2013 оны зургаадугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсанаасаа хойш оноосон нэрээ гурвантаа сольж, өөрчилсөн ч хариуцлагагүй үйл ажиллагаа эрхэлдэг хэвээрээ байгаа компани бол “Бүрдэл Майнинг” ХХК юм.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага зэргийг нэн чухалчилдаг хэмээн өөрсдийгөө сурталчилдаг ч бодит байдал дээр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой харамсалтай хэрэг явдлууд тус компани дээр өмнө нь гарч байв. Компанийн оноосон нэрээ үе үе өөрчилдөг нь ч хариуцлагагүй үйл ажиллагаатай нь холбоотой талаар өнгөрсөн хугацаанд яригдаж л байсан. Анх байгуулагдахдаа "Эко алт" ХХК гэдэг нэртэй байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр "Эко алтан заамар" ХХК болгож өөрчилж байв.
Харин 2019 оны хоёрдугаар сард Төв аймгийн Заамар сумын Баянголын ам гэх газарт байрлах ажлын талбайд нь осол гарч, дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг явдлын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн "Бүрдэл Майнинг" ХХК гэх нэрээр уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах болсон юм.
Олон хүний эрдэнэт амь сүйдсэн хэрэг явдлын дараа шинэ нэрээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2020 онд Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 25-д эрэмбэлэгдсэн бол өнгөрсөн 2021 онд 23-д жагсаж, хоёр байр урагшилжээ.
Татвар, Борлуулалтын орлого, Даатгуулагчийн тоо, Ашиг, Хөрөнгө гэсэн таван үндсэн үзүүлэлтээр аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлдэг ТОП-100 жагсаалтад байр урагшлаад байгааг нь аваад үзэхээр “Бүрдэл Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа улам л өргөжин, тэлж байгаа янзтай. Хэдий тийм боловч тус компани ачааны хүндийг үүрч дүүрч, хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа мянга хол давсан ажилтныхаа эрх ашгийг хохироосон хариуцлагагүй үйлдлүүдээ давтсан хэвээрээ байгаа талаар нэр бүхий ажилчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж, ярьж байна.
Тодруулбал, “Бүрдэл Майнинг” ХХК уурхайн үйл ажиллагаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан, үйл ажиллагаагаа зогсоохдоо, хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг ажилтнуудаар өөрсдөөр нь өгүүлэх шахалт, шаардлага тавьж буй аж. “Бүрдэл Майнинг” ХХК-ийн нэр бүхий ажилтны өгч буй мэдээллээр буюу тухайн ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд, тус компани 2020 оны есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд, ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг огт хийгээгүй байна.
Албан бус мэдээллээс үзэхэд, “Бүрдэл Майнинг” ХХК нийгмийн даатгалд 14 тэрбум төгрөгийн өртэй аж. Гол нь нийгмийн даатгалын шимтгэлийн энэ өр төлбөрийн ард эгэл жирийн ажилчид, уурхайчдын эрх ашиг хохирсоор өнөөдрийг хүрч буй юм. Учир нь бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол суутгуулсаар ирсэн ажилчдын хувьд ажил олгогч нь төлөх ёстой шимтгэлийг төлөөгүйн улмаас банкнаас зээл хүсэх зэрэг нийгэм, эдийн засгийн аливаа үйлчилгээ авахад үргэлж, хаалттай байж ирснийг хэлж байна.
Цалин орлогыг нь нотлон, баталгаажуулах нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь бөглөгддөггүй учраас арга буюу банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авдаг талаараа, цалин нь олон сараар хоцорч буудгаас болж, зээл төлбөрөө ч төлж чадахгүй амаргүй байдалд орсоор ирсэн болохоо тус компанийн ажилчид учирлалаа.
Түүнчлэн “Бүрдэл Майнинг” ХХК нь нэг уурхайн үйл ажиллагаагаа дуусгаад нөгөө уурхайн төсөл рүү орохдоо, ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ ажилчдын өөрсдийн хүсэл, санаачилгаар цуцлах шаардлагыг тавьж буй нь анхаарал татаж буй юм.
Нэр бүхий ажилчдын зүгээс өгч буй мэдээллээр, хэрэв ажилтнууд өөрсдөө хөдөлмөрийн гэрээгээ цуцлах өргөдлөө өгчихвөл, өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрүүдийг нь төлж, амралтын мөнгийг нь нөхөн олгоно гэсэн зүйлийг компанийн зүгээс хэлж буй аж.
Гэтэл хууль эрх зүйн үүднээс аваад үзэхэд, уурхайн үйл ажиллагаа дуусгавар болж буй нь ажилтнаас хамаараагүй. Энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг гаргах үндэслэл болох бөгөөд холбогдох хууль журмын хүрээнд ажилтан цалин урамшууллаа авах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхтэй юм.
