-Өргөн хэрэглээний барааны үнэ 42.1 хүртэлх хувиар өсжээ-
Монголчуудын амьдралд энэ цаг үед хамгийн их тулгамдаж, амьжиргааны чанарт нь нөлөөлж буй зүйл бол "Нүүрсний хулгай"-н асуудал биш. Гэхдээ ирээдүйд гэрэл гэгээтэй нийгэм, шударга ёсыг тогтоохын тулд хулгайчидтай тэмцэх нь зүйн хэрэг. Харин яг өнөөдөр иргэдийн амьдрал ямар байна вэ гэдгийг дүрсэлбэл “Ахынхаа хүрмийг нөмөрч, эгчийнхээ гутлыг өмсөж, дүүгийнхээ цүнхийг үүрч” өдөр хоногийг аргацааж буй мэт л байна. Өнөө маргаашаа аргацааж амьдарч байгааг томоохон худалдааны төвүүдээр явж, өргөн хэрэглээний барааны үнийг судалж, иргэдийн худалдан авалтыг харж зогсохдоо илүү ихээр мэдэрч байлаа.
Бид 12.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорин очлоо. Хүний хөл сийрэг, иргэдийн худалдан авалт бага, орлого тааруу байгаа нь худалдагчдын уулгамчаар хүлээж авах хандлагаас ажиглагдав. Хүнсний ногооны үнэ асуухаар тус лангуун зүг очиход худалдагч нар гадаа үүдэндээ хүний бараа харан, бусдаасаа өрсөж “За юу авах вэ, асуугаарай” хэмээн ам уралдана. Төмс, манжин, луувангийн үнэ асуух зуур 70 эргэм насны эмэгтэй “Нэг төмс, сонгино авъя” гэв. Худалдагч “Нэг, нэг кг-ийг авах уу, Та” гэхэд “Миний хүү нэг, нэг ширхгийг авна аа” гэж хариулав. Түүний авсан ногоо 250 төгрөг болсон бөгөөд задгай тавь, зуут гаргаж яг тааруулж өгөв. Тэр халааснаасаа даавуун тор гарган ногоогоо авч хийгээд, таягаа тулсаар ийш тийш харан удаанаар явж одов. Түүнтэй хэсэг хором ярилцмаар байсан ч тэгж зүрхэлсэнгүй. Иргэдийн амьдрал улам л уруудсаар, өргөн хэрэглээний бараа он цагтай уралдаж өссөөр байгааг энэхүү сурвалжилгаараа хүргэж байна.
МАХНЫ ҮНЭ НЭГ САРЫН ХУГАЦААНД 1500-2300 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ
Хямдыг бодож, олноор зорин очиж үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Барс”, “Бөмбөгөр” худалдааны төв болон “Номин” сүлжээ дэлгүүрээр орж өргөн хэрэглээний барааны үнэ, ханшийг Нийслэлийн статистикийн газрын нэг сар, жилийн өмнөх судалгаатай харьцууллаа. Зах зээлд мах худалдаалах хамгийн том цэг болсон “Хүчит шонхор” захын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бууралтыг доорх хүснэгтээс харна уу.
Дээрх хүснэгтээс харахад үхрийн ястай болон цул мах өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1500-2300 төгрөг буюу 11.7-17 хувиар өссөн бол адууны ястай мах 1000 төгрөг буюу 11 хувиар өсжээ. Харин савласан сүү өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 200 төгрөг буюу 5.3 хувиар өссөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1100 төгрөг буюу 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл ургамлын тос өмнөх сарынхтай харьцуулахад 1000 төгрөг буюу 11 хувиар өссөн бол өмнөх онтой харьцуулахад 42.1 хувиар өсжээ. Тэгвэл махны үнийн талаар “Иргэдийн худалдан авалт муудсан. Хөдөө орон нутгаас ирсэн хонины махыг бид 5500 төгрөгөөр бөөндөж аваад 8500 төгрөгөөр борлуулдаг.
Өнөөдөр гэхэд хонины гулууз 10-ыг авсан. Борлуулалт тааруу байна. Хэрвээ өдөртөө зарж дуусахгүй бол цайны газарт зээлээр өгчихдөг юм. Малчид махаа боломжийн үнээр бөөнддөг” гэдгийг “Хүчит шонхор” захын махны худалдагч Т.Оюунцэцэг онцолж байлаа.
ИРГЭН С.БАТ-ОЧИР: ҮНИЙН ӨСӨЛТ ТЭТГЭВРИЙН НАСНЫХНЫ “СЭТГЭЛ ЗҮЙ”-Д ХҮНДЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА
Үргэлжлүүлэн “Барс-1” худалдааны төвийг зорилоо. Тус төвд “Алтан тариа” дээд гурил 2300 төгрөг байсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 800 төгрөг буюу 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин цагаан будааны үнэ өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 500 төгрөг буюу 12.5 хувиар өсжээ.
Өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн талаар тус захаас худалдан авалт хийгээд гарч буй С.Бат-Очироос тодрууллаа. Тэрбээр “Манайх ам бүл олуулаа. Хотын төвөөс зайдуу лагерьт амьдардаг. Хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Жишээлбэл, би дөрвөн хоногийн өмнө ирж хонины мах 8800 төгрөгөөр авсан. Гэтэл одоо 9800 төгрөг болчихсон байна. Мөн гурилан бүтээгдэхүүний үнэ хоногт л 200-300 төгрөгөөр нэмэгдээд байх юм. Миний хувьд долоо хоногийн хүнсний хэрэглээнд 300-400 мянган төгрөг зарцуулдаг. Үнийн өсөлт тэтгэврийн насныхны сэтгэл зүйд хүндээр нөлөөлж байна” гэв.
“АТАР” ТАЛХНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 32 ХУВИАР ӨСЖЭЭ
Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд лууван, манжин, байцай өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 500 төгрөгөөр өсжээ. Харин элсэн чихрийн үнэ өмнөх сараас 500 төгрөг буюу 14.2 хувиар өссөн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл “Атар” талхны үнэ өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар өсжээ.
Томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч гурилны үнэ килограмм тутамдаа 650 хүртэлх төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, “Номин” сүлжээ дэлгүүрт нэг килограммын 1-р гурил Алтан тариа 2499, Хурх 2599, Улаанбаатар 2199 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа юм. Харин төмс 1249, лууван 2099, байцай 1899, манжин 2799, сонгино 2499 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл тус дэлгүүрийн өргөн хэрэглээний барааны үнийг өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад ургамлын тос, гурил, мах, будаа, хүнсний ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байлаа. Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурил нь үйлдвэрээс ирэх тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэн ирж байгаа аж.
Б.Оюунжаргал Л.Хонгорзул
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )