Агаарын чанарын элч

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Алтан гартай, бурхан ухаантай инженер хүн дээ... гэснээс өөрийг мэдэхгүй би түүний тухай хөрөг нийтлэл бичнэ гэхээс эмээж, сүрдэж байлаа. Мөхөс бичигч миний мэдэхээр Монгол Улсад лав сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй их бүтээн байгуулалтыг санаачлан, гардан явуулж улмаар үр дүнг нь үзчихээд байгаа ч нэр гуншинг эрэлхийлэлгүй, өглөөд ажилдаа, оройд гэр рүүгээ яарах эгэлхэн энэ эрхмийг Жамбалжамцын Батбилэг гэдэг. Тэрбээр Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Улсын их сургуулийг Нүүрсний химич мэргэжлээр төгссөнөөсөө хойш Эрчим хүчний яам, Уул уурхайн яамд ажиллаж улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар яваа нэгэн. Түүний Монгол Улсад хийсэн хамгийн том ажлын нэг бол улаанбаатарчуудын толгойны өвчин болоод байсан утааг шийдсэн явдал байлаа.

Тодруулбал, саяхан даа, урд яваа хүн харагдахгүй, хамаг хувцсанд утаа, хар тортог тогтож, нүд хорсож, хоолой аргаж байсан нь. Харин Ж.Батбилэг “Сайжруулсан шахмал түлш”-ийг зохион бүтээснээр утааг 50-70 хувь хүртэл бууруулж чадсан байдаг. Өдгөө “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрөвдүгээр үйлдвэрийн дарга ба ерөнхий инженерийн албан тушаалтай, Монгол Улсын зөвлөх инженерээр ажиллаж байна. Сэтгэл үйлсийг нь өнгийлгүй, өнгөц ажваас энэ нийгмийн “гол дүрүүд”-ийн нэг төдийхнөөр харагдаж мэдэх түүний түүх товчхондоо нэг ийм. Энэ л энгийн түүхийн цаана ямархуу зүтгэл нуугдаа бол оо.

 

ГЭР БҮЛИЙНХЭН НЬ НҮҮРСНИЙ МЭРГЭЖИЛТНЭЭС ДУТАХГҮЙ БОЛСОН НЬ

 

Нийтлэлийн “гол дүр” маань 1964 онд Сүхбаатар айм­­гийн Баруун-Урт хотод мэндэлсэн. О.Жамбалжамцын найман хүүхдийн нэг нь болж мэндэлснээрээ ихэд бахархдаг аж. Учир нь түүний аав Торой бандийн домог, хууч яриаг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан "Торой банди" хэмээх жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулж, хөгжимт драмыг үндэслэн байгуулж байжээ.

Ж.Батбилэг “Одоо ингээд хараад байх нь ээ аав, ээжийгээ л амьд сэрүүнд нь жаргаачих юм сан гэдэг бодол хүн бүрд байдаг байх” хэмээн сүүрс алдаж байлаа. Түүний ээж өдгөө 86 насыг шүргэж яваа бөгөөд хэзээд хүүгийнхээ ард бат зогсож байдаг гэнэ. “Ээж минь сайжруулсан шахмал түлш бага ордог, сайн гэдгийг нь батлах гэж яасан гэж санана. Нэг ширхэг бөөрөнхий нүүрс 50 грамм жинтэй байдаг байхгүй юу. Нэг хийхдээ гурван кг буюу 60 ширхэг бөөрөнхий нүүрс хийж таарах нь дээ. Тэгсэн яг гурван кг орох будгийн сав олоод түүгээрээ өдөрт гурвыг хийж, нэг шуудай нүүрсээ гурван хоног хэрэглэдэг гэсэн юм. Би түүнийг нь сонсоод юу гэж байгаа юм бэ ээж минь, даарна шүү дээ. Би танд хангалттай нүүрс бэлдээд өгье гэхээр “Би өөрийнхөө мөнгөөр авна” гээд хавьтуулдаггүй юм (инээв).

