М.Наранчимэг: “Монголын нууц товчоо”-ны үг бүрийг судалж тайлж болно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Монголын Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүл зүйн багш, доктор, профессор Мөнхөөгийн Наранчимэгтэй ярилцлаа.


Тэр үед шинжлэх ухаан өндөр түвшинд хүртэл хөгжөөгүй байсан ч гэлээ сэтгүүлзүйн эхлэл тавигдаж, мэдээ баримтыг бичиж үлдээсэн байна. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээл дор “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”  ном гаргасан. Түүндээ “Монголын нууц товчоо”-г судалсан монголын төдийгүй дэлхийн бүх эрдэмтдийн бүтээлийг багтаасан. Түүнээс харахад “Монголын нууц товчоо”-г бүтээсэн өв бол найман зууны тэртээх их  гүрнийг Чингис хаан тусгаар тогтнолыг нь олуулсан, дэлхий ертөнцийн, дотоод, гадаад дахь хямралыг төвшитгөн тогтоосон. ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын үнэт өв хэмээн бүртгэсэн, “Монголын нууц товчоо судлал” гэсэн монгол судлалын биеэ даасан томоохон салбар ухаан хөгжиж байна. Энэ нь нэг талаас  түүх бичлэг, нөгөө талаас дандаа баримтад тулгуурласан учраас сэтгүүлзүйн бүтээл юм.

Ингэж олон талаас нягталж, судалсан учраас “Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал болох нь судалгааны  ажил маань  докторын зэрэг хамгаалах бүтээл болж чадсан. Тэр зорилгоо биелүүлж, ард нь гараад  эрдэмтэн судлаач нэрийг зүүж, өнөөдрийг хүртэл багш, сурган хүмүүжүүлэгчийн ажилд зүтгэж яваа минь өнөөдөр өөртэй чинь уулзуулж, өдөр тутмын сониноор дамжуулан олон түмэнтэйгээ учран золгож, ярилцлага өгч байгаа нь  бахархалтай сайхан  байна.

-Энэ жил Чингис хааны музейтэй болсон нь олон талын ач холбогдолтойг салбар, салбарын эрдэмтэд дүгнэж байх шиг байна. Та юу гэж үзэж байна?

-Монгол Улс Чингис хааны музейтэй болж, Монгол бахархлын өдрөөр нээлээ. Их хааныхаа эш хөргийг албан байгууллага, айл өрх бүр хоймортоо залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч хэрэгжлээ. Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулагдлаа. Чингис хаан одонг  хоёр эрдэмтэнд хүртээсний нэг нь “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч эрдэмтэн Жэк Уэтерфорд байсан зэрэг түүхэн үйл явдлууд ар араасаа өрнөлөө.

Музей байгуулна гэдэг судалгаа талаас ч,  соён гэгээрүүлэхүйн талаасаа ч, нөгөөтэйгүүр эдийн засагт аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэхчлэн олон талын ач холбогдолтой. Гэхдээ хэт  материаллаг  байдалд анхаарах бус монгол хүн бүр дотогшоо сэрж, сэхээрч, Чингис хааныхаа үлдээсэн өв соёл, бахархлыг өндөрт өргөж, судалж шинжилж амьдрал практикт хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлж, өөрийгөө хөгжүүлж өөдөө дээшээ байгаасай. Ингэж чадвал улс орон маань жинхэнээсээ мандан бадрах болно.

 

Т.БААСАНСҮРЭН: НИЙТЛЭЛИЙН БИЧЛЭГИЙН СОНГОДОГ БИЧВЭР 171 БАЙГААГ ТОГТООЖЭЭ

Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор

“Монголын нууц товчоо”-г нийтлэл зүйн талаас нь судлахыг хүссэн судлаачдын хүрээ нэмэгдэж хүрээгээ тэлсэн юм. Энэ үеэс “Монголын нууц товчоо” судлалаар сэтгүүлзүйн салбарт нэг эрдэмтэн төрүүлэх бодол тархи толгойноос салахаа больсон юм. Тэр хүн нь миний шавь М.Наранчимэг болж таарсан. Шаргуу, маш тэвчээртэй ажиллаж байгааг нь хараад баярлах сэтгэл төрдөг байлаа. Ахин дахин засч уйгагүй суусан даа. Шинэлэг санаа нэг бусыг дэвшүүлсэн. Ганцхан жишээг хэлье.

