Монгол ёс: Гал голомтоо дээдлэх ёсон

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12


Айл гэрийн ариун нандин, хүндэтгэлт ёсийн нэг нь гал голомт юм. Асаж бадарч, илч гэрлээ түгээж, хоол цайгаа болгодог, тойрч суугаад жаргал зовлонгоо хүүрнэдэг голомт гэгч эцэг дээдсээс уламжтай, ээж аавын ариун дагшнаар нь үр хойчдоо өвлүүлдэг эрхэм сайхны нэг тул өрх гэрийн шүтээн төдийгүй өөдлөн бадрахын бэлгэдэл, улмаар төр улсын үндэс юм.

-Голомтон дээгүүр алхдаггүй. Галын бурхан хилэгнэдэг, муу ёр дуудлаа гэдэг. Гал дээр ус, сүү асгаж дусаадаггүй, сонгино, саримс, шувууны өд сөд галд оруулахыг эрс цээрлэнэ. Шувуу гэгч тэнгэрийнх, саримс, сонгино нь үнэрээ барагдтал амьтай гэж үздэгээс тэр болой.  Галд элдэв хог, бохир зүйл хийдэггүй, үзүүртэй хутга мэтээр галаа хутгадаггүй, нулимахыг хатуу цээрлэнэ. Голомт гэгч бурхан шүтээн лугаа адил хүндтэй учир хараах, өшиглөх нь хориотой.

-Галдаа сархдын дээж, нүнжигтэй өөх тос өргөдөг нь мялааж буй хүндэтгэл ёс юм.

-Галын садан бол дэн юм. Тиймээс дэнгийн гэрэлд хурьцал үйлддэггүй, түүнийг үлээж унтраадаггүй, аяндаа бөхөж дуусах учиртай.

-Шинийн нэгэн, шинэ айлын галыг хуучин галын цог, цучлаас юмуу, өөр хүнээс шүдэнз, хэт мэтийг авч асаадаггүй, ээж аавынхаа галаас таслан авч асаадаг бүлгээ. Эцгийн гэрийн гал нэн хүндтэй, үр сад нь залган авч явдгийн учир тэр буюу.

-Зуух, тулгыг доош харуулж болохгүй. Оймс, өмд зэргийг дэргэд нь байлгадаггүй.

-Тулгын гурван чулуу гэж хүндэтгэлт зүйл бий. Ганц чулуу тавивал /голомтны шав тавих/ өнчрөл дуудна, гурваас илүү чулуу тавиваас задрал бутрал болно хэмээж яг гурван чулуу тавьдаг заншилтай.

-Тооно бол голомтны дээр байдаг тул хэлтийлгэх, хазайлгахыг цээрлэж, тэгш сайхнаар барих ёстой. Мөн чагтагыг буян хишиг бэлгэдэж унинд хавчуулахдаа өлзий хээ, уурга, ходоод хэлбэрийн дүрс гаргана. Гэрийн сүлд хийморь тоононд байдаг тул нүүдлийн үед ачаан дээр зөв даруулан, гарынхаа хөсгөнд авч явах ёс буй.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top