Мөн түүний ээж өдгөө хоёр ч ном бичиж, хэвлүүлсэн тийм хөнгөлүүн, сайхан буурай байдаг байна. Өнөөдөр ажил дээр амжилттай яваагаа эхнэртэйгээ холбож, маш сэтгэл хангалуун байдаг талаараа хуучиллаа. Түүний эхнэр Дизайн урлагийн дээд сургуулийн багш, халамжит хань, сайн ээж юм. Нүүрсний талаарх мэдлэг нь муу­хан мэргэжилтнээс дээр гэнэ. Ж.Батбилэг гурван хүүхэдтэй бөгөөд бага нь зургаан настай. Тэр­бээр сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээлэл гарахаар “Аавын агаарын бохир” гарч байна гэдэг гэнэ. Охиноо ийн­хүү өхөөрдөн ярихдаа тэрбээр охиныхоо хуримыг үзээд зогсож байх гэгээхэн мөрөөдлөө ярьж байлаа.

 

ЦҮНХЭНДЭЭ “НҮҮРС”-ТЭЙ ОЮУТАН НАС, АЖЛЫН ГАРААГАА ЭХЭЛСЭН НЬ

 

10 жилийн шалавхан биетэй хүү химийн хичээлдээ дургүй байж. Гэтэл сургуулиа төгсөх үед нь “нүүрсний химич” гэсэн ганцхан хувиар ирж л дээ. Ийнхүү “Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэх”-ээр болж ОХУ-ын Эрхүү мужийн Улсын их сургуулийг зорьсон гэдэг. Эрхүүгийн оюутнууд тарваганы арьс цүнхлээд явдаг байсан бол мань эр цүнхэндээ нүүрстэй л явдаг байж.

Ажлынхаа гарааг Эрчим хүч, Геологи, уул уурхайн яамны харь­яанаас эхэлж байжээ. Ингэхдээ Эрчим хүч, уурхайн үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн Институтийн Хатуу түлш боловсруулах секторт Эрдэм шинжилгээний ажилтнаар 1988 онд орж ажилласан байна. Энэ тухай тэрбээр “Нүүрс коксжуулах тухай тэр үед ярьдаггүй, мэддэг ч үгүй байлаа. “Нүүрс коксжуулах лабораторийн зуух”-ыг 700-800 градуст цахилгаанаар халдагаар зохион бүтээсэн минь монголд анхных байсан. Энэ анхны туршилтын зуухаас кокс, хий, шингэн бүтээгдэхүүн гаргаж авч болно.

Үүнийгээ зохион бүтээчихээд Тавантолгой нүүрсийг авчирч коксжуулаад нефть шиг шингэн бүтээгдэхүүн гаргаж авсандаа маш их баярласан. Үүнийгээ бариад Эрчим хүчний яамд танилцуулах гээд орсон чинь хөөгдөөд гарсан байдаг юм. Яасан гэсэн чинь яамны нүүрсний асуудал хариуцсан том дарга нь ойлгохгүй байсан. Тэгээд би арга буюу мухардалд орсон ч судалгааныхаа ажлыг орхиогүй” гэсэн юм. Тэр үед ч гэсэн утааны асуудлыг ярьж улсаас янз бүрийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байсан бөгөөд Ж.Батбилэг ч алгасалгүй ордог байж. 1989 онд Утааны бохирдол багатай гэрийн зуух зохион бүтээх улсын даалгаварт ажлыг хийж гүйцэтгэн ХКЗ-1, УШЗ зуухнуудыг зохион бүтээж, байгаль орчинд хамгийн бага хорт нөлөө бүхий гэрийн зуухаар шалгарсан аж.

Тухайн үед монгол гэрийн зуухаас 2-3 дахин бага угаарын хий гардаг зуухыг 25 настай залуу зохион бүтээсэн нь ёстой л гайхагдаж байж.

