ДУНДГОВЬ: 49 өрхөд "Чип багц" гардууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08
2022 оны арванхоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Пипл ин Нийд Олон Улсын Төрийн бус байгууллагын Суурин төлөөлөгч Б. Мөнгөнхишиг болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл Ин Нийд төслийн гишүүд, “Өнө Монгол Гэр” ХХК-ний төлөөллүүд Дундговь аймагт ажиллаж, Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн тус бүр нь 3,2 сая төгрөгийн үнэ бүхий ЧИП багцыг 49 өрхөд хүлээлгэн өглөө.
 
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол Улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол болон олон улсын инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн энэхүү төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачилгаар Дундговь аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
 
 
Тус ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах хугацаандаа “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвд байршилтай “ЧИП гэр мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох мөн ЧИП багцын технологийн шийдлийг хэрэглэгч өрхийн гишүүд болон орон нутагтаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжит жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл, сургалт хийх, Сайнцагаан сумын цэцэрлэгүүдэд байршуулсан жижиг оврын дотор агаарын чанар хэмжих төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байгаатай танилцах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
 
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр говь нутагт нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэж буй тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан өмнөх уулзалтын үр дүн бодит ажил болж байгаад талархал илэрхийлээд цаашид уг арга хэмжээг өргөжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top