Алтны хулгай ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР

2022 оны 12 сарын 09

Нүүрсний хулгай өнгөрсөн 30 жилийн туршид эрх мэдэл бүхий нөхдийн оролцоотойгоор хэлбэрээ өөрчилж, агуулга нь улам гүнзгийрсэн, цуврал луйврын нэг үү гэдэг асуулт энэ өдрүүдэд нийгмийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгтэй зэрэгцэн алтны хулгайн талаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн нэг Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр алтны хулгай гаарсныг тодотгоод, аж ахуйн нэгжүүд орлогын албан татвар төлөхөөс зугтаж, олборлосон алтныхаа хагасыг нь л тушаадаг, ченжүүдээр дамжуулдаг, лицензийг хоорондоо шилжүүлдэг гэхчлэн ярив.

Алтны салбартай холбоотой өнгөрсөн олон жилүүдэд өрнөсөн үйл явцыг эргэн харахад, Б.Баттөмөр гишүүн шинэ зүйл яриад байгаа юм биш л дээ.

Үнэндээ нүүрсний хулгай гэх хэрэг сураггүй байхад буюу ардчилалд шилжсэний дараахан  1990-1991 онд тухайн үеийн Төв банкны дилерүүд валют арилжааны үйл ажиллагаанд алдаа гаргаж, алт цэвэршүүлэхээр Лондон руу явуулж, АЛТ-ДИЛЕРИЙН гэх хэрэг дуулиантайгаар яригдаж байсан билээ.Тухайн үеийн “Ил Товчоо”, “Үнэн”, “Ардын Эрх” зэрэг хэвлэлүүдэд гарч байсан мэдээллээр бол, Монгол Улс валютын арилжаанаас 82.4 сая ам.долларын алдагдал хүлээж, улсын өмч болох 4.4 тонн алтыг дилерийн алдагдлын барьцаанд өгч байжээ.

Алт-Дилерийн хэргийг эшлэн өгүүлэхийн учир нь, өнгөрсөн 30 жилд улс орны, эгэл жирийн иргэдийн боломжийг хулгайлсан хэрэг явдал зөвхөн нүүрсний гэх асуудлаар тогтохгүй болохыг сануулж буй явдал юм.

Алт олборлолт, үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг харахад, алт тушаалт буурч, дийлэнхийг нь хууль бусаар хил давуулахад, 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль,  алтны олборлолтын хэмжээ зэрэг хүчин зүйлс  нөлөөлж ирсэн байдаг.  Тухайлбал, 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол  2010 онд 2.1 тонн болтлоо буурч байв. Тэр үед алтны ханш өсөлттэй байсан ч олборлосон алтны дийлэнхийг  хууль бусаар гаргачихсан тухай асуудал яригдаж байсан билээ.

Алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх хүрээнд 2010-2017 оны хооронд улсын орлого болж хураагдсан нийт алтыг одоогийн ханшаар тооцоход  39 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Тэгвэл  илэрсэн нь л энэ болохоос онгоцоор тээвэрлэсэн, хил гаалийнхантай үгсэн тохиролцож, хуйвалдан гаргасан нийт алтны хэмжээ болоод үнийн дүн хэдээр хэмжигдэх бол гэсэн асуулт яах аргагүй анхаарал татна.

Өнгөрсөн жилүүдэд алтны нийлүүлэлтийн сүлжээ  зайлшгүй яригдах ёстой сэдэв байсаар ирсэн.   Алт Монголбанкинд хүрснээр нийлүүлэлтийн сүлжээ албаных болж ойлгогдох ёстой ч, компаниуд өөрсдийн нэр дээр тушаахаас зориудаар татгалздаг хандлага байсаар ирсэн. Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ албажсан, худалдан авалт хуулийн хүрээнд хийгддэг, татварын нэгдсэн тогтолцоо бүрсэн байх зэрэг нь гол асуудал болохыг зөвлөж байсан.

Түүнчлэн бичил уурхайчдын олборлосон алтны нэг хэсэг нь сум, аймгийн ченжүүдийн гарыг дамжин Монголбанкинд ирдэг бол нөгөө хэсэг нь хууль бус худалдаачдаар дамжиж буй талаар хэлж ярьж байсан.

Өмнө нь Төв банкны алт худалдаж авдаг ганцхан цэг нь Улаанбаатарт байсан  нь дундын ашиг ологчдыг төрүүлж ирсэн гэх шүүмжийг дагуулдаг байсан бол одоо Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс алт худалдан авч байгаа. Энэ оны эхнээс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд Монголбанк 19.9 тонн үнэт металл худалдан авсны 4.1 тонныг нь орон нутгийн дээрх хоёр хэлтэс худалдан авсан байгаа юм.

Монголбанкны хувьд,  алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг  нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Валютын нөөцөө импортын худалдан авалтаар гадагшаа урсгачихдаг манай улсын тухайд алтны салбарын бодит нөөц боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа талаар эдийн засагчид шүүмжилдэг. “Алт” нэг, хоёр гээд хөтөлбөрүүд зарлаад байдаг ч аймаг орон нутаг нь, төрийн байгууллагууд нь алтны компаниудын үйл ажиллагааг боомилдог талаар хэлж ярьдаг.

Дашрамд тодотгоход, Засгийн газар  “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг өнгөрсөн аравдугаар сард баталсан. Нэр бүхий эдийн засагчдын зүгээс валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжит гарцуудын эхэнд алтны экспортыг онцолдог. Эдийн засагч Ө.Ганзориг  “Манайд шууд онгоцоор тээвэрлэж болох овор хэмжээ багатай хэрнээ экспортын орлогыг нэмэгдүүлж, ам.доллар оруулж ирэх боломжтой зүйл юу вэ гээд аваад үзэхээр алтыг жишээ татаж хэлэх байна” гээд  Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрыг алтны салбарт фокуслах хэрэгтэйг өнгөрсөн хавар сануулж л байсан. Гэсэн ч түрүүн дурдсанчлан энэ салбар цэвэр эдийн засгийн агуулгаар үйл ажиллагаа явуулахад тулгардага асуудлууд бий.

Түүнчлэн  цаг хугацаа,  эдийн засгийн боломжуудаар энэ салбарыг шахах тусам дагаад алтны хулгай хэлбэрээ өөрчлөн, давтагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 11

Mongoloos yah aragvi alt hulgaildag hvmvvs bol .SVG.Batboldiin zalilangiin BROUGOLDOOS shaasan 12 tonn alt.Halzan ganboldiin bankanaas shunii tsagaar.Lobndon luu ajuulsan 4.4 tonn alt.TS.Elbegdorjiin huviiin nuuts altanii ord.N.Bagabanidiin Ouytolgoigoos Hariihantai niilj hulgailj baigaa bolomjiig ni olgoj baiga alt ene bvged jiriin asuudal bishee.Mongolchuud Neptee ALtaa Nvvresee.Uranaa hayanah bolson hulgaichidtai hatuu temtsej baildah bolson.Bas ildev tsali mehnii huvitsaanuudiig huraaj ord vildver bayalgaa bvgediig ni irgvvlen avah bolson.ALALTSANA TA NARTAI .

0  |  0
Top