Тэрбээр “Гэрийн зуух зохион бүтээгчдийн уралдаанд дээрх зуухнууд тэргүүн байранд шалгарч чадаагүй юм л даа. Уг нь хамгийн бага угаарын хий ялгаруулж байсан зуух нь байсан болохоор нэгдүгээр байранд шалгарчихлаа гэж бодож байсан юм. Гэтэл гуравдугаар байр гэж зарласан. Тэгэхээр нь би босож ирээд “Та нарыг би Монгол Улсын шилдэг дулааны инженерүүд цугласан байна гэж бодсон. Гэтэл их, багын тэмдгээ аль тал руугаа харуулахаа мэддэггүй ийм улс байсан юм уу” гээд гараад явж байсан юм” хэмээн ярих түүнийг хэр шударга хүн бэ гэдгийг гэрчилнэ. 1991 онд “Утаагүй түлш, кокс гарган авах талбайн арга” зохион бүтээж Тавантолгойн уурхайд нэвтрүүлсэн нь манай улсын ширэм хайлуулах үйлдвэрлэлд энэ чиглэлээр нэвтрүүлсэн анхны ажил байв. Тэр үед металлургийн коксоор дутагдаж байсан бөгөөд зөвхөн энэ аргаар үйлдвэрлэгдсэн коксоор хангагдаж байжээ.

Ийн дурсав, “Зуныхаа амралтаар Сүхбаатар аймгийн Түмэнцогтын САА-д хаягдал ширэм хайлуулах анхны цехийг байгуулсан юм. Тракторын хаягдал ширмийг кокстой хольж ширмэн тогоо, тракторын ангийг хийж, 50 мянган төгрөгийн ашигтай ажиллаж билээ. Үүнийгээ цуг хийлцсэн хүмүүстэйгээ дөрөв хувааж, тухайн үед их л баян явж байлаа шүү дээ” хэмээн өгүүлэв. 1989, 1990 онд Хөнгөн үйлдвэрийн институттэй хамтарсан нүүрс, шохойн чулуунаас нийлэг мяндас, даавуу гарган авах “Винилон мяндас” төсөлд нүүрс коксын асуудлыг хариуцсан мэргэжилтнээр оролц­сон байна. Ингэхдээ Тавантолгойн уурхайгаас 1500 тонн нүүрс, Мааньтын уурхайгаас 500 тонн шохойн чулууг БНАСАУ-д тээвэрлүүлж туршилтад оруулж, эх орныхоо түүхий эдээс карбид, кальци, ацетилен, нийлэг мяндас гарган авах боломжтойг 11 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг тогтоож байжээ.

 

НҮҮРСЭН ЦАРАЙТ БОЛСОН НЬ

 

Түүний хийж бүтээсэн, шинийг санаачилж, эрэлхийлэн, гар бие оролцсон төсөл, арга хэмжээнүүдийг тоочоод барахгүй. Тэрбээр Шинжлэх ухааны ака­демийн ФТХ-ийн Дулааны физикийн лаборатор (2002-2003), Эрчим хүч, судалгаа хөгжлийн төвийн Түлшний судалгаа хөгж­лийн хэлтсийн дарга (2004-2005), ЭХСХТ-ийн Химийн туршилт судалгааны дарга (2006-2008), Ашигт малтмалын газрын Нүүрсний судалгаан хэлтсийн Түлшний судалгааны тасгийн даргаар (2009-2016), Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр (2016-2018) онуудад тус тус ажиллаж байжээ.

Эдгээр байгуул­лагуудад очиж ажиллахад дөн­гөж л шинээр байгуулагдаж бай­сан, мэргэжилтэнгүй, эл хуль байж. Харин Ж.Батбилэг орж ажилласнаар орон тоог нэмэг­дүүлж, эрх зүйн орчныг сайжруулж, стандарт боловс­руулан баталж, төсөл арга хэмжээ­нүүдийг олноор хэрэгжүүлж бат бэх оршин тогтнох суурийг нь маш сайн цутгаж өгчээ. Тэрбээр Эрчим хүчний яамнаас Уул уурхайн яам хооронд “хамелеон” шиг шил­­жиж ажилласнаа ийнхүү тайлбарлав. Тэрбээр “Нүүрс их сонин бүтээгдэхүүн. Олборлодог гэхээр уул уурхайнх ч юм шиг, шатаахад дулаан, цахилгаан гаргадаг учир эрчим хүчнийх ч юм шиг. Нүүрсээ гадагшаа гаргахаар экспортын бүтээгдэхүүн болчихно. Ингээд л би гэдэг хүн чинь нүүрсээ дагаж явахаар аль алинд нь харьяа­лагдаад байдаг. Надад Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан цол олгосон. Харин Эрчим хүчний салбараас шилдэг инженер болгочихсон” гэж инээж ярьж байлаа.

