Монголчууд эрт үеэс шинэ оноо өр төлбөргүй гаргахыг хичээсээр ирсэн. Гэвч хотын захын хүнсний дэлгүүрийн “өрийн дэвтэр”-т нэр нь “хадаастай” он дамжин шинэ оноо угтах айлууд олшроод удаж буй. Дахиад хэдэн жил өнгөрсөн ч энэ байдал дээрдэхгүй байх магадлалтай. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “Дэлхий дахинд цар тахал үргэлжилж, дайн тулаан дэгдэж, геополитикийн ээдрээтэй байдал даамжирч, хүнсний хомсдол, үнийн өсөлт, хил боомтын хүндрэл гээд олон арван бэрхшээл, сорилт нүүрлэсэн амаргүй нэгэн жилийг хүн төрөлхтөн үдэж байна” хэмээн зовлон тоочсон.
Энэ онд илүү хүндрэх аюултайг ч эдийн засагч, судлаач нар хэлж буй. Өдөр ирэх тусам иргэдийн амьдрал уруудаж, өрийн дэвтэр зузаарч байгаа талаар энэ удаагийн сурвалжилгаар хүргэж байна.
“60 хуудастай дэвтэрт 2-3 сарын хугацаанд өр бичээд дүүрчихдэг” гэв
Чингэлтэй дүүргийн Зүрх уулын нэгэн гудамжны үзүүрт байрлах “Оргил маркет” дэлгүүрт 12.00 цагийн үед ирэхэд худалдагч, бараа түгээгчээс өөр хүнгүй эл хуль байлаа. Бараа түгээгч залуу шинээр гарсан бүтээгдэхүүнээ танилцуулж, захиалга авахыг хичээх ч худалдагч “Дэндүү том савлагаатай юм аа” гэсэнд түгээгч “Тэгвэл жижгээр гарвал дахиад ирнэ ээ” гэсээр явав.
Тус дэлгүүр үйл ажиллагаа явуулаад таван жил болж буй. Тиймээс таньдаг хүмүүстээ зээл өгдөг. Харин сүүлийн үед өрийн дэвтэр нь анхааруулах тэмдгээр дүүрч байгааг онцолсон юм. Учир нь өрөө өгөөгүй удсан хүмүүсийг анхааруулах тэмдгээр тэмдэглэдэг аж. “Оргил маркет” дэлгүүрийн худалдагч “60 хуудастай дэвтэр гаргаад 2-3 сарын хугацаанд өр бичээд л дүүрчихдэг. Сая шинэ жилийн баяраар хүмүүс зээлээр бараа бүтээгдэхүүн өгөөч гэж их гуйсан. Зээл авсан хүмүүс нь өмнөх өрөө өгч чадахгүй байгаа учраас дахиж зээл өгөхгүй байгаа. Өдөрт маш олон хүн зээл өгөөч гэж гуйж орж ирдэг ч манай дэлгүүр тэр болгон хүнд өгдөггүй. 5-10 мянган төгрөгөөр зээл авдаг ч энэ мөнгөнд хэдхэн ширхэг бараа очдог. Үнийн өсөлт тамтаггүй байна.
Хамгийн их үнийн өсөлттэй өргөн хэрэглээний бараа боорцог, гурилан бүтээгдэхүүн байна. “Атар” талх хүртэл гарын атгад багтах хэмжээтэй болчхоод үнэ нь дийлдэхээ байлаа. Үнэ нэмэгдлээ гээд иргэд талхаа авахаа больж чадахгүй шүү дээ. Өмнө жилийн өдийд “Атар” талхыг 1300 төгрөгөөр зардаг байсан бол одоо 2000 төгрөгөөр үйлдвэрийнх нь үнээр манайх зарж байна. 50 төгрөг ч нэмдэггүй. Гурилан боов, боорцгийн үнэ тус бүр 2000 төгрөгөөр нэмэгдсэн.
Хоёр жилийн өмнө хоёр килограммын боорцог зарахад иргэд авдаг байсан бол одоо огт авахгүй, асуух ч үгүй байгаа. Одоо том шуудайтай, том савлагаатай бүтээгдэхүүнээс авахаа больсон. Дан л жижиглэнгийн, бага хэмжээтэй бүтээгдэхүүн сонгон авч худалдаалж байна. Иргэд бидэнд учиргүй уурлахгүй “Долоо хоног бүр барааны үнэ өсөөд арай даварчихсан юм аа” л гэдэг юм. “Газар шим” ХХК оны өмнө үнээ огцом нэмж 4000 төгрөгөөс доош шилтэй бүтээгдэхүүн байхаа больж, MCS хүртэл нэгдүгээр сарын 1-нээс нэмчихлээ. Манай дэлгүүр коронавирус халдварын өмнө бараа бүтээгдэхүүнээ 20-25 хувиар нэмдэг байсан. Харин халдвар гарснаас хойш 15 хувь нэмдэг боллоо. Үнийн өсөлт огт зогсохгүй байна. Цаашдаа өссөөр байх дүр зурагтай байгаа” гэсэн юм. Сүүлийн саруудад талх 2000 төгрөгөөс, 750 граммын савлагаатай нарийн боов 5000 төгрөгөөс буухаа больсон байна. Үнэ өсөхийн хэрээр худалдан авалт багасаж байгаагийн ард хэдэн хүүхэд гэртээ бүртэлзэж, гэдсээ тэвэрч суугаа бол.