Гэвч “Бүрдэл Майнинг” ХХК-ийн зүгээс ажилтнуудынхаа энэхүү эрх ашгийг үл тоомсорлон, өөрсдийнх нь “санаачилгаар” хөдөлмөрийн гэрээг цуцлахаар яарч, шахалт үзүүлж буй нь төлж, барагдуулах ёстой нийгмийн даатгалын шимтгэл болон олгох ёстой цалин урамшууллын мөнгөө олгохоос бултаж байгаа хэрэг биш биз гэж хардахад хүргэж буйг ажилтнууд нь хэлж байна.
Сануулахад, “Бүрдэл майнинг” ХХК-ийн ус ашиглах эрхийг Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар цуцалсан юм. Уг шийдвэрийн дагуу биелэлтэд хяналт тавихаар Туул голын сав газрын захиргаанаас долоодугаар сарын 26-ны өдөр ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байсан билээ.
Шалгалтын явцад “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй, хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайлан гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байдаг.
Өмнө нь олон хүний амь сүйдсэн хэрэг явдал гарсны дараа нэрээ өөрчилж, нийтийн анхаарлыг төөрүүлэх гэж оролдсон ч чадаагүй тус компани байгаль орчинд харшилсан олон зөрчлөө арилгаж, хэвийн үйл ажиллагаа явуулахад анхааран ажиллахын оронд, хулгайгаар ажиллаж байсанд БОАЖ-ын сайд ихэд эгдүүцэж “Бүрдэл майнинг” ХХК-д хандан “Хулгайгаар ч болтугай ажиллах гэдэг сэтгэхүйгээ боль” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхээр “Бүрдэл майнинг” ХХК-ийн хувьд Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд, хууль журмууд огт хамаагүй бөгөөд цаг ашиглаад ухаж л байвал болоо гэсэн бохир арга барил бүхий удирдлагуудтай гэдэг нь ойлгогдож буй юм.
Эхэнд хэлсэнчлэн, “Бүрдэл майнинг” ХХК нь нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд ухамсарладаг гэдэг ч энэ компанийн эздийн төдийгөөс өдийг хүртэлх үйл ажиллагааг харахад, уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх асуудалд дутуу дулимаг хандсаар иржээ. Хариуцлагатай уул уурхай эрхлэгч компани байгаль орчны асуудалд онцгой анхаарахын сацуу ажилтнуудынхаа эрх ашгийг хохироохгүй байхад ч дутуугүй анхаарах ёстой. Тус компани, Хүний нөөцийн бодлогоо тодорхойлохдоо, “Бид шударга, эрх тэгш зарчмаар, эерэг хандлагатай хамт олныг бүрдүүлж, байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэн компанийн хүний нөөцийн бодлогыг үндсэн чиг үүргийн хүрээнд тодорхойлж, ажилтнуудын ажлын байр болоод ахуй амьдралын нөхцөлийг сайжруулах бололцоог бүрдүүлэх, залгамж халааг бэлдэх зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг” гэсэн байгаа юм.
Гэсэн ч ажилтнуудынх нь өгч буй мэдээллээс үзэхэд, дээрх бодлого хэрэгждэггүй бөгөөд ажилтнуудынхаа эрх ашгийг жил дамнан хохироосоор өнөөдрийг хүрчээ.
Сэтгэгдэл ( 9 )
Төр байдаг юм бол хариуцлага тооцооч.
Ёстой хогын газар, цалин мөнгөө хугацаандаа тавьдаггүй, ийм даварцан газрт арга хэмжээ аваач э
Бүх өр төлбөрий нь төлж барагдуулах үүрэг даалгавар өгч эс биелүүлбэл хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.
баян базараатай хариуцлага ярих ёстой
Бохир үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй бгаа аль ч ЗГ, авилгаар бүгдийг шийддэг нийгэм, тогтолцоонд амь бөхтэй бултан оршсоор байгаль орчин сүйрүүлсээр бгаа үхээрүүд, хурмастад тооцоогоо хийж өрөө төлөх өдөр хүртлээ явах л бх даа нүгэлтэнгүүд
Хэдий болтол хариуцлагаас мултрах гээд байгаа компани юм болдоо
Энэ компанитай хариуцлага тооцооч
энэ компаний нэрийг олон сонсож байсан, олны үг ортой л байдаг юм байна. муугаараа алдартай газар байналээ
Маш сайн бичсэн байна. Энэ нийтлэл бичсэн сэтгүүлч арга үгүй л мэргэжлийн хүн байна даа.