай, чигч шударга ийм зан утга зохиолд ч, улс төрд ч эрхгүй үгүйлэгдэж байдаг даа. Ялангуяа “Орос орон” шүлгээс нь яруу найрагчийн бардамнал, эх түүхийн аархал ханхлаад олон талтай ажээ.

“Гурав тасарсан тахиа шиг байхад эвлүүлж өгсөн

Гудиггүй гүдэс мөнхийн хөрш, Монголыг бүү март

Талын нүүдэлчдийг уусгах их далай гэж эрдэвч

Татлага түрлэг хоёрыг тэнгэр эрхшээдэгийг сана

Зэрэгцэж оршсон мянган онуудын цадиг түүхээ хүндэл

Зээрийн сүрэг хэдий үрживч чоно зугатаж нүүдэггүй

Ертөнцийн хойморт зүтгэх хоосон санаагаа хазаарла

Ерийн зочны адил баганаас дээш хэзээ ч бүү тухал!” (Хятад орон чиний сонорт) гэж захин сануулж байна. Ийнхүү хоёр хөршийнхөө тухай буюу Хятад орны тухай тодорхойлол шүлэгт ч бас  бие даасан өнгө аяс, ур хийц шингэсэнд олзуурхнам. Мөн

“Хүний олонд эрдэж, хурмастыг бүү хилэгнүүл!

Хүннү гүрний сүлд тэнгэрийнх гэдгийг бүү март!

Дагавар, цөөнхийн эрх чөлөөг хазаарлаж гал бүү ноцоо!

Дарьтай торх шиг өнөд орших, хятад хөрш минь!” хэмээн тун онож шүлэглэсэн нь яруу найрагт эрийн цээнд хүрч, ур ухааны бяд суусныг нь гэрчилдэг.

Дөрөвдүгээрт; Түүхийн мэдлэг түүний шүлэгт нэвт шингээстэй байдаг нь хоосон цэцэрхэл, хөндий цээжээ дэлдсэн омгорхол бус үнэн түүхтэй, үнэн үгтэйгээрээ яруу найргийн аялалд жин дарж байна.  Үүнийг:

“Үхрийн дайтай бүтэн их гүрнээс

Үнхэлцэгийн дайтай эх болж үлдсэн

Ар Монгол минь чи ойлго

Алдах эрхгүйгээ сана аа

Адгуус болоод ч хамаагүй

Онон мөрнөөс амсах юмсан

Арц болоод ч хамаагүй

Отгонтэнгэрт ургах юмсан

Бурхан Халдуны жаварт

Чоно болж улихсан гэж

Бутарсан Монголын чин хүсэл,

Чимчигнэж байдгийг ойлго оо!

Хилийн гадна үлдсэн, гучин дөрвөн түмт

Хэвтүүл болж өмөлзөж суугааг болгоо

Их нүүдлийн замд цуварч үлдсэн олон чинь

Илд дуулга болон манаж байгааг ухаар!” гэснээс тод харж болох бөгөөд

“Минь улсаар ташуур хийж

Хөх тэнгэр үрсээ ширвэв

Мөнх орших эх нутагтаа

Хаан төр зугатаж ирэв

Өрөөлийн нутагт буурь сэлгэ

Өөрийн нутагтаа сууриа бэхэл

Хаан төр хас тамгаа

Харийн голомтонд бүү даатга

Өргөн их Юань гүрний мөхөл

Өнө хойчид ингэж сургамжлав” (Юань улсын гунигийн дуу) зэрэг олон шүлэг, найраг нь түүхэн сэдэвтэй бичигдсэнээ илтгэдэг. Ингэхдээ түүхт үйл явдлыг тоочих, давтах бус өргөн олон уншигчдад түүхийн үнэнийг энгийн, товч тодорхой сануулж, алдаа санамжаасаа суралцах түүхэн ухаарлыг найрагчийн бодрол эргэцүүлэлтэй тэнцвэртэй, урнаар хослуулснаараа үнэ цэнтэй болсон байдаг. Энэ мэт есөн зууны түүхийг есхөн хуудсанд багтаасан буюу:

“Дэлхийн талыг хураасан алдаа онооныхоо төлөөсийг

Дээлтэй эрсийнхээ амиар хэдэн зуунаар ч төлөв

Аваа өгөөний дэнс тоо хэмжээтэй байдаг бол

Азийн цээжинд Эх орон минь торних цаг нь болсон” (Эх орон танаа) гэсэн ухаарал, сургамжийн дөрөвхөн мөр гүн гүнзгий санаа илтгэсэнд уран сайхны ач холбогдол нь оршдог юм.

Тавдугаарт;  Аливаад тууштай, шударга ханддаг, ухаалаг хэрсүү зан чанар нь найраг, шүлгэнд нь шингэснээрээ уран бүтээлчийн үндсэн араншинг нь илтгэж, зохиол бүтээлийнх нь мөн чанарыг тодотгож буй нь сайшаалтай. Монголын нийгэм, түүхтэй холбоотой номуудыг уншин судалж, гэр номын сандаа судалгаа хийдэг нь баримтат зохиолынх нь ул үндэс болдог шиг

“Цулгуй торго шиг өргөн дэлхийн зулайд

Өнчин ганц хээ шиг торойж үлдсэн

Цуутай эрхэмсэг амин Монголоо

Өмөлзөж хэзээ ойлгох юм бэ?” зэрэг өвөрмөц содон дүрслэл, зүйрлэлийн эрэлхийлэл, нээлт тэргүүтэн найрагчийн сэтгэл зүрхний дуудлага нь болдог ажээ.   Энэ мэт

“Атгасан аргай шиг нэгддэг

Төмөр сахилгатай Монгол минь” (Нэгдсэн Монгол) зэрэг үгийн урлал, дүрслэлийн туршилтууд зэрэгт дулдуйдан О.Түвшиндэмбэрэл найрагчийг “Эх оронч шүлэгч юм” гэж дүгнэлээ.

Дууны яруу найргийн тод төлөөлөл, зохиолч, яруу найрагч, нийтлэлч гэсэн дөрвөн талт жанжин малгайг уншигч олон түүнд өмсүүлсэн билээ. Би ч бас хүлээн зөвшөөрч байна.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Цэвээндорж (Ph.D), дэд профессор

 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top