Зээл өгч, авдаг тулдаа л өдөр хоногийг залгуулж байна гэв
Бид тус дэлгүүрээс гарч дахин хойшилж үзвэл хаяг нь нэлээд гандсан, олон жил ажиллаж байгаа болов уу гэмээр нэгэн дэлгүүртэй таарлаа. Тус дэлгүүр мөн л хүнгүй, худалдагч утсаа оролдон сууж байлаа. Түүнийг М.Цогзолмаа гэдэг. Тэрбээр “Зээл өгөлгүй яах вэ. Хүмүүс зээл авч, өгдөг тулдаа л амьдарч байна. Бид ч ялгаагүй. Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө буух үеэр өрөө буцааж дарна. Ажил төрөл хийдэг хүмүүсийн цалин ч бараг орохгүй байгаа юм шиг байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсчихсөн болохоор иргэд багахан юм авахад л “талийж” өгнө. 20-30 мянган төгрөгт нэг л өдрийн хоолны материал авч байна. Өмнө жил манайх 20 “Атар” талх авдаг байсан бол одоо 10-ыг аваад ч зарим өдөр дуусахгүй үлддэг болсон. Өндөг баяраар л хэрэглэдэг тансаг хэрэглээ болсон” гэв.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр иргэдийн дундаж цалин 1.3-1.5 сая төгрөг. Энэ бол дундаж. Бодит цалин бол татвар шимтгэлээ хасаад 700-900 мянган төгрөг. Нэг гэрт 4-5 ам бүл байлаа гэхэд тэдний хоёр нь ажил хийсэн ч сарын хоол хүнсээ хангахад хүндрэлтэй болжээ. Тиймдээ ч иргэд ойролцоох дэлгүүрүүдийнхээ өрийн дэвтэрт бичүүлж өдрийн хоолоо залгуулах болсон байна.
Г.Туяа: Иргэд гурван талх авсан өдрөө хоолны материал авдаггүй
Хайлаастын эцсийн буудал дээр байрлах “Дулаан хайрхан” дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүрийг тэтгэврийн насны хоёр хөгшин 11 жил ажиллуулж байгаа аж. Тэгвэл тус дэлгүүрийн худалдагч Г.Туяатай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “Иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Зээл өгөхөөс өөр аргагүй байдаг. Тогтсон ажилгүй, хувийн байгууллагад ажил хийдэг хүмүүс нь цалин орохгүй байна, хүүхэд маань өлсөөд гэхээр нэмээд л зээл өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Гэвч зарим үед түүнийгээ буцааж олж авахад хүндрэлтэй байдаг. Учир нь манайх хотын зах учраас хөдөөгөөс хүмүүс ирж, явах нь элбэг. Тэр хүмүүс 1-2 жил дэлгүүрээр орж гарч, нэгнээ сайн таньдаг болж итгэл дээр минь тулгуурлаж зээл авдаг ч, өр зээлээ даралгүй нүүгээд явчихдаг.
Би дэлгүүр ажиллуулаад 11 жил болж байна. Монголчууд шинэ ондоо өргүй орчих юм сан гэж их хичээж дарах л юм. Гэхдээ үнэхээр цалин мөнгө нь хаанаа ч хүрэхгүй хүмүүс зээлийн үлдэгдэлтэй гаргахаас өөр яах билээ. Иргэд хоол хүнсээ хоног хоногоор л залгуулж авдаг. Жишээлбэл, нэг ширхэг сонгино, хоёр ширхэг төмс, тал байцай гэх мэтээр. Зарим өдөр гурван талх аваад явдаг юм. Тэр өдрөө дахиж орж ирдэггүй. Тэгэхээр түүгээрээ өдөр хоногийг аргацаадаг юм шиг байгаа юм. Бараа, бүтээгдэхүүн тасраад ирэх бүрдээ нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд ногооны харьцангуй тогтвортой байлаа. Татвар бол манайх шиг жижиг дэлгүүрт үнэхээр дарамт болж байна. 2022 онд 2.5 сая төгрөгийг татварт төлсөн. Үүнээс гадна тог цахилгаан, хог хаягдлын хураамж гээд маш хэцүү байна” гэлээ.
Монголчуудын нэг хэсэг хүмүүсийн өдөр хоногийг залгуулах ганц аврал нь өрийн дэвтэр болжээ. Ийнхүү нэрлэсэн иргэдийн хүнсний зээлийн жагсаалт бүхий дэвтэргүй дэлгүүр гэж алга. Эрх баригчдын уудаг ганцхан аяга кофены мөнгөөр 4-5 хүн өдөр хоногийг аргацаан, зээл авч амьдарч байна. Хотын нэгхэн хэсгийн амьдралд хоёрхон цагийн хугацааг өнгөрүүлэхэд энд амьдрал ямар гундуу, иргэд ямар ядруухан байгаа нь харагдаж байлаа. Цалинтай хүмүүс нь өдөр хоногийг зээлээр аргацаан өнгөрүүлж байхад үүний цаана нийгмээс тусгаарлагдсан, зээл ч өгдөггүй хэчнээн мянган айл өдөр хоногийг хар ус, бор цайгаар өнгөрүүлдэг бол гэдгийг хэлж мэдэхгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Яах гэж барааны үнээ өөрсдөө дур мэдэн нэмээд байгаан хохь чинээ ядуу хүмүүс юугаа өгөх юм