Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дэх улс төрийн СҮҮДЭР

2022 оны 12 сарын 26

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг   УИХ-ын  чуулганы хуралдаанаар  эцэслэн батлаад байна. Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтохын зэрэгцээ, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх олон талын ач холбогдолтой гэж Засгийн газраас мэдэгдсэн. 

Олон улсын бараа, түүхий эдийн биржүүдийн үүх түүхтэй харьцуулахад, бид гараанаас оройтож гарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах хэрэгтэй талаар арав гаруй жил ярьцгаасан ч эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хуулийг энэ онд л баталлаа. 

Гаднын жишгийг харахад, 1990-2000 онд биржийн хөгжлийн түүхэнд шинэ үе эхэлсэн байдаг. Япон, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Иран, Өмнөд Африк болон Бразил зэрэг орнуудад бараа, түүхий эдийн биржүүд нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ хэлцлийн тоо эргэлтийн хэмжээгээр АНУ болон Европын биржүүдийн дараа орж байв. 

Олон улсын томоохон бараа бүтээгдэхүүний биржүүдийн дотор арилжаа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэлэлцэл болон хэрэглэгчийнхээ тоогоор “уул уурхайн бирж” нь томоохон байр суурийг эзэлсээр иржээ. 

Түүнчлэн дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний топ  биржүүдийг дурдвал, Лондонгийн металлын бирж,  Чикагогийн барааны бирж, Нью-Иоркийн металлын бирж, Шанхайн металлын фьючерийн бирж, Австралийн барааны фьючерийн бирж зэргийг нэрлэх юм. 

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Африкийн орнуудад бараа, бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх алхмуудхийгдэж, хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа ч Хятад болон Азийн бусад орнуудтай харьцуулахад хөгжлийн явц удаашралтай, зөвхөн дотоодын уул уурхайн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулж иржээ. 

Биржүүдийн нөхцөл байдлыг харахад, Засгийн газар нь биржийн үйл ажиллагаанд хязгаарлагдмал байдлаар оролцох нь зүйтэй байгааг олон улсын туршлага харуулдаг. 

Хөгжиж байгаа улс орнуудын хувьд Засгийн газар нь биржийн эрхзүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах, биржийн арилжаанд гишүүн хэлбэрээр оролцож, арилжааг эрчимжүүлэх зэргээр оролцож болдог.

Харин биржийн үйл ажиллагаанд нөлөөлөх замаар зах зээлийн үнэд өөрчлөлт оруулах, биржийн удирдлагын эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, биржийг улс төрийн үйл ажиллагаанд татан оруулах зэргээр Засгийн газрын оролцоо оролцохыг хориглодог. Энэ чиглэлээр оролцох нь биржид томоохон эрсдэлүүд дагуулдаг.

Тэгвэл УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт,  БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛГО гэсэн хэсэгт:

Бирж байгуулах, биржид тавигдах шаардлагыг дараах байдлаар зохицуулжээ. 

5.1. Бирж нь төрийн өмчит компани хэлбэртэй байх бөгөөд биржийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.

5.2. Биржийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална. Дүрэмд дараах зүйлийг заавал тусгана:

5.2.1. биржийн дотоод хяналт, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны эрх, үүрэг;

5.2.2. уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн эрх, үүрэг.

6 дугаар зүйл. Биржийн удирдлага

6.1. Биржийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

6.2. Биржийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, биржид хувь нийлүүлсэн бусад этгээд байна.

7.1. Биржийн төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

7.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно гэхчлэн тусгажээ. 

Тэгэхээр манай тухайд уул уурхайн биржийг улс төрөөс хараат бус байлгах боломж эрх зүйн орчны хувьд хаалттай гэсэн үг. 

Сануулахад, УУХҮЯ-ны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн тодотгож байсан. 

Манай тухайд эрдсийн олон улсын худалдаанд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчныг бий болгох асуудал арав гаруй жилийн өмнөөс тавигдсан. Энэ онд ийнхүү эрх зүйн орчныг нь бүрдүүлэн  хууль баталсан ч улс төрийн нөлөөлөл нь өмнөх жишгүүд шиг бохир байх вий гэсэн асуудал анхаарал татаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 27

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА

0  |  0
Top