Шинэ сайдуудын томилгоо хэмээн бичиж ярьж байгаа болохоос бус Х.Булгантуяа сайдаас бусад нь томилгооных нь тоо гүйцсэн хуучны хүмүүс аж. Учир нь өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд сайдуудын томилгоо хийсэн нь олны анхаарлын төвд байна. Тухайлбал, Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, Х.Булгантуяаг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар, Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар тус тус томилсон юм. Энд Боомтын сэргэлт хариуцсан сайдын орон зай байсан бол бусад салбар нь сайдтай ажиллаж байв.
Тиймээс Засгийн газрын энэхүү гэнэтийн шийдвэр нь олны анхаарлыг чамгүй татлаа. Урьд өмнө Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан бөгөөд өдгөө С.Амарсайхан Шадар сайдаар ажиллаж байгаа нь янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн болов уу. Тус томилгоо нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Засгийн газрын шинэ бүтцэд дүйцүүлэн, сайдуудынхаа “дээлийг давхарлалаа” гэж харж байгаа бол нөгөө талаас Засгийн газрын УИХ-д хүч нэмэгдүүлэх бодлого, тогтвортой ажиллах шийдэл гэж байна. Тэр ч бүү хэл шинээр томилогдоод буй зарим сайд нь Засгийн газрыг унагаах хэмжээний шантааж хийж байж сайдын суудалд очсон гэх яриа ч бий. Тэгэхээр шинээр томилогдсон сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг товчхон дурдъя.
Ч.Хүрэлбаатар “давхар дээл”-ээ нэмж давхарлав
Засгийн газарт давхар сайдын албанд очсон Ч.Хүрэлбаатарын хувьд бол төрийн өндөр дээд албанд олон жил ажилласан туршлага бүхий хүн гэж болно. УИХ-ын гишүүн болон давхар сайдын алба хашиж байсан түүх Монголын улс төрийн түүхэнд байхгүй л болов уу. Түр томилгоо бол байсан байх.
Тэрбээр ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, Австралийн Сидней их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Анх 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Эдийн засгийн сургуульд багш, Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайдаар дэвшин ажиллаж, улмаар 2008 оноос УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар нэг удаа, Сангийн сайдаар хоёр удаа, 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн сайдаар тус тус ажиллажээ.
Энэ үеэр Ерөнхий сайд “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангахад Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй” хэмээн дурдсан.
Засгийг “занаж” явсан Ц.Даваасүрэн сайд болчихлоо
Оны өмнөхөн Сангийн сайдаа сөрж, “Засгийн газрыг унагаах эсэх асуудал ярина” хэмээн “занаж” явсан Ц.Даваасүрэн хаа хамаагүй Барилга, хот байгуулалтын сайд болж, засгийг “занах” эрхгүй болж байна. Олны ярьж байгаа шиг шинэ сайдын томилгооны сураг сонссон байв уу, үнэхээр шаардлага байсан эсэхийг мэдэхгүй юм.
Түүний хувьд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг автоматикийн инженер, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер, Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн гэх намтартай. Тэрбээр 1989 оноос Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдохдоо Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа, Эрчим хүчний сайдаар нэг удаа сонгогдон ажиллажээ.
Ерөнхий сайд Ц.Даваасүрэнг томилох үеэр “Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ” хэмээсэн.
Х.Булгантуяаг жендэрийн тэгш байдал түшив үү!
Засгийн газрын шинэ бүтцэд сайдгүй явж ирсэн Боомтын сэргэлт хариуцсан үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар Х.Булгантуяаг томилсон. Түүний хувьд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, АНУ-ын Иелийн их сургуульд хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан аж. Намтрыг нь лавхан өнгийхөөр англи, орос, хятад, япон хэл тус тус эзэмшсэн гэх зүйл бий. Ажлын туршлагын хувьд “Бүтээлч шийдлүүд” компанид хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” компанид инженерийн албаны төслийн менежер, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” компанид Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Түүнийг томилсон шалтгаан нь “Сангийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна” хэмээн үзжээ. Нөгөө талаас жендэрийн эрх тэгш байдал, залуусаа дэмжих МАН-ын бодлого түшсэн болов уу.
С.Чинзориг чимээ гарсан зүгт яваад очив
Түүнийг хоёр нийгэм дамжиж, төрийн байгууллагад шат дамжин ажилласан жинхэнэ төрийн хар хүн гэж үздэг төдийгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар хоёр удаа томилогдож, дэд сайдаар найман жил ажилласан туршлага байгаа ч Эрүүл мэндийн сайд мөн үү биш үү гэх асуудал ярьж байна.
С.Чинзоригийн хувьд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. Ажлын хувьд 1986 оноос Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр эхлүүлж, 2000 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдаар томилогдох хүртэл аймагтаа Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга гэх мэт ажилласан. Харин 2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, МАН-ын Нийгмийн бодлого хөгжлийн газрын даргааар тус тус ажиллаж байгаад 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Ерөнхий сайд түүнийг томилох үеэрээ “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ” хэмээжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд хоёр бол яах аргагүй уялдаатай салбар учраас суурь тогтолцооны туршлага харсан биз. Гэхдээ сайдад удаа дараа томилогдсон С.Чинзориг чимээ гарсан зүгт зүтгэхээ мэднэ л дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ямар ч шийдэл гарахгүй ш дэ гарах байсан бол аль эрт гарах байсан