 

НҮҮРС ИДДЭГ БОЛСОН НЬ

 

Энэ хүртэл явж ирэхэд түүний зам шулуун дардан байсангүй. 2014 онд Нүүрс баяжуулах үйлд­вэр ашиглалтад орж байхад нь томилолтоор явж танилц­жээ. Өөрөө нүүрсний химич хүн учраас тэндээс нэгэн боломжийг олж харсан байна. Нүүрсний баяж­малаас гаргаж авахад дундаас нь үнслэг өндөртэй мидлинг гарсан байна. Эндээс л утаагүй түлш гарган авч болох юм гэдгийг мэдэж 2-3 жил судалгаа хийсний үндсэн дээр бүтээгдэхүүн гаргаж авахаар сэтгэл шулуудсан байна.

Эрчим хүний яаманд ажиллаж байсан түүнд хөрөнгө оруулах мөнгө дулимаг учир өөрийнхөө хоёр өрөө байр, ахынхаа гурван өрөө байрын хамт барьцаанд тавьж зээл авчээ. Энэ мөнгөөр Тавантолгойгоос мидлингээ ачиж авчирч, Хятадаас хоёр жижиг шахагч машин авчраад бөөрөнхий түлш гаргасан байна.

Тэр үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар шахмал түлш үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжид тонн тутамд 50 мянган төгрөг өгнө гэж амлаж. Иймд ч үүнийгээ дахин өргөжүүлэхийн тулд ахынхаа компанийг тус бизнес рүү оруулсан ч, гаргаж буй түлш нь өртөг өндөртэй байсан тул борлогдохгүй удалгүй дампуурч. Ийм л эрсдэлтэй алхам хийж ах, дүү нарыгаа өрөнд оруулж, ахынхаа, өөрийнхөө байрыг алдаж түрээсийн байр руу шилжжээ. Энэ их хохирлын ард “сайжруулсан шахмал түлш” 2018 онд гарч ирэх боломж, нөхцөл бүрдэж.

Тодруулбал, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулах 17-р тоот тушаалын ажлын хэсэгт нь орж ажилласан нь түүнд дахин том боломжийг олгосон аж. 2010 онд баригдаад ашиглагдахгүй байсан хөлдүүс болсон байрыг ашиглаж судалгаа, шинжилгээний ажлаа явуулжээ. Тэр ч өөртөө утаагүй түлш гаргаж авна гэдэгтээ итгэлтэй байж, 15 ажилтай болсноор 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр Тавантолгой түлш ХХК байгуулагдсан түүхтэй. Тус туршилт судалгааны ажил хийгдсэн газар нь өдгөө Тавантолгой түлш ХХК-ийн IV үйлдвэр болсон байна.

Үйлдвэр байгуулсан ч асуудал ар араасаа хөвөрчээ. Энэ талаар тэрбээр “Ийнхүү 2018 оны намар анхны бүтээгдэхүүн ч гарлаа, хэрэглэгчийн гар дээр ч очлоо. Гэтэл угаартах асуудал гарч ирэв. Галлагааны улирал эхлэх үед агаарын өөрчлөлттэй холбоотойгоор угаартах асуудал өмнө нь байсан. Гэвч тэр нь эзэнгүй байсан. Харин Тавантолгой түлш ХХК гарч ирж түлшээр хангаж эхэлсэн тул эзэнтэй болчихож байгаа юм. Ийнхүү Эрүүгийн цагдаа, Улсын шүүх, УИХ-аар хэлэлцэгдэж, бид ч хоргүй гэдгийг нотлохоор нэлээдгүй явсан. Бараг хаагдчих шахсан шүү. Бас хар тамхины хольцтой, хятад ургамал хольдог гэсэн цуу яриа гарсан. Сайжруулсан шахмал түлш 95 хувь нь нүүрс, үлдсэн таван хувь эрдэнэшишийн цардуул буюу пүнтүүзний гурил, ямар ч хоргүй байгалийн нарийн шавар орж барьцуулдаг ийм л орцтой. Харин иргэдэд хоргүй гэдгийг яаж батлах вэ гэж бодоод би ерөөсөө л идээд үзүүлчихье гэсэн санаа төрсөн (инээв). Тэгээд түлшнээсээ аяганд хийгээд, стаканд ус хийж тавиад л хэвлэлийн бага хурлаа эхэллээ дээ. Манай түлш хоргүй би та нарт идэж үзүүлье гээд л идчихсэн” гэж ихэд дооглонгуй ярьж байсан юм.

Бодоод үзэх нь ээ мөнгө төгрөгтөө сагасан, хийх зүйлээ олж ядсан байгаа биш хар тамхийг түлшиндээ зуураад сууж байна гэж юу ч байх вэ. 2014-2017 он хүртэл утаа гамшгийн хэмжээнд хүрч байсныг мэдэх хүмүүс нь мэдэж л байх учиртай. Харин сайжруулсан шахмал түлш гарч ирснээр бид өвлийн улиралд Богд уулаа хардаг болсон нь үнэн.

Өдгөө Тавантолгой түлш ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хорооллын иргэд, ААН-ыг сайжруулсан шахмал түлшээр хангаж буй. Тус компани нь 2019 онд 500 гаруй мэргэжлийн бус хүнийг сурган, ажлын байраар хангасан байдаг бөгөөд энэ оны байдлаар 3600 гаруй ажилтантай болж өргөжин тэлсэн байна. Нүүрс тээвэрлэлтэд 2000 гаруй машин явдаг байна. Тавантолгой түлш ХХК-ийн IV үйлдвэр нь 2019 оны нэгдүгээр сарын байдлаар өдөрт 30 тонн түлш үйлдвэрлэдэг байсан бол мөн оны сүүлчээр хүчин чадал нь 10 дахин нэмэгдэж өдөрт 300 тонн түлш гарган авдаг болжээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг Ж.Батбилэг удаа дараа боловсруулсан нь өнөөдөр тус компанийн хүчин чадал өдөрт 800 тонн шахмал түлшийг үйлдвэрлэдэг болсноор компанийн нийт үйлдвэрлэлийн 43 хувийг хангадаг болсон амжилтыг үзүүлээд байгаа юм. Ажлаа мэддэг, түүндээ үнэнчээр зүтгэхэд урт, богино хугацаа хамаагүй болохыг тэр харуулж чаджээ. 2021 онд 108 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол энэ жил 275 хүнийг ажлын байраар хангаж өргөжин тэлсээр байгаа аж.

Хүхрийн давхар ислийн агууламж хүний биед хамгийн хортой байдаг. Үүнийг бууруулахын тулд олон эрдэмтэн, инженер ажиллаж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл үүнд судалгаа хийж, уг хорт хийг бууруулж чадсан нь Ж.Батбилэг байлаа. Тэрбээр шахмал түлшний үндсэн түүхий эдийн 95-97 хувийг нүүрс баяжуулах үйлдвэрээсээ авдаг бөгөөд үлдсэн цавуулаг түүхий эдийг хятадаас авдаг байжээ. Харин энэ оны зургаадугаар сард шинэ төрлийн барьцалдуулагч гарган авснаар олон асуудлыг шийдсэн байна.

Тус компани жилдээ 25 мянган тонн барьцалдуулагч хэрэглэж 62 тэрбум төгрөг зарцуулдаг байсан юм. Харин шинэ барь­цалдуулагчийн ачаар тус үнийн дүнг 10 дахин хэмнэж байгаа аж. Гэвч түүнд дахин эсэргүүцэл тулгарчээ. Учир нь гаднаас барьцалдуулагч түүхий эд оруулж ирдэг компани болохгүй, бүтэхгүй мэтээр харлуулсан байна. Ийнхүү хил гаалиас хамаардаг түүхий эдийн 90 хувийг дотоосоо орлуулж ашигладаг болсон нь хамгийн том гавьяа билээ. Түүний судалгаа, шинжилгээ хийж гаргаж авсан шахмал түлшний барьцалдуулагч түүхий эд нь хүхрийн хийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар бууруулсан байна. Үр дүнгээ тултал гүйцэтгэж яваа түүнээс цаашдаа ямар ажил хийхийг нь асуухад “Үлдсэн түүхий эдээ 100 хувь дотоосоо хангадаг болно оо” гэж итгэл төгс өгүүлж байлаа. Үнэхээр ажлыг тултал хийдэг чанар түүнд байдаг аж.