“Монголын нууц товчоо”-нд сэтгүүлзүйн төрөл, зүйлийн шалгуурыг яв цав хангаж байгаа 54 ширхэг мэдээ, уг жанрын шинж тэмдгийг өөртөө агуулсан атлаа бусад зүйлийн элементүүдтэй холилдсон бичвэр 63 байна. Ярилцлага 22 ширхэг, уг жанрын бусад элементүүдтэй нийлж нэгдэж холилдсон бичвэр 12 ширхэг байна. Сурвалжилсан тэмдэглэл 10 ширхэг, түүнтэй холилдож нэгдсэн бичвэр 15 байна.      Тэмдэглэл 69 байна, түүнээс улбаатай бусад бичлэгийн зүйлтэй сүлэлдсэн бичлэг 20 байна. Өгүүлэл 11, захидал харилцааны мэдээ тав, холилдсон нь хоёр  байна. Тайлан хэлбэрийн мэдээ бас байна гэдгийг М.Наранчимэг баталж нотолжээ. “Монголын нууц товчоо”-нд нийтдээ нийтлэлийн бичлэгийн сонгодог бичвэр 171, жанр холилдож сүлэлдсэн бичвэр 111 байна гэдгийг тогтоожээ. Нийлээд “Монголын нууц товчоо”-ны 282 зүйл болж байгаа юм. Энэ бол маргахын аргагүй том амжилт, нүсэр их хүч хөдөлмөр, олон талын судалгаа шинжилгээний нэгдсэн үр дүн мөн.

Тэр “Монголын нууц товчоо”-г судалж шинжилсэн дотоод, гадаадын эрдэмтдийн холбогдох 255 ном зохиолыг уншиж харьцуулан судалж, нэгтгэн дүгнэж байж ийм үнэлэлт дүгнэлтэд хүрсэн байна. Түүнийхээ үр шимийг хүртэж “Монголын нууц товчоо”-гоор докторын зэрэг хүртсэн монголын анхны эрдэмтэн боллоо. Ийм хувь заяа хэр баргийн хүнд тохиохгүй ээ. Монголын сэтгүүлзүйн онол практик шинэ санаагаар баяжиж байна.

Л.НОРОВСҮРЭН: “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” СУДЛАЛД НЭГЭН ШИНЭ САЛАА МӨЧИР НЭМСЭН 

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

“Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал болох нь сэдвээр сэтгүүл зүйн докторын зэрэг хамгаалсан миний шавь М.Наранчимэг нь хэн хүний барьж аваад байдаггүй чухал сэдвийг сонгон авч, удирдагчдынхаа санал зөвлөгөөг тусган, арвин дэлгэр эх хэрэглэгдэхүүнийг ашиглаж үнэхээр зүтгэл чармайлт гаргаж энэ сэдвийг боловсруулсныг тэмдэглэн хэлье.

Доктор М.Наранчимэг “Монголын нууц товчоо” нийтлэлийн дурсгал гэж үзэхийн тулд эхлээд нийтлэлийн онол, түүнд тавигдах шаардлага, хамрах хүрээг үндэслэл сайтай тодорхойлж, тэрхүү онолын шаардлагыг “Монголын нууц товчоо”-ны өгүүлэмж хэрхэн хангаж байгааг шинжлэн судалсан. XIII зууны Монгол орны улс төр, нийгмийн амьдралын тусгал энэхүү “Монголын нууц товчоо” мөн болохыг том агуулгаар нь харж, дараа нь түүнийгээ нийгэм-улс төрийн амьдрал, улс төр засаг захиргаа, харилцаа холбоо, мэдээллийн тогтолцоо гэж авч үзэн бусад эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, нууц товчоон дахь мэдээ мэдээлэл, нийтлэл-уран сайхны бичлэгийн зүйлс гэх мэтээр задлан шинжилсэн юм. Өөрөөр хэлбэл, судалгаагаа ерөнхийгөөс тусгай руу шилжих замаар хийж, түүнээс гаргасан итгэл үнэмшлээрээ нэгдсэн дүгнэлт хийсэн нь арга зүйн хувьд зөв зүйтэй гэж үздэг.

Монгол судлалын бие даасан томоохон судлагдахуун болж, хүн төрөлхтний соёлын үнэт өв хэмээн бүртгэгдсэн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт дурсгалыг доктор М.Наранчимэг нийтлэл мөн гэж эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолын түвшинд анх удаа зориглон туурвисан, ингэснээрээ сэтгүүл зүйн судалгааны салбарт цоо шинэ зам мөр гаргасан төдийгүй “Монголын нууц товчоо” судлалд нэгэн шинэ салаа мөчир нэмсэн гэж болно.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинзочин(66.181.161.54) 2022 оны 12 сарын 22

Зөвүү тавуу подкаст дээр Чингисийн үeийн бүх үйл явдлыг онгодууд буугаад бичсэн ярьсан бгаашүү....юун доктор вэ

0  |  0
Top