 

ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙНХЭЭ АЧААР НҮҮРСНИЙ ТОРТОГТОЙ ХУТГАЛДАХААС ЗАВСАРЛАДАГ БОЛСОН НЬ

 

“Дотор нь ороод халтайгаад явдаг байсан бол олон сайхан шинэ боловсон хүчнүүд нэмэгдсэнээр тэгэх ямар ч шаардлагагүй болсон байна” хэмээн ажилчдаараа бахархах нь дотно сайхан санагдана. Инженерүүд нь байгаа хүчин чадлаа 2.5 дахин өсгөж чадсаныг бахархалтай нь аргагүй ярьж байлаа. Бусдын хийсэн амжилтад баярлаж, магтаж чаддаг зан чанар түүнд байдаг аж. Энэ олон жилийн хугацаанд хүмүүсийг удирдан манлайлж, нэгэн цул мэт байлгана гэдэг их ухаан шаарддаг биз ээ. Тэгвэл энэ талаар түүнээс тодруулахад, “Удирдагч хүн хэчнээн эрдэм мэдлэгтэй байлаа ч хүний сэтгэлтэй нь ажиллаж чадахгүй бол тэр ажил урагшлахгүй. Ямар ч хүнтэй хүн шиг л харьцах хэрэгтэй. Хүн болгонд өөрийн гэсэн гэрэл байдаг.

Түүнийг нь олж харж, нээн илрүүлэх нь чухал. Хуучны захиргааны удирдлага гэдэг зүйл дэлхий нийтэд хоцрогдож байна. Анх үйлдвэр нээгдэхэд ирж ажиллаж байсан хүмүүс нүүрсний талаар ямар ч ойлголтгүй, дээрээс нь хүнд нөхцөлд ажилладаг болохоор шантарвал шантрахаар л байлаа шүү дээ. Гэвч тэгээгүй. Учир нь би хүмүүсээ анх ажилд ороход нь нэг бүрчлэн тулж уулзаж, итгэл найдвар төрүүлдэг юм. Би тэд нартайгаа ноцолдож, тоглоод энгийн харьцдаг. Хэдий тийм ч ажил дээр бол хатуу шаардлага тавьдаг. Заримдаа тэд нартаа “сан” тавих үе байх шүү дээ” хэмээн инээж байлаа.

Шахмал түлшний шинэ соёлыг Монголд нэвтрүүлсэн Тавантолгой түлш компанийг Английн орчны үнэлгээний газраас агаарын бохирдлыг 2-3 дахин бууруулсан гэсэн бол дотоодын судлаачид 50 хувь бууруулсан гэж дүгнэжээ. Монголын хүн амын 1.6 сая хүн амьдардаг Улаанбаатар хотын амьсгалах агаар, эрүүл мэнд, дулааныг хангах их үйлсэд бүхий л амьдралаа зориулсан түүнийг “Агаарын чанарын элч” гэж нэрлэсэн нь онох байх. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлснээр утаанаас үүдэлтэй зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг зэргээс 200 гаруй хүүхдийн амь насыг аварсан тооцоолол байна. Ийнхүү нүүрс цүнхэлж, судалж, халтайж, долоож, идэж явсны үр дүнд өнөөдөр хийсэн бүтээсэн зүйл нь олны талархлыг хүлээж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenetuya Sodnombaljir(202.9.46.51) 2022 оны 12 сарын 04

Ta bol gaviyat avahaar ikh zuiliig gantsaaraa l hiij yavaa zutgeltei injener shuudee tanaar baharhaj bna gaviyat bolooroi amjilt husei

0  |  0
С.Ц(66.181.161.21) 2022 оны 12 сарын 03

Аав ээжийнхээ уйгагүй хөдөлмөрч шудрага занг өвлөж авсан мөн хөдөлмөрч бурхан инженер дүүд улам их амжилт хүсье. Нутгийн дүүгээр бахархаж байна

0  |  0
Иргэн(202.126.90.48) 2022 оны 12 сарын 03

Амжилт хүсье

1  |  0
zochin(202.179.26.167) 2022 оны 12 сарын 03

Setgel, zytgel baival yug ch hiij buteej bolohiig haruulsan saihan hun yumaa. Tand amjilt, sain saihan buhnii deediig erooe.

1  |  0
Top